Монгол дахь Америкийн худалдааны танхимаас гурав дахь жилдээ АмЧамын Ментор буюу зөвлөгөө өгөх өдөрлөгийг өнгөрсөн амралтын өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгт их дээд сургуулиудын гурав, дөрөвдүгээр курсийн шилдэг 100 оюутан оролцсон бөгөөд АмЧамын гишүүн байгууллагууд болох ХААН Банк, “М Си Эс”, Ард санхүүгийн нэгдэл, ING, Herbalife Nutrition, Porsche компанийн гүйцэтгэх удирдлагууд оролцсон юм. Өдөрлөг бүтэн өдөр үргэлжилж дээрх байгууллагуудын хүний нөөцийн 10 мэргэжилтэн ажлын өргөдөл хэрхэн зөв бичих, ажлын ярилцлагын үеэр ямар ур чадвараа илүү тодотгон ярих талаар практик зөвлөгөөг оюутнуудад өглөө. Мөн АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл оролцож гадаадад суралцах боломжийн талаар мэдээлэл өгсөн юм.
Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа “Монгол дахь Америкийн худалдааны танхим оюутан залуучуудад зориулсан өндөрлөгийг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Бид энэ ажлаа нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа бөгөөд манай гишүүн компаниудын гүйцэтгэх түвшний удирдлагууд оюутан залууст урам зориг өгсөн яриа танилцуулга хийх, мөн хэрхэн сорилтуудыг давж амжилтад хүрсэн тухайгаа хуваалцдаг юм. Мөн оюутан залуус цаашид олон улсын байгууллагад ажиллах сонирхолтой бол олон улсын орчинд хэрхэн ажиллах, бусдын соёлыг хүндлэх, түүнчлэн ажилд орохын тулд намтраа хэрхэн бичих, ажлын ярилцлагад орохдоо асуултад хэрхэн хариулах гэх мэт зөвлөгөө өгсөн юм. АНУ-ын Элчин сайдын яамны боловсролын асуудал хариуцсан хүмүүс Америкт тэтгэлэг авах ямар боломж байдаг, тэтгэлэг авахын тулд өөрийгөө хэрхэн бэлдэх талаар зөвлөгөө өгч, сонирхсон асуултад хариулсан юм. Бид сонгон шалгаруулалт хийхдээ их дээд сургуулийн оюутны зөвлөлд хандахаас гадна сошиалд зар тавьсан. Мөн оюутнууд өөрсдийнхөө зорилгыг тодорхойлсон 200 үгтэй эссэ англиар бичих шалгуур тавьсан. Гурав дахь жилдээ зохион байгуулсан өдөрлөг маань оюутан залууст хүрч байгаад маш их баяртай байна” гэсэн юм.
АмЧамын энэ жилийн Ментор өдөрлөгийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Herbalife Nutrition”, “Porsche” компани, ивээн тэтгэгчээр ХААН Банк ажилласан билээ. Энэ үеэр өдөрлөгт оролцсон оюутан залуусын сэтгэгдлийг сонссон юм.
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан О.Гэрэлт-Од: Би ХУИС-ийн Олон улсын худалдаа, орчуулагч мэргэжлээр суралцдаг. Гуравдугаар дамжааны оюутан. Хичээлийнхээ хажуугаар “Remax”-д үл хөдлөх хөрөнгийн зууч хийдэг. Уулзалтын арга хэмжээний тухай мэдээллийг сошиалаас авсан. Энэ өдөрлөгийн хамгийн таалагдаж байгаа зүйл нь оюутан залуусын цаашдын карьерт хэрэгтэй зөвлөгөөг өгч байна. Тухайлбал, анкет хэрхэн бөглөх талаар оюутнууд сайн мэдэхгүй шүү дээ. Энэ талаар өгч байгаа зөвлөгөөнүүд маш их таалагдсан.
МУИС-ийн нэгдүгээр түвшний оюутан А.Ундрал: Би бизнесийн иймэрхүү өдөрлөгт оролцох маш их сонирхолтой. Энэ өдөрлөгийн талаарх мэдээллийг найзаасаа аваад эссэ бичиж ороод тэнцсэн. Орчин үеийн ажил олгогч нар ямар хүмүүсийг ажилд авах чиг хандлагатай болсон талаар мэдээлэл авлаа. Тиймээс ямар чиглэлээр өөрийгөө хөгжүүлбэл илүү амжилттай байх вэ гэдэг талаар өргөн мэдээлэл өгсөн үр өгөөжтэй арга хэмжээ боллоо. Миний төсөөлж байснаас хэд дахин илүү мэдээлэл өгсөн учраас тэнцээд ийм сайхан арга хэмжээнд оролцсондоо маш их баяртай байна.
Холбоотой мэдээ