Монгол Улсад анх удаа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн эмнэлгийг байгуулан өнөөдөр ашиглалтад хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон албаны хүмүүс оролцлоо.
АШУҮИС-ын эмнэлэг 104 ортой, дэвшилтэт технологи, өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх төдийгүй яаралтай тусламж үйлчилгээ, Монголд эмчлэгдэх боломжгүйд тооцогддог 26 өвчнийг эмчлэх /зүрх, судасны өвчин эмгэг, тархины өвчин эмгэг, хавдар зэрэг/ боломж бүрдэж байгаа юм. Мөн MRI, CT, ангиографи гэсэн шинэ дэвшилт технологийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлээд зогсохгүй “өвчтөн төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ”, “эмнэлгийн тусламж үйлчилгээг багаар үзүүлэх” зэрэг япон эмнэлгийн менежментийг хэрэгжүүлэх юм. “Өвчтөн төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ” нь өвчтөнд ойр, өвчтөнд таатай байх тусламж үйлчилгээг үзүүлж, өвчтөнд дэмжлэг үзүүлэх төвийг байгуулж, эмнэлэгт хэвтэх, эмнэлгээс гарахад өвчтөн болон тэдний ар гэрт учрах ачааллыг бууруулах үйлчилгээ аж.
Сургуулийн эмнэлгийн нээлтийн ажиллагааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод Олон Улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн сургалтын эмнэлэг нээгдэж байгаад нийслэлчүүдийнхээ өмнөөс сэтгэл өндөр байна. Энд суралцах боломжийг оюутан залууст олгосон, Монгол Улсын өөрчлөлт шинэчлэлтийн түлхүүрийг гартаа атгасан иргэд оршин суугчдад хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт бий болгож өгч байгаа ЖАЙКА олон улсын байгууллага, 1998 оноос хойш манай улстай стратегийн түншлэлээ хэрэгжүүлж бодитой үр дүн гаргаж байгаа Япон Улсын Засгийн газарт баярлалаа. Нийслэл хотод тулгардаг олон асуудал бий. Агаар хөрсний бохирдол, замын түгжрэл, ажил, амьдралын хэмнэл болоод бусад хүчин зүйлээс шалтгаалан эрүүл мэндийн олон асуудал тулгарч байна. Бид эрүүл, боловсролтой, дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол хүнийг бэлтгэх зорилготой. Тэрхүү зорилгын нэг хэсэг нь энэ байгууламж болж байна. Энэ эмнэлгээр дамжуулан олон залуус мэргэжил боловсролтой болж, олон хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, эрүүл чадвартай залуус Монгол Улсын салбарт бүрт очиж ажиллаж чадна. Тиймээс энд суралцах залууст болон удирдах багш ажилтнуудад улам их хариуцлага ногдож байна. Барилга барих нэг асуудал, тоног төхөөрөмж хэрэгсэлтэй байх, ажиллах өөр хэрэг. Тэдгээрийг зүй зохистой хэрэглэх менежментийн удирдлагатай байх чухал асуудал” юм гэж хэллээ.
Эмнэлгийн найдвартай үйл ажиллагааг хангаж, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхийн тулд эмнэлгийг шат дараатай ашиглалтад оруулах юм. Энэ зун амбулаторийн дотрын тасгуудыг ашиглалтад оруулж эмнэлзүйн үйлчилгээг эхлүүлнэ. Мэс заслын тасаг болон хэвтэн эмчлүүлэх тасгийг дараагийн шатанд хийж эхэлнэ. Яаралтай тусламжийн тасгийн үйлчилгээг 3 дахь шатанд ашиглалтад оруулна. Ингэснээр Япон менежментийн сайн чанартай, өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ