Х.Баттулгын мэхэнд Монгол цэвэр ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.04.01-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Х.Баттулгын мэхэнд Монгол цэвэр ялагдлаа

Х.Баттулгын мэхэнд Монгол цэвэр ялагдлаа
Шог зураач С.Цогтбаяр

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 2017 онд Халтмаагийн Баттулга сонгогдон гарч ирэхэд жүдоч Баттулгын “татами дээрх улс төр эхэллээ” хэмээн бичиж байсан юм. Харин түүнээс хойш хоёр жилийн дараа тэрбээр татами дээр иппон буюу цэвэр ялалт байгууллаа. Мэдээж тамирчны ялалт хямдхан олддоггүйтэй адил иппон хүрэх зам ч хялбар байсангүй.

Үндсэн хуулийн засаглалын хуваарилалтаар Монголын төрийн дээд байгууллага бол УИХ буюу парламент. Харин Ерөнхийлөгчийн эрх мэдэл хуулийн хүрээндээ хязгаартай, яг л жүдогийн татами шиг. Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон хамгийн гол эрх нь Үндсэн хуулийн Цэц,  АТГ, Дээд шүүх болоод бүх шатны шүүхийг шүүгчийн томилгоо бөгөөд чухам энэ нь түүний иппонд хүрэх мэх боллоо. Яваандаа энэ нь түүний дархан мэх болох замыг нээж өгснөөрөө Х.Баттулгын хуулийг кноп даран баталж өгснөөрөө МАН-ын олонх Монголын ардчиллыг, Монголын парламентын түүхийг гутаалаа.

Ерөнхийлөгчийн толгойлдог Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ одооноос Х.Баттулгын тоглолтын гол талбар татами боллоо.

ҮАБЗ бол гурван гишүүн нь санал нийлээгүй бол шийдвэр гардаггүй өвөрмөц зохицуулалттай. 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж, парламентын 76 суудлын 65-ыг авсан МАН байгуулсан Ж.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газраа өөрсдийн гараар унагаж, У.Хүрэлсүхийг гаргаж ирсэн, мөн Монголын парламентын түүхэнд байгаагүй тоглолт хийж спикер М.Энхболдыг албан тушаалаас нь зайлуулж Г.Занданшатарыг УИХ-ын өндөр сэнтийд суулгасан нь мэхээ хийх барьцаа лавшруулж байсан болохыг одоо олон хүн ойлгосон байх. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдсоны дараагаас дайралтад өртөж эхэлсэн спикер М.Энхболд ҮАБЗ-д ганцаардаж байгаагаа нэг биш удаа илэрхийлсний учир эдгээр өдрүүдэд тайлагдаж байна. Одоо Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллга болох УИХ зөвхөн цаасан дээр эрх мэдэлтэй үлдэж, бодит эрх мэдэл ҮАБЗ руу шилжлээ.

Хууль завхруулагч, авлигачидтай тэмцэнэ гэсэн сүржин үгийг үе үеийн эрх мэдэлтэнгүүд хэлсээр ирсэн. Гэвч энэ тэмцэл нь нийгмийн тусын тулд биш хэсэгчилсэн бүлгүүдийн тулаанаар өрнөж, үүндээ хуулийнхныг татан оруулж ирсэн муу үйлийн төлөөс хууль, шүүх засаглал өөрсдөө болж, хүзүүндээ цаазын олс өлгүүллээ. Харин олсны үзүүр ҮАБЗ-д байна, олсыг чангалах уу, суллах уу гэдгийг тэнд л шийдэх болж байна.

Хэн ч шударга ёсыг тогтоохыг уриалж, үлгэрлэж болно, гагцхүү тэр шударга ёсыг хайж байгаа хүн цэвэр байх ёстой. Гэтэл үнэндээ парламентаар нь дүүрэн төсвийн мөнгийг хулгайлсан луйварчид суучихсан, ҮАБЗ-ийн толгойлж байгаа хүн нь эртээ нэгэн цагт 17 чингэлэг спиртийн хэрэгт холбогдож байсан ч энэ нь одоо үлгэр домгын хэлбэрт ороод замхарчихсан, хараахан үлгэр домог болоогүй саяхны хэрэг болох Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өмнөхөн нэг тэрбум төгрөг бэлнээр ачиж явсан сонгуулийн машин нь илэрсэн хэрэг огт сөхөгдөхгүйгээр хав дарагдчихсан. Ерөнхий сайд нь хэдээн жилийн өмнө шүүхээс ял сонсож байсныг санах ой санамжтай хүн цөөн ч гэсэн байгаа байх.

Зарим хүний дэврүүлэн сурталчилж, цээжээрээ хамгаалж байгаа шиг Ерөнхийлөгчийн институцийн эхлүүлсэн “их цэвэрлэгээ” нь дүрмийн бус мэх, зүгээр л мөнгөний урсгалын голдрилыг булааж авах гэсэн тулаан. Зөвхөн албан тушаал хашиж байгаа хүмүүсийг бай болгон онилсон болохоос болохгүй байгаа зүйлийг углуургаар нь цэвэрлэх итгэл үнэмшлийг төрүүлсэнгүй.

Хоёр жилийн хугацаанд Оросын Владивосток, Хятадын Чиндаогоос хэтрээгүй гадаад бодлого явуулсан Ерөнхийлөгчийн маань тухай foreignpolicy.com сайтад улсынхаа бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлж чадлаа гэж дүгнэн бичсэн нь Ерөнхийлөгчийг магтсандаа биш Монголын ардчилалд аюул учирлаа гэсэндээ юм. Дэлхий нийтэд дарангуйлагч Царь гэдгээрээ имижээ тогтоосон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг шүтэн дууриадаг гэдгийг нь ч хэлээд авсан байна. Нэг хүний захиргаатай ОХУ, Хятад гэсэн хоёр хөршийн дунд парламентат тогтолцоог дээдэлж, ардчиллыг баримталж байсан бяцхан баян бүрд ширгэж магадгүй болсон учраас гадаад бодлогын асуудлаар дагнадаг хэвлэл ийнхүү нийтлэл зориулахад хүрчээ.

Дараа дараагийн иппон ирэх нь тодорхой учраас сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд айдас хүйдэс гэсэн хоёр үг амнаас ам дамжиж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ТэнэглэлТэнэглэл
39
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж