Парламентын танхимд ялангуяа, камерын өмнө чухам үнэнийг бодох санах юмгүй тас хэлдэг ганц гишүүн бий. Тэр бол мэдээж, УИХ-ын гишүүн М.Билэгт. Хурлаа огт тасалдаггүй, ажилдаа идэвхтэй хандаж, чуулган болгон дээр үг хэлдэг цөөн гишүүний нэг. Байнгын хороо, чуулганы хуралдаанд хэлсэн түүний үгээс онцлох эшлэлүүд цахим орчинд “афоризм” болж цацагдах болсон. “Өвөл болохоор хүйтэрдэг” гэх алдарт эшлэлээс эхлээд М.Билэгтийн хэлсэн трэнд үгсийг хүргэе.Түүний хэлсэн үг одоо ч сошиал сүлжээнд трэнд болсоор л байгаа.
Өвөл болохоор үнэхээр хүйтэн болдог нь үнэн. Уг нь тэр, өвлийн хүйтнээс өмнө өвөлжилтдөө бэлтгэхгүй улстөржиж байгааг намынхандаа сануулсан нь тэр. Гэхдээ түүний үгийг хүлээж авсан нь цөөхөн байх. Ямартай ч энэхүү алдарт эшлэлийнх нь дараа "Өвөл болохоор цас ордог", "Зун болохоор дулаан болдог" гээд нэг хэсэгтээ л нүүр номоор хөгжилдсөн. Хар хэрүүлээр дүүрсэн улс төрийг хааяа хөгжөөх ч бас зүгээр.
Тэр мөн малд хайртай, тэгээд бас шинэ санаа олохдоо сайн. Чуулганы танхимд малчдыг байнга ярьж “Үндэсний баялаг мал, манай Монголчууд олон зуун жил малаа маллаж, түүгээрээ амьдарч ирсэн" хэмээн хэлсэн нь олон. Мөн тэрбээр шатахууны үнийг буулгах шинэ санаа олсон нь "20 сая малаар шатахуунаа бартердъя". Үүнээсээ болж өөнтөгчдийн үгийн бай болсон нь худлаа биш. Гэлээ гээд эрхэм гишүүн маань хэлж ярихаа хэнээр ч заалгахгүй биз. Мөн тойргийнхоо сонгогчдод гутал, данх бэлэглэснээс болоод баахан баалуулсан. Ерөнхийлөгчтэй адил цоохор дээл өмссөн ч шүүмжлэгчдийн хажуугаар "зүгээр үлдээгүй". Гэхдээ тэр "гандан буурашгүй" нэгэн билээ.
Чуулганы хуралдаан дээр хамгийн олон удаа үг хэлснээрээ О.Баасанхүү гишүүний араас жагсах нь ойлгомжтой. Түүний хэлсэн “Айдас хүйдэс, жигдрэх юмандаа байгаа байх аа “гэсэн үг нь одоо ч гэсэн сошиал орчинд эрчээ алдаагүй байна. Үнэхээр ч нийгэмд "айдас, хүйдэстэй" аль хэдийнэ бий болчхоод байгаа бөгөөд удахгүй жигдрэх юмандаа орох байх гэсэн асар их хүлээлт байна. Ямартаа ч сүүлийн үед улс төрд өрнөөд байгаа үйл явдлыг гуравхан үгээр оновчтой дүгнэсэн хүн эрхэм гишүүнээс өөр хэн байгаа юм бэ. Үндсэн хуулийн бус аргаар Төрийн эргэлт хийх гэснийг эрхэм гишүүнээс өөр хэн олж харсан юм бэ. Айдас, хүйдэс…?
М.Билэгт гишүүний бас нэг трэнд үг бол “Шодоргос” байлаа. Уг нь тэр "Шударга ёс" гэж хэлсэн ч, олон хүний чихэнд "Шодоргос" болж сонсогдсон. Харин түүний хэлсэн энэ үг урлагийнханд ихэд таалагдаж, уран бүтээл болон мэндэлсэн билээ. "Шодоргос, шодоргос, шодоргос". Хэтэрхий хурдан хэлчихсэн л байгаа биз, хэл нь хальтарсан л биз. Гэхдээ ямар ЖДҮ идчихсэн биш дээ.
Ирэх хаврын чуулганаар М.Билэгт гишүүний ямар үг тренд болохыг таашгүй. Ямартаа ч ЖДҮ авч нүгэл хийсэнгүй, иргэд биднийгээ инээдээр мялааж яваа эрхэм гишүүнд инээдмийн баярын мэндийг онцлон хүргэе.
Э.ЖОНОН
Холбоотой мэдээ