Дэлхийн шилдэг нэр хүндтэй уралдаануудын нэг болох “Seoul_International_Music_Competition” тэмцээнд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дуучин Б.Батжаргал амжилттай оролцож, зургадугаар байранд шалгарчээ.
Гуравдугаар сарын 30-ны өдөр шилдгүүдээ тодруулсан “Seoul_International_Music_Competition” тэмцээнд нийт есөн орны 62 дуучин бичлэгийн шатанд тэнцэж, БНСУ-ын Сөүл хотноо уригджээ. Тэмцээний финалын шатанд БНСУ, Монгол болон Серби улсын долоон дуучин шалгарч, шилдэг таван дуучинг тодруулсан байна.
Дуучин Б.Батжаргал тэмцээний талаар мэдээлэл өгөхдөө "Энэ жил дэлхийн шилдэг нэр хүндтэй уралдаануудын нэг болох “Seoul_International_Music_Competition” тэмцээний нэгдүгээр байрыг шалгаруулаагүй. Шүүгчдийн шийдвэрээр хоёрдугаар байраас эхлэн шагнал гардуулсан. Миний хувьд Монгол Улсаас энэ тэмцээнээс шагнал авсан хоёр дахь дуучин болсон. Өмнө нь 2016 онд Монгол Улсын гавьяат дуучин Э.Амартүвшин гуравдугаар байранд шалгарч байсан. Би энэ жил П.И.Чайковскийн нэрэмжит дуулаачдын уралдаанд оролцох бодолтой байгаа" тухайгаа ярилаа.
Тэрбээр Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Банди, Д.Ганхуяг нарын шавь бөгөөд 2012 онд Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр төгссөн бөгөөд одоо Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж байна. Дуучин Б.Батжаргал өмнө нь 2016 онд ОХУ-ын алдарт дуучин М.Магомаевын нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаанаас хүрэл медаль хүртэж байсан билээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ