Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд хоорондын худалдааны харилцаан дахь тарифын бус хориг саадыг арилгах зорилгоор “Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар болон Евразийн эдийн засгийн комисс хоорондын техникийн зохицуулалт, итгэмжлэлийн салбарт хамтран ажиллах тухай” санамж бичгийг байгуулж дараах асуудлыг тусгасан. Үүнд:
- Евразийн эдийн засгийн зөвлөлийн гаргасан тодорхой нэрийн техникийн зохицуулалтыг судлан, Монгол Улсын хууль тогтоомжтой зөрчилдөхгүй бол Монгол улсын техникийн зохицуулалтаар хүлээн зөвшөөрч, тогтоосон шаардлагыг хоёр талын худалдаанд мөрдөх
- Худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал нөлөө үзүүлэх стандартын талаар харилцан мэдээлэл солилцон, шаардлагатай тохиолдолд стандартыг нийцүүлэх
- Заавал баталгаажуулалтад хамрагдах бүтээгдэхүүн үйлчилгээний тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх талаар эрмэлзэн хамтран ажиллах
- Хэмжлийн үр дүн болон хэмжил зүйн нэгж дамжуулалтын найдвартай байдлыг хангах нөхцлийг харилцан бүрдүүлэх
- Техникийн зохицуулалт болон итгэмжлэлийн чиглэлээр шинжлэх ухаан-арга зүйн болон зохион байгуулалтын бодит туслалцаа үзүүлэхэд хамтран ажиллахаар тусгасан болно.
Энэхүү санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2018-2021 онд хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Стандарт, хэмжил зүйн газар болон ЕАЭЗК-той хамтарч “Евразийн эдийн засгийн холбоо дахь техникийн зохицуулалтын тогтолцоо” сэдэвт Олон Улсын сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газрын асуудал хариуцсан албан хаагчид болон Евразийн эдийн засгийн комисст багтдаг Армен, Беларус, Казакстан зэрэг орнууд мөн хамрагдсан юм.
Тус сургалтаар:
- Техникийн зохицуулалтын тогтолцоо бүрдүүлэх, хөгжүүлэх
- Бүтээгдэхүүний тохирлын үнэлгээний систем
- Техникийн зохицуулалтын тогтолцоо ба стандартчилал
- Техникийн зохицуулалтад үнэн зөв, найдвартай хэмжилтийг хангах зэрэг сэдвээр зохион байгуулсан юм.
Цаашид Монгол Улсын засгийн газраас баталсан “Үндэсний чанарын хөтөлбөр”, “Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд:
Олон улс, бүс нутаг, гадаад орны худалдаанд тавьж буй стандартчиллын болон техникийн зохицуулалтын шаардлагад нийцүүлж, экспортын баримжаатай бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг хангахад энэ сургалтын үр дүн, ач холбогдол оршино.
Эх сурвалж: СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР
Холбоотой мэдээ