Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд өгөх зөвлөмж

Хуучирсан мэдээ: 2015.04.30-нд нийтлэгдсэн

Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд өгөх зөвлөмж

Цэвэршилт гэж юу вэ? Хэдэн наснаас цэвэршдэг вэ?

Цэвэршилт нь эмэгтэй хүний нөхөн үржихүйн насны төгсгөлийн шилжилтийн үе бөгөөд ихэнхи тохиолдолд нүүр, хүзүү халуу оргих, үтрээ хуурайших шинж тэмдгээр илэрдэг. Шилжилтийн үеийн төгсгөлд сарын тэмдэг зогсоно. Сарын тэмдэг ирэхгүй болсноос хойш 1 жил өнгөрсөн тохиолдолд цэвэршилт гэж үзнэ. Цэвэршилт нь хэвийн физиологийн  үйл явц бөгөөд ихэнх судалгаагаар 45 – 55 насанд цэвэршилт явагддаг гэж үздэг.

Цэвэршилтийн шалтгаан

Цэвэршихийн өмнөх үе буюу 35-40 наснаас эхлэн эмэгтэй хүний цусан дахь дааврын хэмжээ аажим буурсаар тодорхой түвшинд хүрэхэд уг дааврыг хүлээн авдаг сав, үр дамжуулах хоолой, өндгөвч, арьс, тулгуур эрхтнүүдэд үйл ажиллагааны өөрчлөлт гарч эхэлдэг бөгөөд тэдгээр нь цэвэршилтийн шинжүүд илрэх үндэс болдог. 40-50 насанд өндгөвчний үйл  ажиллагаа буурч,  өндгөн эс, эм бэлгийн даавар ялгаруулах чадамж нь буурсаар буурсаар сүүлдээ бүр зогсдог. Энэ нь сарын тэмдэг үзэгдэхгүй болох шалтгаан болно.

Цэвэршилтийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Цэвэршилтийн  үед дараах шинж тэмдэг илэрч болно:

  • Сарын тэмдэг тогтворгүй болох
  • Артерийн даралт ихсэж багасах
  • Нүүр хүзүүгээр халуу оргих
  • Хөлрөх ( ялангуяа шөнийн цагт )
  • Арьс хуурайших, арьсанд толбо үүсэх
  • Үтрээний чийглэг багасах
  • Сэтгэл санаа тогтворгүй болох (уур уцаартай, гомдомхой, мартамхай)
  • Яс сийрэгжих

Цэвэршилтийн үед биед гарах дааврын өөрчлөлт эмэгтэй хүн бүрт адилхан явагддаг боловч тухайн хүний дасан зохицох чадвар болон биеийн ерөнхий эрүүл мэнд, сэтгэл санааны тайван бус байдал, оюуны хэт ачаалал зэргээс шалтгаалж зарим эмэгтэйчүүдэд цэвэршилт эмгэг байдлаар өөрт зовиуртай илрэх нь бий. Гэхдээ ихэнхи эмэгтэйчүүдэд ямар ч зовиургүй явагддаг.

Цэвэршилтийн үед илэрч болох олон олон хүндрэлээс та өөрийгөө урьдчилан  сэргийлэх боломжтой. Үүний тулд:

– Жилд 1 удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байх

– Жилд 1 удаа умайн хүзүүний эсийн шинжилгээ өгч байх

– Сар бүр хөхөө өөрөө шалгаж байх

Дадал болсон амьдралын хэв маягаа өөрчлөх нь бүсгүй таны эрүүл мэндэд чухал ач холбогдолтой гэдгийг анхааралдаа аваарай.  Өөх тос багатай, амархан шингэх хоолыг бага багаар хэрэглэх, ялангуяа кальциар баялаг тослог багатай сүү, тараг, ааруул, ээзгий, төрөл бүрийн бяслаг, Д витаминаар баялаг далайн гаралтай хоол хүнс, загас зэргийг түлхүү хэрэглэвэл зүйтэй. Та өдөрт 2 аяга сүү, 2 аяга тараг уухад л хүний организмын өдрийн хэрэгцээний кальцийг хангалттай авах болно. Мөн  борви тойгоны  шөл, үхрийн дунд чөмөгний ясны шөл /солонгос аргаар чанасан / нь их хэмжээний  кальци агуулдаг.

Эмэгтэйчүүдийн их эмч Цэндсүрэн

үргэлжлэл: www.orosshkolton.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж