УИХ-ын дарга Элчин сайд Дэвид Спрулийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2019.04.01-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Элчин сайд Дэвид Спрулийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Элчин сайд Дэвид Спрулийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Дэвид Уиллиам  Спрулийг өнөөдөр (2019.04.01) хүлээн авч уулзав.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён Элчин сайд Дэвид Спрултэй дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлээд “Манай хоёр орны хооронд найрсаг дотно харилцаа амжилттай хөгжиж байна. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэл”-ээс “Иж бүрэн түншлэл”-д хүргэх зорилттой байна. Монгол Улсад ардчилал, сайн засаглал, хүний эрх, иргэний нийгмийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэгт Та бүхэнд талархаж байдаг” гэж тэмдэглэсэн юм.

Ноён Элчин сайд Дэвид Спрул Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь УИХ-ын дарга Г.Занданшатарт баяр хүргэв.

Тэрбээр, Монгол оронд өрнөсөн ардчилсан шинэтгэлийн жилүүдэд танай улсад хөл тавьсан анхны хөрөнгө оруулагчдын нэг нь канадчууд юм. Хөрөнгө оруулалт, түүний дотор уул уурхайн салбарын хамтын ажиллагаа цаашид ч амжилттай үргэлжлэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна гээд УИХ-аас байгуулагдсан Оюутолгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийн талаар тодруулав. Түүнчлэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хуулийн дагуу тэдний эрх ашгийг хамгаалах, бэрхшээлийг хөнгөвчлөх, ойлголцон зөвшилцөх талаар парламентын тэргүүний хувьд анхаарлаа хандуулж ажиллахыг хүслээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсгийнхэн дүгнэлтээ гаргаад УИХ-д өргөн барьсан. Гэхдээ хараахан УИХ-аар хэлэлцэгдээгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, харилцан ашигтай, эрх тэгш хамтын ажиллагаа өрнүүлэхийг парламентаас ямагт дэмжиж ажиллах болно гэв.

Уулзалтын хүрээнд талууд УИХ-ын ээлжит болон ээлжит бус чуулганаас батлан гаргасан хууль тогтоомжуудын талаар болон нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцаж, санал солилцов. “Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, засаглал хоорондын хяналт-тэнцвэрийн зарчмыг сонгодог жишгээр нь хөгжүүлэх, авлигаас ангид нийгмийг цогцлоохын төлөө УИХ тууштай ажиллаж байна. Ардчилсан нийгэмд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудын бүхий л үйл ажиллагаа хүний төлөө, тэдний эрх, эрх чөлөөг ханган хамгаалахад чиглэх ёстой. Бид тогтолцооны шинэчлэлийн төлөө ажиллаж, эхний алхмуудаа хийсэн. Багагүй эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч Монгол Улсын, монгол хүний язгуур эрх ашгийг хамгаалж, хуулийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй байх, хууль ёсоо дээдэлдэг, хууль зөрчсөн хэн ч хариуцлага хүлээдэг байх эрх зүйт төрийн мөн чанарыг бүрдүүлэх зорилтоо биелүүлэхийн төлөө ажиллаж байна” гээд тус улсын сайн туршлагаас судалж, суралцах хүсэлтэй байгаагаа уламжлав.

Ноён Элчин сайд Дэвид Спрул авлигатай тэмцэх, ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх, ил тод байдлыг хангах талаар Монгол Улсын төр, засгаас тавьж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр тогтолцооны шинэчлэлийг амжилттай хийхэд төрийн албыг чадавхжуулах, тогтвортой байлгах, салбар бүрийн экспертүүдтэй нягт хамтран ажиллах, засаглал хоорондын уялдаа, бие даасан байдлыг хангахын чухлыг онцлов.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж