МАХН Тавантолгойг дэмжихгүй гэв

Хуучирсан мэдээ: 2015.04.30-нд нийтлэгдсэн

МАХН Тавантолгойг дэмжихгүй гэв

Тавантолгойн гэрээний төслийн асуудлаар өнөөдөр  МАХН-ын гишүүд болох УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Цог, Ч.Улаан, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар мэдээлэл хийлээ. Тэд Тавантолгойн гэрээний төслийн талаар мэдэгдэл гаргаснаа энэ үеэр мэдээлсэн юм.

Мэдэгдэлд:

“Шударга ёс” эвслийн бүлэг Тавантолгойн орд газрыг бүхэлд нь ард түмний мэдэлд шилжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байсан. Одоогийн яригдаж байгаа гэрээ нь Тавантолгойн орд газар хэн нь эзэн суух вэ гэдэг тэмцэл өрнөж байгаагаас биш ард түмэнд ашигтай зүйл огт алга. Ард иргэдэд илүү хүртээж, эрх мэдэлтнүүдийн оролцоог багасгах  гэсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлмэгдсэн. Хэлмэгдүүлэлт одоо ч үргэлжилсээр байна. Тавантолгойн төсөлд хөрөнгө оруулах гэрээг хэлэлцэх гэж буй энэ үед МАХН  мөрийн хөтөлбөртөө тусгасан дараах зарчмуудыг баримтлах болно.

  1. Тавантолгойн ард газар бүх ард  түмний мэдэлд байж, хувьцааг Монгол Улсын бүх иргэн эзэмших ёстой. Тиймээс төрийн мэдэлд байгаа бүх хувьцааг иргэдийн нэр дээр шилжүүлж баталгаажуулах.
  2. Тавантолгойн орд газрыг ашиглахдаа МУ-ын хууль тогтоомжид нийцүүлэн харилцан ашигтай, ард түмэндээ өгөөжтэй байхыг баримтлах ёстой.

УИХ-д өргөн бариад байгаа гэрээ нь МАХН-ын зарчмын байр суурийг хангаагүй байна. Тиймээс МАХН дэмжих боломжгүй. Тавантолгойн орд газрыг ашиглах тогтоолын төслийг хууль тогтоомжид нийцүүлэн, нийтлэг эрх ашгийг хамгаалан батлахыг уриалж байна” гэжээ.


МАХН-ын нэр бүхий гишүүдээс зарим асуултад хариулт авлаа.

-“Шударга ёс” эвслийн бүлэгт багтаж байгаа хоёр нам өөр өөр  байр суурьтай байна гэсэн үг үү?

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-М.Энхсайхан бол Монгол Улсын сайд. “Шударга ёс” эвслээс квотоор сайдын суудалд сууж байгаа.  Өнөөдрийн  гаргасан мэдэгдэл бол  МАХН-ын байр суурь. Тавантолгойн асуудал 2005 оноос яригдсан. Анх нийт ард түмэнд хувь эзэмшүүлнэ гэж ярьж байсан. Хүмүүсийн гар дээр байсан лицензийг цуглуулсан  үеэс  олигархууд өөрийн мэдэлдээ авах гэж улайрч эхэлсэн. Бид сонгуульд өрсөлдөхдөө л Тавантолгойн орд газрыг  ард түмэндээ эзэмшүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Одоо хувьцааны 20 хувь нь нь ноогдол ашиг гэж явж байгаа. Үүнийг өсгөх ёстой. Таван толгойн бүх ордыг эзэмшүүлэх гээд байгаа юм биш. Цанхийг  өгөх гээд байгаа юм. Ухаа худаг дампуурчихсан учраас Ухаа худаг, Цанхи  гэж орж ирж байгаа юм. Ухаан худгийг MCS компани Цанхитай хамт олборлоно гэж байгаа. Дампуурсан компанийн алдагдлыг үүгээр нөхөх гэж байна.  Эд нар төмөр замыг өмчлөөд авчихаар Монгол Улс  төмөр замыг түрээслэх хэжээнд хүрч байна. 20 гэр бүлийн эрх ашиг байгаа учраас маш их дайралт ирэх байх.

-М.Энхсайхан сайдын ахалсан Ажлын хэсгийн хийсэн гэрээг МАХН  хэрхэн дүгнэж байгаа вэ?

УИХ-ын гишүүн Л.Цог:

Тавантолгой Оюутолгойн араас орох гэж байна. Энэ орд Монголын ард түмний мэдэлд очиж чадахгүй хэмжээнд хүрэх вий гэсэн болгоомжлол надад байгаа. Би Засгийн газрын өмнө нь  өргөн барих гэж байсан хоёр төсөл, одоо өргөн бариад байгаа төслийг мэдэж  байгаа учраас ингэж хардаад байгаа юм.  Тавантолгойн орд газар одоо ашигтай ажиллаж байгаа. Гэтэл одоо л хөдөлгөх гэж байгаа юм шиг юм ярьж ард иргэдийг төөрөгдүүлж байна. Харин Тавантолгойн ордын  борлуулалтад гадны хөрөнгө оруулалт оруулж, борлуултыг тэлэх л асуудал  яригдаж байгаа. Харин үүний цоорхойгоор ямар хүмүүс орж ирэх гээд байгаа вэ гэдэг нь асуудал болоод байна. Тавантолгой төрийн мэдэлд байгаа гэдэг ч   хэд хэдэн заалтыг аваад хаячихсан. Нэг үгээр амьгүй албат шиг Тавантолгой гэдэг нэр зүүлгээд хажуугаар нь өөр хүмүүс орох гэж байна. Үүнийг бид анзаарах ёстой. Нөгөө талаараа Монголын төрийг ээлжлэн барьж байгаа хоёр нам сонгуульд ялахын тулд хувьцаа амалсан. Энэ хувьцааны хувь заяа их бүрхэг байна. М.Энхсайхан сайд “Тавантолгой их өртэй учраас хувьцаа гаргах эрхгүй” гэж ярьж байгаа. УИХ-ын шийдвэрийн дагуу аль эрт Хөрөнгийн бирж, Санхүүгийн хороогоор дамжаад хувьцаат компани байх ёстой байсан. Үүргээ биелүүлээгүй учраас өнөөдөр ийм байдалд ороод байна. Монголын ард түмэн хувьцаа эзэмшиж байгаа юм шиг хэрнээ, тэр нь хууль ёсных биш байна.

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

Эвсэлд байгаа хоёр намын байр суурь ялгаатай байна.  МАХН Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд   ороосой,  үр дүнтэй хэрэгжээсэй гэсэн байр суурьтай байна. Бид эдийн засгийн хүнд байдалтаа түүртээд бүх асуудлыг гаднаас хэн нэгэн хүн хөрөнгөө авч ирээд шийдчих юм шиг өнгөцхөн хандлагаасаа  татгалзах  хэрэгтэй. Бүх хүндрэл, бэрхшээлийг  өөрсдөө шийдэж, даван туулна.  Ямар ч үнээр хамаагүй гаднаас л хөрөнгө оруулж ирнэ гэж зүтгэж байна.  Үүнд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Эдийн засгийн болон үндэсний аюулгүй байдал талаас нь харилцан үр ашигтай байх хувилбарыг сонгох ёстой.  

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж