Youtube блогчин гэх шинэ мэргэжил бий болжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.02-нд нийтлэгдсэн

Youtube блогчин гэх шинэ мэргэжил бий болжээ

Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компанид жилийн 65 сая воны цалинтай ажлаасаа гарч, “Youtube”-ын блогчин болсон залуу тус улсын хөдөлмөрийн зах зээлд тулгараад буй асуудлын тод жишээ болжээ. Түүний жилийн цалин нь Өмнөд Солонгосын дундаж цалингаас гурав дахин их байв. Гэвч Юүн Чан Хён байнга илүү цагаар ажиллах, тушаал дэвших боломж бага дээр нь Сөүлд байрны үнэ нэмэгдсээр байгаа зэргээс шалтгаалан ажлаасаа гарахаар шийдсэн байна. Тэрбээр 2015 онд “Samsung Electronics” компанид судалгааны мэргэжилтнээр ажилд орсон аж. Өдгөө 32 настай Юүн Чан Хён тогтмол цалинтай оффисын ажил хийхээс илүү өөрийгөө шинээр сорьж, чөлөөтэй ажиллахыг хүсчээ. Тэрбээр Youtube” олон нийтийн сүлжээнд видео контент оруулж, өөрийгөө цалинжуулж байгаа нь түүнд илүү боломжийг олгосон хэмээн ярьжээ. Түүний адил бодолтой залуус нэмэгдсээр байгаа нь хөдөлмөрийн насныхны дунд ажилгүйдэл өсч, нөгөө талдаа гэр бүлийн удирдлагатай “чёбол” корпорациудад ажиллах хүчин дутагдаж эхэлсэн байна. Өмнөд Солонгосын залуусын дунд ажилгүйдлийн түвшин 2009 оноос хойш хамгийн өндөр хэмжээнд хүрчээ.

Учир нь шинэ үеийн залуус олон цагийн завгүй ажил, системтэйгээр уух соёл, хувь хүний өсч дэвжих боломж багатай корпорацийн ажлаас татгалзаж байна. Залуус стресс бухимдлаар дүүрэн хотын амьдралаас залхаж, хөдөө гарч ногоо тарих эсвэл гадаадад цагаачлах нь нэмэгджээ.

2013-2017 оны хооронд хотоос хөдөө рүү нүүсэн гэр бүлийн тоо 24 хувиар өсчээ. Өмнөд Солонгост өндөр цалинтай оффисын ажилтай, байртай бол амжилттай хүн гэх уламжлалт сэтгэлгээ өөрчлөгдөж байгааг үүнээс харж болно.

“Samsung”, “Hyundai” зэрэг “чёбол” корпорациуд 1950-1953 оны дайны дараа Өмнөд Солонгосыг дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болж хөгжихөд хөдөлгөгч хүч нь болсон. Сайн цалинтай, тогтмол ажил нь Өмнөд Солонгосын дундаж давхаргын өсөлтөд маш том нөлөө үзүүлжээ. Гэвч өдгөө эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орж, бага өртөгтэй үйлдвэрлэгч нарын өрсөлдөөн нь ажилчдын цалинд нөлөөлж эхэлсэн байна. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын ажилчдын 45 хувь нь ажилдаа сэтгэл ханамжгүй байдаг гэсэн  судалгаа гарчээ. Энэ нь Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагын орнууд дотор хамгийн өндөр үзүүлэлт аж. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард олон нийтийн сүлжээнд явуулсан судалгаагаар “ажлаасаа гарах” нь хүмүүсийн “шинэ жилийн зорилтууд” жагсаалтын топ 10-д багтжээ. Түүгээр ч зогсохгүй “Ажлаасаа гарах нь” нэртэй курс хүртэл байгуулагдаж, 7000 хүн хамрагддаг байна. Жан Су Хан гэгчийн 2016 онд байгуулсан уг курс нь хувь хүний чадамжаа тодорхойлох, тархины хувьсгал буюу “Б” төлөвлөгөөний тухай 50 удаагийн хичээл ордог байна. Мөн бага ангийн сурагчдын дунд явуулсан мөрөөдлийн ажлын жагсаалтад “Youtube”-ын блогчин болох нь спорт од, сургуулийн багш, эмч, тогооч нарын хамт дээгүүрт оржээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж