Хан-Уул дүүрэг, Зайсангийн ам. Богдхан уулын 40 орчим амнаас иргэд хамгийн их очиж, амралт чөлөөт цагаа өнгөрөөдөг нь Зайсангийн орчмынх. Тиймээс ч нийслэлийн захиргаанаас иргэдийн ая тухыг бүрдүүлэх зорилгоор явган аялагчдын замын эхэнд автомашины 260 гаруй зогсоол бариад буй. Өнгөрсөн бямба гарагт явган аялагч олон байлаа. Нийслэлчүүд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо эрүүл идэвхтэй амьдралыг эрэлхийлдэг болсны нотолгоо гэлтэй. Гэвч ая тухтай аялах, алхах, амрах нөхцөл үнэндээ алга. Хаашаа л харна баригдаж байгаа болон дутуу баригдсан барилгуудад нүд тулна. Зарим нь дархан цаазад уулын ой модон дунд оруулаад барьчихсан байх юм. Явган аялагчдын хамгийн сайн мэддэг “Чингисийн өргөө” амралтын газартай залгаад барилгын ажил ид өрнөж байна. Хаалга үүд нь онгорхой, цонх шил нь хагархай, эзэнгүй, стандартгүй мэт харагддаг “Чингисийн өргөө” өргөтгөл хийж байгаа юм болов уу гэж бодон, ресепшнээс нь асуулаа.
“Манайх биш. Дээд зэрэглэлийн амралтын газар гэж сонссон” хэмээн хариулав. Барилгын ажил ид өрнөж байсан тул, хариуцаж буй хүнээс нь тодруулахаар очсон юм. Нэг залуу гарч ирээд “Амралтын газар барьж байна” гээд хаалгаа хаалаа. Барилга барих зөвшөөрөл хаанаас авсныг нь тодруулахад уцаарлаад буцаад орчихов.
Харин тус хашаа руу орох гэж байсан “Rich construction” хэмээн лого бүхий дүрэмт хувцастай хүмүүсээс тодруулахад “26 айлын амины орон сууц” гэсэн хариулсан юм. Тэгэхээр амралтын газар нэрээр газрын зөвшөөрөл аваад амины орон сууц барьж байгаа бололтой.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэнгээс энэ талаар тодруулахад “Сайн мэдэхгүй байна. Зайсангийн аманд нийт 2200 гаруй байгууллагын гэрчилгээ олгогдсон байна. Эдгээр гэрчилгээг эзэмшигч, аж ахуйн нэгжүүд ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн байна уу гэдгийг шалгах ажил үргэлжилж байгаа” хэмээн хариулав.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7-д “Дархан цаазат газарт зөвхөн аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглана” гэж цагаан цаасан дээр хараар бичсэн байдаг. Түүнчлэн тус хуулийн 12.5-д “Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барихыг хориглоно хэмээн тусгажээ. Гэтэл 2001 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар олгох түр журам батлагдсан. Энэ журамд тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд таван жил хүртэлх хугацаагаар газар олгоно гэсэн заалт байдаг.
Энэхүү хуулийн цоорхойг ашиглаж аялал жуулчлалын зориулалтаар ашиглана хэмээн худал мэдүүлж амины орон сууц барих асуудал энэ үеэс л эхэлжээ. Уг хуулийг зөрчиж амины орон сууц барих нь энгийн л үзэгдэл болсон.
- Явган аялагчдын хамгийн сайн мэддэг “Чингисийн өргөө” амралтын газартай залгаад барилгын ажил ид өрнөж байна.
- Нэг залуу гарч ирээд “Амралтын газар барьж байна” гээд хаалгаа хаав. Барилгын зөвшөөрөл хаанаас авсныг нь тодруулахад уцаарлаад буцаад орчихов.
- “Rich construction” гэсэн лого бүхий дүрэмт хувцастай хүмүүсээс тодруулахад “26 айлын амины орон сууц” гэсэн хариулт өгсөн юм.
Энэхүү “зөвшөөрөл” нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас эхлээд нийслэл, дүүрэг, ерөнхий төлөвлөгөөний газар, газрын алба, мэргэжлийн хяналт, байгаль орчны газар, сав газрын болон хамгаалалтын захиргааны хамтын шийдвэр юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд солигдох бүрт ийм асуудал гардаг. “Өмнөх сайд нь газар олгосон байсан. Надад хамаагүй” гэх байдлаар хайнга хандсаар ирсэн. Нэгэнт барьсан зүйлийг нураах эрх бидэнд байхгүй гэх мэт шалтаг тоочиж эхэлдэг. Яг л энэ жишгийн дагуу ам бүрт нь тансаг орон сууц, хаус хорооллууд сүндэрлэсээр байгаагийн нэгэн нотолгоо дээрх 26 айлын орон сууц юм.
Богдхан уул нь Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг юм. Тус газар нь ойролцоогоор 42 мянган га талбайг хамардаг бөгөөд үүний 6000 га нь аль хэдийн суурьшлын бүс болжээ. Богдхан уулыг 1994 онд Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу дархан цаазат газар болгон баталгаажуулж, 1996 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд оруулжээ. Энэхүү дархан цаазат газраа хамгаалах ёстой байтал Байгаль орчин, аялал жуулчлалын яам үүргээ умартжээ. Хамгаалах нь байтугай харин ч өөрсдийн эрх мэдлээ ашиглан тусгай зөвшөөрөл, гэрчилгээг хууль бусаар олгосоор. Эндээс харахад Богд уул орчмын газраа салбарын яамнаас нь хамгаалах цаг болжээ.
Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН