Хөдөө аж ахуйн биржийн мэдээлснээр нэг кг түүхий ноолуур 133 мянган төгрөгтэй тэнцэж байна. Ноолуурын ханш өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 гаруй хувиар өсөж, бүх цаг үеийнхээ дээд түвшинд хүрлээ. Манай улс дэлхийн ноолуурын нийлүүлэлтийн 45 хувийг дангаар бүрдүүлдэг. Жилд есөн мянган тонн ноолуур самнаж, дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж байна.
Уул уурхайн эрдэс түүхий эдээс дутахгүй валют авчрах бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн салбараас ноолуур эхэнд эрэмбэлэгддэг.
Харамсалтай нь, манай улс дотоодод самнасан нийт ноолуурынхаа ердөө 15 хувийг эцсийн бүтээгдэхүүн болгож, үлдсэн 85 хувийг угаасан болон самнасан байдлаар өмнөд хөрш рүү гаргасаар өдий хүрлээ. БНХАУ манайхаас болон Дундад Азийн орнуудаас авсан ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болгож, дэлхийн зах зээлд өөрийн ноёрхлоо тогтоогоод буй.
2018 оны байдлаар дотоодод бэлтгэсэн есөн мянган тонн ноолуурын 15 хувийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгож гаргаснаар 350 сая ам.долларын орлого олжээ. Хэрэв жилд бэлтгэж буй есөн мянган тонн ноолуураа дотооддоо 100 хувь боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгож чадвал хамгийн багадаа хоёр тэрбум ам.долларын борлуулалт хийх боломж байна. Дэлхийн нийт ноолууран хувцасны зах зээлд өнгөрсөн онд 3.2 тэрбум ам.долларын борлуулалт хийгдсэн бол 2025 он гэхэд энэ дүн 4.2 тэрбум болж нэмэгдэхээр байна. Манай улс үүний найман хувийг эзэлж буй.
- Дотоодод бэлтгэсэн ноолуураа 100 хувь эцсийн бүтээгдэхүүн болгож жилд хоёр тэрбум ам.доллараар валютын нөөцөө нэмэгдүүлснээр төгрөгийн ханш чангарах нөхцөл бүрдэхээр байна.
- Хөгжлийн банк энэ онд хөнгөн үйлдвэрийн төслүүдэд 120 орчим сая ам.доллар зарцуулна.
- Монголбанк энэ оны гуравдугаар сард 91 кг алт худалдан авсан нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 87 хувиар буурсан үзүүлэлт.
Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнд тооцогддог ноолуурын борлуулалтын 67 хувь нь Америк, Европын орнууд болон Австралид ногддог. Үүний араас Япон, Энэтхэг, Зүүн Өмнөд Азийн орнууд эрэмбэлэгддэг. Дэлхийн нийт ноолуураар жилд 35 сая ширхэг цамц хийх боломжтой бөгөөд уур амьсгал хүйтэн бүсэд 1.5 тэрбум хүн амьдарч байна. Хүйтэн бүс рүү ноолууран бүтээгдэхүүний борлуулалт хамгийн сайн байдаг бөгөөд зах зээл хангалттай байгааг салбарынхан онцолдог.
Дотоодод бэлтгэсэн ноолуураа 100 хувь эцсийн бүтээгдэхүүн болгож, жилд хоёр тэрбум ам.доллараар валютын нөөцөө нэмэгдүүлснээр төгрөгийн ханш чангарах нөхцөл бүрдэхээр байна. Ингэснээр Монгол Улс валютын ханшийн дарамтаас бага багаар гарна гэсэн үг. Улсын хэмжээнд валютын албан нөөц 3.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа ч үүнийг ойрын хугацаанд таван тэрбум ам.долларт хүргэх хэрэгцээ, шаардлага тулгарч байгаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн онд дөнгөж 1.8 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс илүү дорвитой нэмэгдэж чадахгүй байна. Мөн алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ оноос таван хувь болгосноор валютын урсгал цаашид улам хумигдаж мэдэх нь.
Алтны тушаалт 2018 онд 22 тонныг давсан бол энэ онд үүнээс буурна гэж шинжээчид таамаглаж байна. Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар 2631 төгрөгтэй тэнцэж байна. Гэтэл нөгөө талд манай улсын гадаад өрийн дарамт эдийн засгийг тогтворгүй байдал руу хөтлөх хэмжээний эрсдэл тээсээр. Үндэсний статистикийн хорооны энэ оны хоёрдугаар сарын үзүүлэлтээр, улсын өр 2018 оны жилийн эцэст 28.7 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ байнга хэлбэлзэж байгаа энэ үед ноолуураа дотооддоо боловсруулснаар эдийн засгийн хараат бус байдлаа ахиулах боломжтойг эдийн засагч М.Чимэддорж хэллээ.
Төв банкны валютын нөөцийг алт тушаалт 2014 оноос хойш нэмэгдэж, жилд 500- 700 орчим сая ам.доллараар зузаатгаж байгаа. Харин энэ оноос татварын хувь хэмжээ хоёр дахин нэмэгдсэнээр алтны тушаал буурч эхэллээ. Монголбанк энэ оны гуравдугаар сард 91 кг алт худалдан авсан бөгөөд энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 87 хувиар буурсан үзүүлэлт аж. Төв банк жилийн өмнө 714 кг алт худалдан авч байсан бол энэ онд татварын өөрчлөлтөөс шалтгаалж, валютын нөөц багасах эрсдэлтэй байна. Хөгжлийн банк энэ онд хөнгөн үйлдвэрийн төслүүдэд 120 орчим сая ам.доллар зарцуулахаар байгаа. Үүний дийлэнх хэсгийг “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд дотоодын ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор бэлтгэл ажил үргэлжилж байна. 2025 он гэхэд дэлхийн экспортын зах зээлийн 23 хувийг манай улс эзлэх төлөвлөгөө боловсруулсан. Үүний үр дүнд борлуулалт гурав дахин өсөж, тэрбум ам.долларт хүрэх бөгөөд бүтээгдэхүүний тоо ширхэг 9.5 сая хүрэхээр байна.
Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН