ОХУ-ын хоёр дахь том агаарын тээврийн компанийн хувьцаа эзэмшигч Наталия Филевагийн зорчиж явсан бага оврын онгоц өнгөрсөн Ням гаригт Германд осолджээ. Наталия Филева ОХУ-ын хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг бөгөөд Франкфуртын ойролцоох Эглесбах онгоцны буудал дээр буух үеэр онгоц нь сүйрсэн байна.
Ослын улмаас нэг зорчигч, онгоцны нисгэгч амиа алдсан талаар орон нутгийн эх сурвалжийн мэдээллээс иш татан Германы хэвлэлүүд мэдээлжээ. S7 группээс мэдээлснээр, ослын шалтгаан хараахан тодорхой болоогүй байгаа аж.
Хувийн онгоц Францын Каннаас нисч, орон нутгийн цагаар 15:22 цагт радарын дэлгэцээс алга болсон талаар "Flightradar24" мэдээлсэн байна. Хатагтай Филева 55 настай, нийт хөрөнгийн хэмжээ нь 600 сая ам.доллар хэмээн "Форбс" мэдээлжээ.
S7 группээс талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ. ОХУ болон олон улсын холбогдох албаныхан ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлсэн байна. S7 нь Орос улсын агаарын тээврийн “Аэрофлот” компанийн гол өрсөлдөгч бөгөөд нийт 26 орны 181 хот руу нисэх 96 агаарын хөлөгтэй ажээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ