Хятад адгаж, АНУ тэвчиж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.01-нд нийтлэгдсэн

Хятад адгаж, АНУ тэвчиж байна

Хятад адгаж, АНУ тэвчиж байна

Дэлхийн хамгийн том эдийн засагтай хүчирхэг хоёр гүрний хооронд эдийн засаг, худалдааны дайн өрнөөд даруй есөн сарын хугацаа өнгөрчээ.  Энэ хугацаанд хоёр тал харилцан импортдоо нийт 360 тэрбум ам.долларын тариф тогтоогоод байгаа бөгөөд аль аль нь удаан хугацаанд үргэлжилж буй худалдааны дайныг намжаах чин эрмэлзэлтэй байгаа юм. Эхэндээ хэн хэндээ бууж өгөхгүй гэсэн хандлагатай байсан ч энэ маргаанаас хэн нь ч хожихгүй, өөрсдөө хохирч, тэднийг дагасан жижиг улсууд, цаашлаад дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байсан учир “түр эвлэрч”  дөрвөн сарын өмнөөс хэлэлцээний ширээнд сууцгаасан юм. Үүнээс хойш дөрвөн ч удаа хэлэлцээ хийж, дунд нь завсарлага аваад амжсан АНУ болон Хятад улсын хувьд одоо асуудлын зангилаа үе дээр ирээд байна.

Худалдааны хэлэлцээнд АНУ-ын талаас төлөөлөгч Роберт Лайтнайзер, Сангийн сайд Стивен Мнучин нар оролцож байгаа бол Хятадын талыг тус улсын Төрийн зөвлөлийн орлогч сайд Лю Хө ахлан ажиллаж байгаа. Хэлэлцээнд оролцогчид нэг сар завсарласны эцэст хамгийн сүүлд баасан гаригт /2019.03.29/ Бээжинд уулзсан бөгөөд Хятад, Англи хэл дээр баримт бичиг солилцон, дараагийн уулзалтыг төлөвлөсөн байна. Хаалттай уулзалтаар тодорхой хэмжээний зөвшилцөлд хүрч, харьцангуй эерэг уур амьсгалтай өндөрлөсөн аж.

Бээжинд болсон хэлэлцээний үр дүнд Хятадын төлөөлөгчид энэ долоо хоногт Вашингтонд айлчлахаар болжээ. Цагаан ордны Эдийн засгийн ахлах зөвлөх Ларри Кадлов хэлэлцээ нааштай байгааг сайшаасан ч “Хэрэв Хятад улс тохиролцоонд хүрэхгүй бол тэдэнд дахин эрсдэл үүснэ. АНУ яаран шийдвэр гаргахыг хүсэхгүй байгаа. Шаардлагатай бол дахин хугацааг сунгаж болно. Хурдан тохиролцохоос илүү сайн тохиролцоонд хүрэхийг бид эрмэлзэж байна. Бага зэрэг тэвчээр гаргахад алдах зүйл байхгүй” хэмээн хэлсэн байна.

АНУ ийнхүү өөрийн санаагаа илэрхийлсний дараагаар өчигдөр буюу Ням гаригт /2019.03.31/ АНУ-ын автомашин, авто сэлбэгэнд ногдуулаад байсан 25 хувийн тарифаа цуцлах шийдвэрийг цааш үргэлжлүүлэхээр болсноо зарлажээ. Хятад улс арванхоёрдугаар сард буюу түр эвлэрэл эхлэх үед тус улсын автомашин болон түүний эд ангид ногдуулаад байсан нэмэлт 25 хувийн тарифаа гурван сарын хугацаанд зогсоох шийдвэр гаргасан юм. Харин энэ удаад дээрх шийдвэрээ үргэлжлүүлэх болсноор АНУ-тай хийх цаашдын хэлэлцээний шийдвэрт эергээр нөлөөлж, хоёр талын хэлэлцээний уур амьсгалыг таатай болгоно гэдэгт итгэж байгаагаа Хятадын Төрийн зөвлөлөөс мэдэгдсэн байна.

Худалдааны салбарт үүссэн хоёр улсын маргааныг зохицуулах асуудлаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийсэнтэй холбогдуулан Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татварыг нэмэгдүүлэх хугацааг хойшлуулахаар шийдвэрлэснээ Трамп өмнө нь мэдэгдсэн билээ.

Хоёр улсын эдийн засгийн харилцаа сайн байх үеийн тоо баримтаас дурдвал 2016 онд БНХАУ-ын нийт экспортын хэмжээ 2,3 их наяд ам.долларт хүрч, үүний 18,6 хувь буюу 429 тэрбум ам.долларыг АНУ-руу гаргасан байна. Тэгэхээр нийт экспортын тавны нэг буюу ойролцоогоор 20 хувь нь АНУ-руу гардаг гэсэн үг. Нөгөө талаас 2016 онд БНХАУ-ын импортын хэмжээ 1,5 их наяд ам.доллар байсан бөгөөд үүний 8,1 хувь буюу 120 тэрбум ам.долларыг АНУ-аас импортолсон байдаг. Харин АНУ-ын хувьд 2016 онд 1,44 их наяд ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсноос 8,2 хувийг нь БНХАУ-руу гаргасан байгаа юм. Импортын хувьд 2,1 их наяд ам.долларын бараа бүтээгдэхүүнээс 20 хувийг БНХАУ-аас импортолсон байна. Хоёр улсын хооронд эдийн засгийн харилцаа таагүй болсноор аль аль нь ихээхэн алдагдал хүлээж дээрх тоо баримтууд огцом буурсан үзүүлэлттэй байгаа.

Худалдааны маргаан ийнхүү өрнөж байх хооронд Европын холбоо үүнийг зүгээр хараад суусангүй. Хоёр улсын зөрчилдөөнийг ашиглан Хятад улстай томоохон гэрээ, хэлэлцээрүүдийг батлаад амжив. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Европын Холбооны томоохон улсуудад айлчилж “Бүс ба Зам” санаачилгынхаа хүрээг тэлж байна.

Хятад улс бол Монгол Улсын хувьд хамгийн том импортлогч төдийгүй, экспортлогч улс. Мөн Монгол Улс 2014 онд Хятад улстай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Тиймээс АНУ-тай хийж буй худалдааны дайн Хятад улсад хэрхэн тусна, манай улсын эдийн засагч мөн тодорхой хэмжээгээр нөлөөлөх юм. 2018 оны байдлаар Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 10 тэрбум ам.доллар байсны 63 хувь нь БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Үүнээс БНХАУ-д хийсэн экспорт нийт экспортын 87,8 хувийг эзэлж байгаа юм. Хоёр улс 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хамтран дэвшүүлээд байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж