Тэгвэл, эр цэргийг эрүүдэн тамлаж болох уу, Ерөнхийлөгч өө!

Хуучирсан мэдээ: 2019.04.01-нд нийтлэгдсэн

Тэгвэл, эр цэргийг эрүүдэн тамлаж болох уу, Ерөнхийлөгч өө!

Тэгвэл, эр цэргийг эрүүдэн тамлаж болох уу, Ерөнхийлөгч өө!

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял шийтгэл хүлээсэн хүмүүсийг эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд үзүүлсэн нь олон нийтийн дунд бүүм болж байна. Гэмт хэрэгтэнд ч гэсэн эрх бий, гишгэх газар ч үлдээх ёстой. Энэ бол ардчилсан, хүний эрх эрх чөлөөг дээдэлдэг нийгмийн нэг зарчим. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг эрүүдэн шүүж ял хүлээлгэсэн нь буруу. Гэхдээ эдгээр хүмүүст хилсээр ял хүлээлгэсэн үү гэдэг бүр тэс өөр асуудал юм. Энэхүү дуулиантай холбоотойгоор ХҮЭҮК-оос  мэдээлэл хийж, шоронд энэ мэт дэглэлт амь бөхтэй байдгийг дуулгав. Эндээс  шоронд хэргээ хүлээж, ял эдэлж байгаа бүхэн "Би эрүүдэн шүүлтэд орсон" гэвэл  бүгдээс нь төр уучлалт гуйгаад эмнэлэгт хэвтүүлэх үү, эсвэл С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг дэлгэсэн шигээ дуулиан тарих уу гэсэн асуулт тавигдах нь зүй ёсных.  Ямартаа ч гэмт хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн хэргээр хууль, шүүхийнхэнд Ерөнхийлөгч хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөллөө.

Гэхдээ зөвхөн шоронд гэлтгүй, дэглэлт, эрүүдэн шүүлт бол цэргийн ангиудад ч амь бөхтэй оршдог, асуудал дагуулдаг сэдэв. Гэтэл цэргийн дэглэлт, эрүүдэн шүүлтээс болж амиа алдсан цэргийн асуудалд анхаарлаа хандуулж байгаа хүн Монголын төрд байна уу. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нар өнөөг хүртэл энэ тухай ямар нэгэн бичлэг дэлгэж, уучлалт гуйх нь бүү хэл таг чимээгүй, тайлбар сэлтгүй. Эрх мэдэлтнүүдэд аль мэдээ нь албан тушаал, ашиг сонирхолд нь  чухал вэ гэдгээс хамаарад  анхаарлаа хандуулж, асуудалд ханддаг бололтой.

Төрийн нэрийн өмнөөс, эх орноо мануулахаар цэргийн албанд татагдан явсан 18 настай хүү ээждээ, ахдаа эргэж ирсэнгүй.  Эрүүл саруул дүүгээ эр цэргийн албанд явуулаад, эцэст нь нэг насны хагацал амсаад байгаа ах нь  Монгол цэргийн баярын өдөр чимээгүй суулт зарлаад ч түүний эсэргүүцэл С.Зоригийн амь насыг хөнөөсөн ялтнуудыг эрүүдэн шүүж байгаа бичлэг шиг эрх баригчдын болон сэтгүүлчдийн анхаарлыг татаж чадаагүй юм. Энх цагт хүүгээ эх орноо мануулахаар явуулж, эцэст нь  эрэмдэг, зэрэмдэг болсон эсвэл амьгүй цогцос хүлээж авсан аав, ээж олон бий.  Тэдний нэг бол Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 ангиад алба хааж байхдаа амиа алдсан Б-гийн ээж, ах дүү нар.

Өнгөрсөн хоёрдугаар сард Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид алба хааж байсан Б гадны нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй хэрэг гарсан. Эхний байдлаар ахлагчдаа зодуулсны улмаас амиа алдсан байж болзошгүй гэж  таамагласан ч эцэс сүүлдээ зүрхний ачаалал нь даагаагүйгээс амиа алдсан болгож, шүүх шинжилгээний дүн гарсан. Харамсалтай нь, энэ асуудалд Батлан хамгаалахын сайд нь ч, ЗХЖШ-ын удирдлагууд ч, засаг нь хариулага хүлээхгүй гүлдийсээр байгаа билээ.

Увс аймгийн Хилийн цэрэгт алба хааж байсан В Тувагийн хил дээр буудуулж нас барсан нь одоог болтол гадны нөлөөтэй байв уу эсвэл гэдгийн хариу гараагүй л байна. Эхний байдлаар хилийн цэрэг буу зэвсэгтэйгээ оргон зугтаажээ гэдэг мэдээлэл тарсан ч эцэс сүүлдээ төөрсөн байж болзошгүй болж өөрчлөгдсөн. Эцэг эх нь "Миний хүү оргох хүн биш" гэдэг тайлбарыг хэвлэлээр дайж сууна. Гэтэл эх орноо хамгаал гэж дуудсан төр нь эзэнгүй мэт, эцэг эхэд нь өнөөдөр тэнгэр хол, газар хатуу болсон биз.

Тэд амиа алдахаасаа өмнө цэргийн дэглэлт амаргүй байгаа тухай ар гэрийнхэндээ цухасхан дурдсан байдаг.  Үнэндээ цэргийн албанаас эрэмдэг зэрэмдэг болоод ирсэн залуус шоронд ял эдэлж буй ялтнуудаас ч аймшигтай дэглэлт, яргалалтыг туулж өнгөрүүлснээ ярьсан нь цөөнгүй. Идэр ёсын хүйтнээр нүцгэн гадаа гүйлгэхээс эхлээд хөлдсөн хуруун дээр нь гишгэж, нүдэж зодож, галуун цуваагаар явуулж, яргалж тамалж байсан тухай цэргийн албанаас эрэмдэг болж ирсэн өч төчнөөн залуус ярьдаг. Тэдний нэг нь хөлийн есөн хуруугүй болсон Ж.Баярцогт.

Дорноговь аймгийн Зүүн Баянгийн 336 дугаар ангид цэргийн алба хаахаар явсан Ж.Баярцогт ээлжийн ахлагчдаа зодуулж, өвлийн шөнө гадаа нүцгэн зогссоны улмаас хөл нь хөлдөж, 9 хуруугаа тайруулсан байдаг. Түүнийг шөнийн ээлжинд гарч байхдаа харуулын байранд гал түлж дулаацсан хэмээн буруутгаж, харуулын ахлагч нь шийтгэсэн бөгөөд энэ хэрэг явдал 2017 оны нэгдүгээр сарын 17-нд болсон юм.

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2015 онд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх сумдаас Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид татагдан очсон цэргүүдээс тав нь дэглэлтийн улмаас эрэмдэг зэрэмдэг болсон бол мөн тооны цэрэг амь насаа алдсан дуулиант мэдээллийг ар гэрийнхнээс нь Төрийн ордонд хийж байв. Эрэмдэг зэрэмдэг болсон цэргүүд  асаргаанд орсон, хөдөлмөрийн чадваргүй болсон талаар ч ар гэрийнхэн нь гомдоллож суусан билээ. Мөн цэргийг хүчээр зүү залгиулсан хэрэг  сүүлдээ цэргийн буруу болж, 2.5 жилийн ял оноож байв.

Шөнө унтаж байхад нь  “Босоод, босоод” гэх команд өгөхөд хэдхэн секундэд багтаж, хувцсаа өмсөн жагсаалдаа зогсох ёстой.  Хоцорвол суран тэлээгээр тархи, толгойгүй балбуулна.  Хоол ундгүй байх бол наад захын дэглэлт. Өвлийн тэсгим хүйтнээр хөл нүцгэн гүйлгэхээс эхлүүлээд галуун цуваагаар алхах, гар дээрээ суниах бол байдаг л дэглэлт болж хувирсан байдаг. Зодно, балбана, дэвсэлнэ.  Тэглээ гээд тэр бүгдийг ар гэрийнхэндээ болон ангийн захирагчдаа хэлэх эрхгүй. Хэлбэл алтан хошуу өргөлөө гээд дахиад л зодуулна. Ёстой хүний амь гэдэг бөх юм, гай нь таарчихгүй бол хэр баргийн юманд амь тасарчихгүй сэхээд л ирдэг гэдгийг цэргийн алба хааж, дэглүүлсэн хөвгүүд ярьдаг.

Тэгэхээр Монголын төр жинхэнээсээ хүнлэг энэрэнгүй байхыг хүсч байвал зөвхөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх ялтнуудаас гадна эр орноо манах гэж яваад эрэмдэг, зэрэмдэг болоод ирсэн эр цэргийн гэх дэглэлтийг анхаарлыг гадна үлдээх ёсгүй юм, уг нь.

Гэвч, улс төрийн зорилго, хувийн ашиг сонирхолд нь ашигтайг нь анхаарлын төвд оруултал сэвж болдгийг ЗГХЭГ-аас дэлгэсэн бичлэгийн дуулианаас харж болно. Эрх мэдэлтнүүд хүсвэл гэмт хэрэгтнүүдийг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг ил болгоно. Хүсэхгүй бол эрүүл саруул хүүг цэрэгт аваачиж  дэглэж хөнөөчихөөд эцэст нь "өвчний улмаас" болон өөр бусад асуудлаас болсон гэсэн шүүхийн шинжилгээ гаргуулчихаж чадна. Ийм л шударга бус явдлын золиос нь эр орноо манахаар яваа эр цэргүүд болох ёсгүй юм. Ийм л "шударга" улстөрчид байгаа цагт шударга ёс жинхэнээсээ тогтохгүй.

Энх цагт хөвгүүд амь үрэгдсээр байгаа энэ хэргүүдэд төр хэзээ анхаарал хандуулж,  эрүүгийн хэрэгтнүүдээсээ илүү үздэг болох вэ.  Эх орны хөвгүүдээ ялтнаас дор үзэх ёсгүй баймаар, Ерөнхийлөгч өө,  Эр цэрэг амиа алдсан асуудалд Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод яагаад хариуцлага тооцохгүй байна вэ, УИХ-ын дарга аа, Ерөнхий сайд аа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж