Хавар ирж, өдөр дулаарахтай зэрэгцээд махны үнэ тэнгэрт хадаж байна. Махны бөөний гэх “Хүчит шонхор” худалдааны төвд үнэ нь нэлээд өсчээ. Монгол Улс өнгөрсөн жил 66 сая гаруй толгой мал тоолуулсан. Гэвч, АН-ын үед тогтвортой байсан махны үнэ МАН засгийн эрхийг авснаас хойш тасралтгүй өссөөр байгаа нь даанч гачлантай. МАН-ын Засгийн газарт махны үнийг барих бодлого байсангүй. Эрх баригчдын хувьд эдийн засгаас илүү эрх мэдлийн хэрүүлдээ анхаарлаа хандуулсаар бүрэн эрхийнхээ гурван жилийг үдлээ. Ингээд МАН-ын үед иргэд мах тансаг хэрэглээ болох нь.
Махны үнийн өсөлтийг худалдаа эрхлэгчид махны хомсдолтой холбож байна. Гэтэл нийт хүн амтайгаа харьцуулахад мал нь 22 дахин өссөн. Малчид малаа зарах шаардлагагүй болсон уу эсвэл махыг хятадууд их хэмжээгээр дарж аваад хууль бусаар гадагшаа гаргаж байгаа гэдэг мэдээлэл үнэн болсон уу. Үүнийг шалгаж нягтлах салбарын яам нь таг. Ингээд махны үнийг өсөлтийг шалтгааныг олохоор "Хүчит шонхор" төвийг зорилоо. Тус төвд өчигдөр /2019.03.31/ очих үед үйл ажиллагаа нь жигдэрч, мах авахаар зорин ирэх хүн цөөнгүй харагдав.
"ҮХРИЙН МАХ АВЧ ХҮЧРЭХГҮЙ"
Тус худалдааны төвийн урд хэсэгт байрлах хонь, ямааны мах зардаг цаг байна. Тэнд шинэ хонины цул мах 8000-8500 төгрөгөөр зарагдаж байв. Харин үхрийн цул махны үнэ 11 мянгаас эхлэх аж. Хамгийн сүүлийн статистик мэдээллийг сонирхвол өнгөрсөн долоо хоногоос махны үнэ 200-600 төгрөгөөр нэмэгджээ. Тухайлбал, хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногоос 400 төгрөгөөр өсч 8000 төгрөг, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 600 төгрөгөөр өсч 8500 төгрөг болсон байна.
Үхрийн ястай махны үнэ өнмөх долоо хоногоос 122 төгрөгөөр өсч 9000, үхрийн цул мах 233 төгрөгөөр өсч 11500 төгрөг болсон байна. Адууны ястай мах нэг килограмм мах дунджаар 6,750 төгрөг, ямааны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 500 төгрөгөөр өссөн буюу 6500 төгрөгийн үнэтэй байх ажээ.
Сүүлийн үед “Хятадууд махыг өндөр үнээр авч хомсдол үүсгээд байна” гэсэн мэдээлэл цацагдах болсон. Үүнд махны худалдаа эрхлэгчид дараах тайлбарыг өглөө. Адууны мах зарж буй худалдагч эмэгтэй “Адууны махыг Хятадын ченж нар их авч байна. Хятад руу их хэмжээгээр адууны мах гарч байгаа болохоор бидэнд адууны мах ихээр олддоггүй. Өдөрт 15 адууны мах орж ирдэг. Манай захаас ‘Бөмбөгөр’, хойд ‘Нарантуул’, Баянзүрх захууд мах авдаг. Бүгд хуваагаад авахаар манай өөрсдийн худалдагчдын лангуун дээр үсрээд 3-4 адууны мах л үлддэг гэлээ.
Тэндээс гараад адуу, үхрийн жижиглэнгийн мах зардаг цэгээр орлоо. Тус тасаг руу ормогц энд тэндгүй “Мах аваарай. Шинэ мах шүү” хэмээн дуудах худалдагчид угтав. Энэ хэсэгт үхрийн цул мах нэг кг нь 10000-11500, үхрийн гуяны цул нойтон мах 11000, үхрийн ястай мах 8500-9000, үхрийн хаа, сээр 8500-9800 төгрөгөөр зарагдаж байна.
Нийслэлийн иргэдийн хувьд үхрийн цул махыг 11 мянган төгрөгөөр авч байна. Гэтэл монголчуудын дундаж цалин бага. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг, мөн тэтгэмж авдаг хүмүүсийн хувьд мах идэхэд хэцүү болжээ . “Хүчит Шонхор” захад хонины цул махыг өнгөрсөн долоо хоногт кг нь 8000 төгрөгөөр худалдаалж байсан бол өнгөрсөн Даваа гарагаас 8500 төгрөг болсон байна. Харин жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн хувьд бөөний үнээр худалдаж авсан үнэ дээр 1000-2500 төгрөг нэмж зардаг аж. Учир нь жижиглэнгийн худалдаа эрхлэгч нар өндөр түрээс төлдөг. Иргэдийн хувьд төр засаг махны үнийн асуудалд зохицуулалт хийж чадахгүй байгаад бухимдаж байна. Худалдагчдын хэлж буйгаар энэ жил иргэдийн худалдан авалт муу байгаа гэнэ. Хүмүүс их хэмжээгээр мах авахаа больж өдрийн хэрэгцээнийхээ л махыг авах болсон аж.
Иргэн Ц.Сүрэнжав “Иргэдийн амьдрал хэцүү байхад махны үнэ буухгүй улам нэмэгдэж байгаа нь бид нарын амьдралд том дарамт болж байна. Над шиг тэтгэвэрээрээ амьдардаг хүнд мах тансаг хэрэглээ юм даа. Сая сар шинэ болоод мөнгөний асуудал хүнд байлаа. Дахиад махны үнэ өсөх нь хүн бүрт л нөлөөлж байгаа байх” гэлээ.
Иргэн Б.Мөрөн “Энэ жил нөөцийн мах гараагүй болохоор мах илүү үнэтэй байх шиг байна. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед нөөцийн махыг хурдан худалдаанд гаргах шаардлагатай байна. Тэтгэврийг хорин мянган төгрөгөөр нэмсэн гэсэн. Өргөн хэрэглээний барааны үнэ өссөн энэ үед хөгшчүүлд тэр нь тус болох нь юу л бол. Харин үүнийхээ оронд хүнсний бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулах тал дээр дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна” гэлээ.
ҮНИЙГ ЗОХИОМЛООР ХӨӨРӨГДСӨН БАЙХ МАГАДЛАЛТАЙ ГЭЖЭЭ
Махны үнийн өсөлтийн талаар ШӨХТГ-аас судалж үзээд махны үнэ өсөхөд нөлөөлөх томоохон хүчин зүйл байхгүй, зохиомлоор хөөрөгдсөн байх магадлалтай гэсэн урьдчилсан дүгнэлтийг өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан юм. Жил бүрийн хавар нийслэлийнхний хүнсний хэрэгцээнд зориулж, нөөцийн мах худалдаанд гаргадаг болоод нэлээд хэдэн жилийн хугацааг үдсэн ч өнөө жилийн хувьд оройтох шинжтэй. Албаныхны хэлж буйгаар нөөцийн махыг худалдаанд гаргах өдөр тодорхойгүй дээр үнэд ч өөрчлөлт орно гэдгийг хэлжээ. Өнгөрсөн жилийн тухайд нөөцийн махыг дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн худалдаанд гаргаж байжээ. Нөөцийн махны худалдаа сайн муу хэл ам дагуулдаг ч иргэдийн нуруун дээрх ачааг бага ч болов нимгэлдэг. Гэтэл энэ жил нөөцийн мах хэзээ худалдаанд гарч иргэдийн гарт хүрэх нь тодорхойгүй хэвээр байгаа.
НӨӨЦИЙН МАХ ХЭЗЭЭ ИРГЭДИЙН ГАРТ ХҮРЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА
Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлж буйгаар хаврын улиралд махны үнийг тогтворжуулах зорилгоор арилжааны банкны эх үүсвэрээр хүүгийн хөнгөлөлт үзүүлэх хэлбэрээр нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулдаг. Энэ жил 10 мянган тонн мах бэлтгэжээ. Арванхоёрдугаар сарын 6-нд сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлахад долоон аж ахуй нэгж байгууллага хүсэлтээ ирүүлсэн. Ингэхэд арилжааны банкнаас гурван аж ахуй нэгж байгууллагыг шаардлага хангаж байна гэж үзээд зээл олгохоор болсон. Удахгүй дахин сонгон шалгаруулалт явуулах аж. Тиймээс нөөцийн мах хэзээ худалдаанд гарч иргэдийн гарт хүрэх нь тодорхойгүй байсаар байна. Түүчнлэн улирлын болон нийлүүлэлтийн хамааралтайгаар зах зээл дэх махны үнэ өсөж байгаатай холбогдуулан ХХААХҮЯ авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар судлах ажлын хэсэг ажиллаж байгаа юм байна.
МАХНЫ ҮНИЙГ БУУРУУЛЪЯ ГЭВЭЛ МАЛЧДААС ТАТВАР АВЪЯ
МАН-ын Засгийн газар татварын багц хуулийг баталсан нь ч харамсалтай нь, нөгөө л татвар төлдөггүй ч, төрийн хангамжийг хамгийн түрүүнд хүртдэг хэсгийг чөлөөлжээ. Уг нь байгаль, экологи, эдийн засагт оруулах хувь нэмрийг нь бодсон ч малчдаас татвар авах цаг хэдийнэ болсон. Учир нь нэг үеэ бодвол Монголын мянгат малчдын тоо нэмэгдсээр байгаа. Малчдаас татвар авснаас махны үнийн өсөлтийг барих боломжтой. Гэвч, үнэндээ зөвхөн сандал суудал, эрх мэдлийн төлөө гурван жил хэрэлдсэн МАН-д махны үнийг бууруулах бодлого ч, сонирхол ч алга. Тэдэнд эрх мэдэл, эрх мэдэл чухал болгохоос иргэдэд дарамт учруулж эхэлсэн эдийн засгаа анхаарч харах сөхөө даанч алга. Ингээд МАН-ын үед мах тансаг хэрэглээ болж, иргэд "мах идэх"-ийг инфляцийн өсөлт хориглож байна. Энэ асуудалд анхаарлаа хандуулах эрх баригчид байна уу, ингэхэд!
Э.АРИУН
Холбоотой мэдээ