“Цалин, тэтгэврийн зээлийн хүүг 9 хувь болго”, “Ипотекийн зээлийн хүүг 3 хувь болго” гэх бичиг наасан автомашинтай жагсаал яг одоо төв талбайг тойрч байна. Зээлийн хүүг бууруулахыг шаардсан машинтай жагсаалыг өнөөдөр /2019.04.01/ Хувиараа тээвэр эрхлэлтийн үйлдвэрчний нэгдсэн хорооноос зохион байгуулж байна.
Тус хорооны тэргүүн Ц. Батчулуун хэлэхдээ “Монгол Улсад ард түмэн зээлээр л амьдарч байна. Гэтэл өнөөдөр цалин, тэтгэвэр, ипотек гээд бүх зээлээс маш өндөр хүү авч байгаа нь шударга бус юм. Өнөөдөр микро автобус хэрэглээнээс гарч, стандартын бус тээврийн хэрэгсэл болоод байна. Бид парк шинэчлэл хийж, банкны зээлээр шинэ автомашин авах гэхээр зээл авч таарна. Тиймээс энэ зээлийн бүх хүүг бууруулах хэрэгтэй байна. Энэ бол зөвхөн эхний тэмцэл. Манай хороонд нийт 400 гаруй жолооч нэгдсэн байдаг” гэдгийг хэллээ.
Жагсагчид жагсаал хийх зөвшөөрлөө авсан бөгөөд ойрын хугацаанд машинтай жагсаалыг дахин зохион байгуулах гэнэ. Өнөөдрийн байдлаар 20 орчим жолооч нар нэгдэн, төв талбайг гурван удаа тойрох юм байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ