Хүүхэд “Хөл өвдөөд байна” гэхээр томчууд “том болох гэж байгаа юм” гээд тоолгүй орхих нь бий. Гэвч энэ нь хайхрахгүй орхиж болох сэдэв биш ажээ. Энэ талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч Л.Ганбаяраас тодрууллаа.
-Хүүхэд хөл, гар өвдлөө гэвэл яагаад тоолгүй орхиж болохгүй вэ?
-Энэ нь ясны идээт эмгэг байх магадлалтай. Ясны идээт эмгэгийн үед гар, хөлийн үеэр буюу өвдөг, тохойгоор өвдөх нь бий.
-Ясны идээт эмгэг үүсэх шалтгаан юу вэ. Мөн Монголд энэ эмгэг хэр их гардаг вэ?
-Унах, цохиулах, ямар нэгэн байдлаар бэртэл, гэмтэл авах болон амны хөндийн эрүүл ахуйг сахиагүйгээс хорхойтсон шүд болон хоолой, хамар, чихний идээт эмгэгийн улмаас ясанд идээ, бактер, нян орж, ясны чөмөг, зөөлөн эд идээлж эмгэг үүсдэг. Ясны идээт эмгэгээр ихэвчлэн гар, болон хөл өвчилдөг.
Хүүхдийн ерөнхий мэс заслын практикт ясны цочмог идээт эмгэгээр өвчлөх тохиолдол их байдаг. Манай төвийн яаралтай мэс заслын 18-20 хувийг ясны идээт эмгэг эзэлж байгаа.
-Ясны идээт эмгэгийн үед гар, хөл өвдөхөөс өөр ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Маш өндөр халуурдаг. Мөн эмгэгтэй хэсгийн хөдөлгөөн хязгаарлагдмал болсон байдаг. Ясны идээлсэн хэсэгт улайж, овойж хавдаж, барьж үзвэл тэр хэсэг халуун болсон байдаг.
-Хүндэрвэл ямар аюултай вэ?
-Ясны идээт эмгэг нь цусанд халдвар өгч, зүрх, элэг, бөөр, уушги, тархи зэрэг бүх эрхтэнд нөлөөлж, цаашлаад үхэлд ч хүргэх эрсдэлтэй. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрсэн даруйд яаралтай хүүхдийн эмчид үзүүлэх шаардлагатай. Хүүхэд “гар, хөл өвдлөө” гэхээр эцэг, эхчүүд “Өсөж, том болох гэж байна” гэж хариулаад, тоолгүй орхидгоос ясны идээт эмгэгийн үед цаг алдаж, эмнэлэгт хандах нь бий. Энэ эмгэг нярай, бага насны хүүхдэд ч тохиолддог. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадвал ясны идээт эмгэг бүрэн эдгэрдэг. Харин бүрэн эмчлэхгүй бол гар, хөл нь бүрэн тэнийдэггүй. Хазганаж явдаг болох эрсдэлтэй. Мэс заслын дараа зайлшгүй физик эмчилгээ хийлгэх шаардлагатай.
Холбоотой мэдээ