Нэмэх, хасахтай хоёр мэдээ

Хуучирсан мэдээ: 2015.04.30-нд нийтлэгдсэн

Нэмэх, хасахтай хоёр мэдээ

-Гадаад худалдааны тэнцэл нь нэмэх, гадаад хөрөнгө оруулалт нь хасахтай гарлаа-

Эдийн засагт сайн, муу хоёр мэдээ  байна. Сайн мэдээ нь  Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан явдал. Тодруулбал, 2015 оны эхний гурван сарын байдлаар гадаад худалдааны тэнцлийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 385.1 сая ам.доллараар буурснаар 376  сая ам.долларын ашигтай гарлаа. Энэ нь экспорт 9.2 хувиар өсч, импорт 29.5 хувиар буурсантай холбоотой байна. Экспорт, импортын жилийн өсөлтийн зөрүүнээс болж сүүлийн жилүүдэд гадаад худалдаа байнгын алдагдалтай гарч байсан юм. Гэвч 2014 оны эхнээс экспортын өсөлт нэмэгдэж, импортын өсөлт буурсан тул гадаад худалдааны төлбөрийн тэнцэл ашигтай гарах болсон юм.  

Монгол Улсын гадаад худалдааны нөхцөлийн индекс /2012 суурьтай/ тайлант хугацааны эцэст 1.509-д хүрч өнгөрсөн оны мөн үеэс 17.5 хувиар, өмнөх сараас зургаан хувиар тус тус буурлаа. 

Гадаад худалдааны нөхцөл ийнхүү өөрчлөгдөхөд экспортын үнийн индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.2 хувиар, импортын үнийн индекс 9.4 хувиар буурсан нь нөлөөлсөн байна. Экспортын үнийн бууралтанд зэсийн баяжмал, түүхий нефтийн хилийн дундаж үнийн бууралт голлон нөлөөлсөн бол импортын үнийн бууралтанд удаан эдэлгээтэй хэрэглээний бараа, суудлаас бусад машин, тоног төхөөрөмж, ОХУ-аас импортлож буй нефтийн бүтээгдэхүүний үнэ буурсан зэрэг нь голчлон нөлөөлсөн байна.  Импортын хэрэглээ буурсан нь үндэсний үйлдвэрлэлийг сэргээх  боломжийг бүрдүүлдэг сайн тал бий.

Харин муу мэдээ нь гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн таван жилд байгаагүйгээр унасан явдал. Ердөө дөрвөн жилийн өмнө Монголд 4-5 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирж байжээ. Гэвч  хууль эрх зүйн орчин болоод засаглалын хямрал, төр засгаас барьж байгаа бодлого дээр нь манай “эх оронч”-дын оруулсан хувь нэмэр гадаадын хөрөнгө оруулалтыг хасахтай гаргахад хүрлээ.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2015 оны гуравдугаар сард хасах 74,2 сая ам.доллартай гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 125 хувиар буурсан үзүүлэлт  юм байна.

 Хэдийгээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газар дөрөвдүгээр сарын эхээр “Итгэлцэл” сэдвийн дор сайн, муугаа хоёр өдөр ярилцсан. Харамсалтай нь, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлцлийг сэргээх нь битгий бол Монголын төр дотроо ойлголцож чадахгүй байгаад бухимдах хүмүүс саарал ордонд цөөнгүй. Тухайлбал, өнөөдрийн чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Хөрөнгө оруулалтын хууль хөрөнгө оруулагчдыг татах биш цааш нь явуулах хууль болсон. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж байгаа бол бодлогын дэмжлэг хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын хууль батлагдахаар хөрөнгө оруулагчид наашилна гэж үгүй. Сэтгэл нь хөрсөн улс 5-10 жилдээ орж ирдэггүй. Дотоодын хөрөнгө оруулагчдаа олгархиуд гээд юм хийлгэхгүй, гадаадын хөрөнгө оруулагчдыг гадныхан гээд нүд үзүүрлээд байх. Баахан улс төр хийж, дайрч давшилсан УИХ-тай боллоо” хэмээн бухимдав. 

 Гадаадын  хөрөнгө оруулалт нэмэгдэх нь битгий хэл хасах үзүүлэлттэй гарсан, нүүрсний экспорт уналттай байж магадгүй гэж Р.Жигжид сайд мэдээлсэн, долдугаар сараас эрчим хүчний үнийг чөлөөлнө зэргээс харахад иргэдийн нуруун дээр хамаг ачаа буурах бололтой.

Ялангуяа Тавантолгойн гэрээг үзэглэлээ хэмээн дэлхий дахины анхаарлыг татчихаад дараа нь болилоо гэвэл  Монголыг хэн ч тоохгүй. Дэлхий дахинд өрнөж байгаа эдийн засгийн өрсөлдөөнд Монгол гадаадын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр л “амьд” үлдэж чадах юм.

Хамаг шингэнээ алдсан эдийн засагт байгаа эдгээр тоонууд худлаа хэлээгүй гэдгийг ирэх өдрүүдэд бид яс махаараа мэдэрч магадгүй юм шүү.

 Б.ХОНГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж