“Түүх соёл, үнэт олдворуудыг чингэлэгт хадгалж байна”

Хуучирсан мэдээ: 2019.04.01-нд нийтлэгдсэн

“Түүх соёл, үнэт олдворуудыг чингэлэгт хадгалж байна”

“Түүх соёл, үнэт олдворуудыг чингэлэгт хадгалж байна”

Сүүлийн жилүүдэд эртний булш, хиргисүүр тоногчдын балгаар  түүх соёлын хосгүй үнэт өв устаж үгүй болох аюул нүүрлэх болсныг эрдэмтэн судлаачид сануулсаар байгаа.  Гэвч,мөнгө цагаан, нүд улаан болсон өнөө үед энэ асуудлыг ойшоож буй газар алга. Нөгөө талаас буурал түүхийн улбаа болсон булш хиргисүүр нь манай орны өнцөг булан бүрт тархсан учир хамгаалах асуудал учир дутагдалтайг хэлдэг. Энэ талаар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүннү, эртний түүхийн салбарын эрхлэгч доктор Ч.Ерөөл-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр монголчууд бидний өвөг дээдэс Хүннүгийн үеийн угсаа гарвал, булш хиргисүүрийг судлаад 20 гаруй жил болж буй юм.


-Хүннү улс нь монголчуудын өвөг дээдэс гэж монголчууд үздэг. Гэхдээ Хүннү улсын угсаа гарал нь өнөөг хүртэл тодорхойгүй байна гэж судлаачид дүгнэснээс гадна Монгол оронд нүүдэллэн ирсэн гэсэн  дүгнэлт гаргасан. Зарим  эрдэмтэд Хүннү гүрэн монголчуудын өвөг дээдэс байсан гэхэд эргэлзээтэй гээд байгаа. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Дэлхийн эрдэмтдийн дунд Хүннүгийн гарал үүслийн тухай хоёр санал давамгайлж ирсэн. Судалгааны явцад 200 гаруй жилийн тэртээгээс нь төрт ёсны хаант улс байгуулагдсан түүхтэй. XX зууны эхэн үе хүртэл хятад сурвалжийн мэдээлэлд тулгуурлан судалж байсан. Ялангуяа Европын судлаачдын хувьд хүннү нь түрэг гаралтай гэсэн үзэл баримтлал давамгайлж байсан юм. Зарим судлаачид хүннүчүүд монгол гаралтай гэж үздэг. Ийм хоёр маргаан эрдэмтдийн дунд бий. Нэг талаас нь, харахад энэ асуудал шийдэгдсэн гэхэд хэцүү. Үнэндээ бол энэ маргаан  нь ямар ч утгагүй зүйл. Хүннүчүүд түрэг юм эсвэл Монгол юм гэж шууд хэлэх боломжгүй. Учир нь олон үндэстэн угсаатныг нэгтгэж, манай эриний өмнөх 205 онд  төрт ёсны эзэнт гүрнийг анх байгуулсан улс юм. Эрдэмтдийг талцуулсан уг маргааныг шийдэхийн тулд Хүннү улсыг байгуулсан хүнийг буюу гол цөмийг нь судлах ёстой. Хүннү гүрэн өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч байсан нүүдэлчдийн байгуулсан улс юм. Нийт их, бага 26 улс үндэстнийг багтаасан хүчирхэг том гүрэн байсан. Археологийн дурсгалын хувьд авч үзвэл дийлэнх нь манай орны нутаг дэвсгэрт байдаг учраас энэ бол маргаад байх асуудал биш. Сүүлийн үед Археологийн салбарт генетикийн судалгааг нэвтрүүлж байна. Энэ судалгаа нь гарал үүслийг нь тогтоодог.

Товчхондоо, Хүннү гүрэн нь олон улс, үндэстнийг засаг захиргаандаа багтаасан нэгдмэл улс болов ч  нүүдэлчид энэ төрт улсыг анх байгуулсан  тул монголчуудын өвөг дээдэс гэж хэлж болно. Археологийн талаас нь хүннүчүүд монголчуудын өвөг дээдэс гэдгийн нэг нотолгоо гэж хэлж болно.

Булш оршуулгаас гадна түүх дурсгалын 20 орчим хувь нь хот суурин үеийнх. Үүний 13 нь Монголын нутагт бий. Үүрэг зориулалтын хувьд, гар урлал эрхлэгчдийн суурин,  хилийн бэхлэлт, тахилга мөргөлийн газрууд гэж хуваан үздэг л дээ. Мөн гурав дахь үеийн түүхэн дурсгал нь хадны сүг зураг юм. Энэ бол харьцангуй цөөн тоотой байдаг.

Сонирхуулж хэлэхэд, АНУ-ын Харвардын их сургуулиас Евразийн нүүдэлдчдийн угсаа гарлыг тодруулах судалгааг хэрэгжүүлж олон орны эрдэмтэд оролцож байгаа. Өргөн хүрээг хамарсан, сүүлийн үеийн бүх л дэвшилтэт техник технологийн ололтыг ашиглаж хийх палеогенетикийн судалгаа л даа. Энэ судалгаанд манай хүннү судлаач археологичид оролцохоор болсон. Бидний хувьд генетикийн судалгааны лабораторийн шинжилгээний үр дүнг археологийн судалгаатай харьцуулж эцсийн дүгнэлтийг хийхэд оролцох юм. Хүннүгийн угсаа гарлын асуудлыг батагтгахад чухал алхам болох байх.

-Хүннүгийн археологийн дурсгалуудын дийлэнх нь манай улсын нутагт байдаг тухай дурдлаа, энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Хүннүгийн үед холбогдох археологийн дурсгалуудыг булш оршуулга, хот суурин, хадны зураг, үйлдвэрлэлийн газар гэж ангилан судалдаг. Үүний дийлэнх хувийг булш оршуулга эзэлнэ. Одоогийн байдлаар Монгол улсын бүх аймгийн нутаг дэвсгэрээс, ОХУ-ын Буриадын нутаг Өвөр байгал, БНХАУ-ын Өвөрмонгол ба түүнтэй хил залгаа муж нутгуудаас Хүннүгийн үед холбогдох археологийн дурсгалууд илэрсэн байна. Үүний дийлэнх нь манай улсын нутагт бий. Манай археологичидын сүүлд гаргасан бүртгэлээр Монгол улсын нутагт 300 гаруй газар 10000 гаруй хүннү булш байгаа нь тогтоогдоод байна.

Хүннүгийн булш, оршуулгыг хэлбэр зохион байгуулалтын хувьд дөрвөлжин далан, үүдэвчтэй язгууртны булш, жижиг буюу жирийн булш гэсэн үндсэн төрөлд хуваана. Үүнээс, язгууртны оршуулгын нийт 13 дурсгал байгаагийн 9 нь манай улсад, Архангай, Төв, Хэнтий, Ховд, Говь-Алтай, Булган аймгийн нутагт байна. Эдгээр оршуулгын газруудад байгаа нийт булшны тоон үзүүлэлтээс харвал 90 гаруй хувь нь Монгол улсын нутагт бий.

Хот суурины хувьд 20 орчим дурсгалт газар байгаагийн 13 нь Монголын нутагт бий. Хот суурины дурсгалыг үүрэг зориулалтын хувьд гар урлал, газар тариалан эрхлэгчдийн суурин,  хилийн бэхлэлт, тахилга мөргөлийн газрууд гэж хуваан үздэг л дээ. Гурав дахь төрлийн дурсгал нь хадны сүг зураг юм. Энэ бол харьцангуй цөөн тоотой байдаг.

-Эрт үед өвөг дээдсийн булш хиргисүүрийг дайснууд нь доромжлох байдлаар хандаж ухаж, тонодог байсан гэдэг. Харин одоо бол  шунахайн сэдлээр эртний булш хиргисүүрийг тоногчид олширч, тэдний балгаар  түүх соёлын хосгүй үнэ өв устах аюултайг та бүхний зүгээс хэлдэг. Мэргэжилтнүүдийн зүгээс энэ асуудалд анхаарч хамгаалах шаардлага үүссэнийг анхааруулдаг ч эд өлгийн зүйлс шиг зөөвөрлөх боломжгүй. Тэгэхээр  булш хиргисүүр бүрт хяналт тавьж, хамгаалах боломж нь хомс гэх. Ашиг хонжоо хайгчдаас түүх соёлын хосгүй үнэт өв болсон өвөг дээдсийнхээ булш хиргисүүрийг хэрхэн хамгаалах ёстой вэ?

– Түүх соёлын дурсгалт зүйлс нь монголчуудын нүүдлийн ахуй соёлоос гаралтай. Дийлэнх  хэсгийг нь булш, оршуулгын газар эзэлдэг. Монголчууд нэг газарт суурин байх боломжгүй нүүдлийн ахуй соёлтой мал аж ахуй эрхэлдэг байсан учраас тэр. Өнөөгийн хил хязгаараар авч үзвэл Хүннү гүрний захирч байсан нутаг нь монгол орны нутаг дэвсгэрээс эрс ялгаатай. Тухайн үед өмнө талыг нь Цагаан хэрмээс хойш Байгаль нуур хүртэл бол зүүн тал нь Өмнөд Солонгосын хойгоос Алтайн нурууны уулс  хүртэлх том газар нутгийг хамаарч байсан. Евро Азийн хэмжээнд Хүннүгийн үед хамаарах 12 мянга орчим булш бий. Үүний 95 хувь нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бий. Эдгээр булш нь язгууртан ихэс дээдэс, энгийн ардаас шалтгаалан бүтэц зохион байгуулалт, хэлбэр хэмжээгээрээ өөр өөр боловч оршуулах зан үйл нь адилхан. Тухайн үед ихэс язгууртныг оршуулах тусгай газрууд бий болсон  байж.

Сүүлийн жилүүдэд эртний булш тоногчид том асуудлын нэг болсон. Хээрийн судалгаагаар явж байхад энд тэнд булш хиргисүүр тоносон, ухаж сүйтгэсэн байдаг. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төвөөс зүүн хойш 60 км зайд орших “Гол мод 2” газарт Хүннүгийн үеийн булшийг ухсан хэрэг нэг бус удаа гарсан л даа. Аз болж эд өлгийн зүйлийг авсан тохиолдол одоогоор байхгүй. Учир нь Хүннүгийн үеийн булш нь бусад оршуулга хиргисүүрээс гүнзгий байдгаараа онцлогтой. Үүнийг тонож сүйдлэх нь тийм ч амаргүй. Булшийг зүгээр шороогоор булдаггүй, пирамид хэлбэртэй, тодорхой зан үйлийн дагуу үе болгонд шороогоор дүүргэж чулуугаар чигжсэн байдаг учраас бунханд хүрэхэд асуудалтай. Том булшин дахь бунхан 20 метр хүртэлх гүнд бий. Булш тоногчид цооноглож нүх үүсгэдэг ч чулуун давхаргад хүрээд цааш ухах боломжгүй болдог. Харин археологийн малтлага бол булшийг талбайгаар нь авч малтлагыг явуулна.  Булш тоногчид эрт цагт ч бас байсан. Дайснууд өвөг дээдсийнх нь булшнаас олз омог хайж, сүр хүчийг илэрхийлж доромжлох байдлаар ухаж сүйдэлдэг. Эх сурвалжид тэмдэглэснээр “Хүннүчүүд Иншан уулын орчимд ихэс язгууртны булшийг тоносон байна” гэж. Иймд тоногдоогүй булш их цөөхөн л дөө. Эрт цагт язгууртны булшнууд бүгд хөндөгдсөн. Энэ асуудал хаант төрийн үед байсан ч орчин цагт байж болохгүй зүйл. Өвөг дээдсийн үлдээсэн түүхийн үнэ цэнтэй соёлын дурсгалуудыг ашиг хонжоо хайж тонох нь ёс зүйгүйгээс гадна өвөг дээдсээ хүндлэхгүй доромжилж байгаа хэрэг.  Уг нь 21 аймгийн сум бүрт түүх соёлын дурсгалыг хариуцсан мэргэжилтэн ажиллаж байгаа ч  өргөн уудам нутаг дэвсгэртэй манай улс цөөхөн хүн амтай учраас  тэр бүр хүрч ажиллах боломжгүй байна.

-Язгууртны булш нь юугаараа онцлогтой вэ?

-Өнөөдрийн байдлаар язгууртан ихэс дээдсийн 12 мянган булш байдгаас ес нь монголд бий. Язгууртны булшны хувьд хамгийн сүрлэг төдийгүй  нарийн зохион байгуулалттай гэж нүүдэлчдийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн.

Энэ тухай гаднын судлаачид “Египетчүүд газрын хөрсөн дээр пирамид байгуулсан бол  танай монголчууд газрын хөрсөн дор пирамид байгуулжээ” гэж дүгнэдэг л дээ. Хөрсний нуралтаас сэргийлэхээс гадна дээрэм тонуулаас сэргийлэх зорилгоор хөрсийг шаталж, 20 гаруй метрийн гүнд бунхныг байршуулдаг. Үүнийг харахад уруугаа харуулсан пирамид хэлбэртэй.

Нөгөө талаас инженер, архитектурын нарийн шийдэлтэй байгууламж. Мөн язгууртны булшны ойролцоо дагуул булшнууд бий. Өөрөөр хэлбэл, язгууртны оршуулгын газарт зөвхөн тухайн ихэс дээдсийн булш байдаггүй. Гадаад байдлын хувьд язгууртны булш нь дөрвөлжин хэлбэртэй, үүдэвч хэсэгтэй. Эргэн тойронд нь дагуул булшнууд бий. Энэ нь ямар учиртай вэ гэвэл ихэс язгууртны хайртай албатуудыг хойд насанд нь үйлчлэх ёстой гэж үздэг байснаас дагалдуулан оршуулдаг байсан. Хятад сурвалжийн мэдээнд “Хүннүчүүд язгууртан нас барахад хойд насанд нь үйлчлүүлэхээр хайртай албат зарц нарыг дагалдуулан оршуулдаг” гэж тэмдэглэсэн байдаг. Энэ бүхэн археологийн судалгааны явцад батлагдсан. Жишээ нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт “Гол мод 2” гэх газрын нэгдүгээр булш гэж хамгийн том булшинд 30 дагуул булштай байсныг Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийнхэн Д.Эрдэнбаатар профессорын удирдлагаар малтан судалсан. Миний дээрх дурдсан газарт нийт 500 орчим булш бий. Үүний 200 гаруй нь язгууртны булш. Үлдсэн нь дагуул булш байна. Язгууртны булш нь том жижиг хоёр янз. Жижиг булш нь модоор хийсэн дан бунхантай. Том булш нь давхар бунхантай. Бунхныг тойруулан эсгий ширдэг. Ханыг бөс даавуугаар доторлосон. Дунд нь авсыг байрлуулсан байдаг. Хүннүгийн үеийн язгууртны булшнаас сүйх тэрэг гардгаараа онцлог. Энэ нь тухайн үеийн шүтлэг бишрэл төсөөллөөр хойд насанд унах унаа гэж үздэг. Жирийн иргэний булшинд адуу малыг хойлоглон дагалдуулдаг. Язгууртны булшнаас гарсан сүйх тэрэгнүүдийг сэргээн засварлахад хоёр янзын тэрэг байдаг. Нэг нь шүхэртэй бол нөгөө нь мухлагтай. Хийц бүтцийн хувьд маш гоёмсог, лакаар зааглаж будсан. Ихэвчлэн хятад хийцийнх. Хүннүгийн булшнаас гарсан сонирхолтой олдворуудын нэг болох ганц эвэртийн дүрстэй чимэглэлүүд юм. Морины хударгын  чимэглэл. Энэ нь ихэс дээдсийн зэрэг дэвийн ялгаанаас улбаалан янз бүрийн тоо хэмжээтэй олдоно. Хийцийн хувьд маш чамин тансаг. Ер нь домгийн амьтны дүрстэй чимэглэл гарч ирнэ гэдэг тэр хүний нийгэмд эзлэх байр суурь өндөр байсныг харуулдаг. Мөн нар сар чимэглэлүүд булшны толгойн талд байрладаг. Тухайн хүний зэрэг дэвээс шалтгаалан ялтсан алтаар чимэглэсэн. Жирийн иргэнийх бол төмөр үйсээр хийсэн байдаг. Ерөнхийдөө жирийн болон язгууртан хүний булш эрс ялгаатай. Афганистанаас гаралтай хүрлэн хээгээр чимэглэсэн оюу сувдан зүүлт, эрдэнийн чулуу зэргийг харвал хүннүчүүд хэрхэн олж авсныг судлах асуудал үүсч байна.

Миний ажиллаж байгаа Архангай аймгийн Хайрхан, Эрдэнэмандал сумын нутагт орших “Гол мод” дурсгалт газарт Хүннүгийн үеийн булшийг ухаж тонох оролдлого нэг бус удаа гарч байсан. Сүүлд 2015 онд нэг булшийг тонохоор оролдсонтой таарч байсан. Аз болоход оршуулганд хүрч чадаагүй орхисон байгаа юм. Гэхдээ бид ямар ч байсан булш тонох гэсэн оролдлогыг цаг тухайд нь орон нутгийн болон холбогдох байгууллагад нь мэдэгдсэн.

– Хүннүгийн үеийн язгууртны булшнаас эртний грекийн бурхдын домгийн дүрстэй толь, грекийн үеийн ваар, хятадын аяга шаазан тогоо зэрэг гарч ирэх нь гадаад улс орнуудтай харилцаатай байсныг гэрчилдэг үү. Эдгээр нь зөвхөн язгууртны булшнаас гардаг уу?

-Хүннүгийн үеийн язгууртны булшнаас оньсон хөлөгт тоглоом гарч ирсэн. Нийтийн тооллын үеийн 20-50 онд хамаарч байгаа юм. Эндээс үзвэл хүннүчүүд гаднынхны “нүүдэлчид зэрлэг балмад бүдүүлэг” гэсэн ойлголтыг үгүйсгэж байна. Оюуны соёлын хувьд өндөр түвшинд байсныг харуулах олдворууд гардаг. Бидний өвөг дээдэс нийтийн тооллын өмнөх нэгдүгээр зуунд хөлөгт тоглоом тоглож байсан. Модон тавцан гурван ширхэг хасаа гарч ирсэн нь сонирхолтой олдворын нэг юм. Археологийн  судалгаа  хятад сурвалжид тэмдэглэгдсэн зэрлэг балмад болон түүхчдийн ийм ойлголтыг эрс өөрчилж байгаа юм. Ноён уулан дах хүннүгийн үеийн язгууртны булшнаас эртний грекийн домгийн бурхдын дүрс гарч ирсэн. Гол мод 2 газарт язгууртны булшнаас ром хийцийн шилэн аяга гарч ирсэн. Дунд говь аймгийн Бага газрын чулуу гэх газраас Египетийн бурхны дүрс олдсон. Мөн салаавч дүрстэй чулуун дүрс гарч ирсэн зэргийг харвал хүннүчүүд бидний төсөөлдгөөс их өөр. Тухайн үед Өрнө дахинтай соёлын солилцоо явуулж байсныг харуулж байгаа юм. Нэг талаараа эзэнт гүрний цар хүрээг харуулж байна. Салаавч хэлбэртэй чулуун зүүлт энгийн ардын булшнаас гарсан. Ерөнхийдөө дийлэнх нь язгууртны булшнаас  олдсон байдаг.

-Хээрийн судалгааны явцад тухайн  язгууртны булшны эзнийг хэн байсан бэ гэдгийг  дараа нь тогтоох боломжтой юу?

-Археологийн судалгаанд сүүлийн үед байгалийн шинжлэх ухаанд лабораторийн аргуудыг өргөн хэрэглэдэг болсон. Булшнаас гарч буй хүний нас хүйс, гарал угсаа буюу монгол эсвэл европ төрхтөн үү гэдгийг тогтоож судалдаг. Хүннүгийн үеийн язгууртын булшны тухайд монголжуу төрхтөн давамгайлдаг. Бас монгол европ төрх холилдсон булш олдоно. Гэхдээ ихэс язгууртны булшинд энэ нь маш ховор.

-Археологийн малтлага судалгааг хэсэг хүмүүс тойрч газар малтаж байгаад л булш бунхнаас эртний эд өлгийн зүйлсийг гаргаж ирдэг мэт ойлголт бий. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу. Ер нь ямар үе шаттайгаар тухайн эд өлгийн зүйлсийг илрүүлж, тогтоодог вэ?

-Археологи гэхээр хүмүүс малтлага хийдэг л гэж ойлгодог. Малтлага бол археологийн судалгааны эхний үе шат юм. Үүний дараа судалгааны ажил эхэлдэг. Булшийг малтана гэдэг бол бүрэн баримтжуулалт гэсэн үг. Нэг чулуу байсан ч зургийг нь авдаг. Сүүлийн үед гурван хэмжээст зураглалаар баримтжуулдаг болсон. Булшны үе бүрт зураг авч, гар зураглалууд хийж, фотографикийн хэмжилт, тодорхойлолтыг хийдэг. Малтлага дуусахад булшны тухай тайлан, бичлэг, тодорхойлолт үлдсэнээр дараа дараачийн ажилд чухал ач холбогдолтой.

– Палеонтологийн салбар бол Археологиос ялгаатай. Ер нь бол их урт хугацааг зарцуулж байж нэг шинэ үлэг гүрвэл “төрүүлдэг” гэх.  Археологи бол газар дороос нэг ваар гарч ирвэл ваар л гэж шууд таньдаг болохоор палеонтологийн салбарын эрдэм шинжилгээний ажилчидтай харьцуулахад судалгааны арга нь харьцангуй хөнгөн байдаг уу?

-ШУА-ын Гееологи, палеонтологийн салбар бол устаж үгүй болсон амьтан ургамлыг судалдаг ухаан. Археологи бол эртний хүн үүссэнээс хойших үеийг судалдаг. Гэхдээ бас археологийн малтлага судалгааг хөнгөн гэвэл өрөөсгөл ойлголт. Газрын өнгөн хөрсөнд мэдэгддэггүй булшнууд бий. Үүнийг олж илрүүлэх нь амаргүй. Ихэвчлэн тохиолдлын шинж чанартай газар шорооны ажил хийж байх үед эсвэл ашигт малтмалын хайгуулын үед олддог. Яах вэ, палеонтологийн салбартай харьцуулахад харьцангуй боломжтой нөхцөлд судалгаа явуулна.Газрын өнгөн хөрсөнд дийлэнх түүх соёлын дурсгалууд мэдэгдэхүйц хадгалагддаг. Жишээ нь, эртний булшийг хүмүүст мэдэгдэхүйц өргөн талбайг хамарсан эсвэл чулуугаар овоолсон гэх мэт мэргэжлийн бус хүмүүст ч харахад ойлгомжтой. Үүнийг археологийн судалгаагаар түрэг, монгол, хүннүгийн үеийнх гэдгийг нь хэлбэр бүтэц зохион байгуулалтаар тогтоож, судалдаг.

-Газрын өнгөн хөрсөнд мэдэгддэггүй булш монголд хэр их байдаг вэ?

-Шинэ чулуун зэвсгийн үеийн булшнууд мэдэгддэггүй. Газар дор булж орхисон байдаг. Дорнод аймгийн нутгаас олдсон Тамсун булгийн булш алдартай. Газрын хөрсөнд мэдэгддэггүй. Геологийн хайгуулын явцад Хэрлэн голын эрэг нурж, тэндээс санамсаргүй хүний яс олдсон тухай мэдээлэл ирж байсан. Энэ дагуу судалж үзэхэд талийгаачийг суугаа байдлаар оршуулсан. Мөн Чандмань уулын булшнууд бий. Төмөр зэвсгийн үед хамаардаг.  1970-аад оны эхээр газар шорооны ажил хийж байх үед хүний араг яс олдсоныг археологичид малтсан байдаг.

-Түүх соёлын хосгүй үнэт өв гаднын орнуудад хулгайлагдсан хэрэг гарч байсан. Ерөнхийдөө археологийн түүхэн дурсгалт эд өлгийн зүйл хулгайд алдагдах магадлал өндөр гэдэг шүү дээ. Мэргэжлийн хүний нүдээр харахад үүнийг хэрхэн дүгнэдэг вэ?

-Археологийн шинжлэх ухаан, малтлага судалгаанд хөрөнгө оруулалт их хөрөнгө оруулалт шаардагддаг. Тийм учраас археологийн судалгааг ихэвчлэн гаднын улс орнуудтай хамтран зохион байгуулна л даа. Гаднын дийлэнх хөрөнгө оруулалтаар л судалгааг хийдэг. Үүнийг зарим хүмүүс гаднынхантай нийлж түүх соёлын хосгүй үнэт зүйлсэд гар хүрч байна, эд өлгийн зүйлсийг гаднынхан зөөлөө гэх мэт хардлага байгаа. Энэ бол байх ёстой. Үүнд тайлбар хэлэхэд Соёлын өвийг хамгаалах хуулийн хүрээнд малтлага судалгааг хийдэг. БСШУСЯ-аас археологи, палеонтологийн хүрээлэнд малтлага судалгаа явуулахад олгох зөвшөөрөл гэж тусгай комисс бий. Энэ дагуу судалгааны ажлыг эхлүүлдэг. Хуулиар газрын хөрсөн дээр болон дор байгаа олдвор Монгол Улсын төрийн өмч гэж заасан байдаг учраас гаднын эрдэмтэдтэй хамтран судалгааг явуулсан ч, тэд олдворыг хил давуулах боломжгүй. Зарим тохиолдолд сэргээн засварлах, олдворын бүтэц найрлагыг тогтоох зорилгоор нэг сараас жилийн хугацаатай авч явах эрхтэй. Ингэхдээ тухайн олдвор эд өлгийн зүйлсийн он цаг тогтоох, найрлага тогтоох зорилгоор болон монголын нөхцөлд сэргээн засварлах боломжгүй тохиолдолд тодорхой хугацаагаар буюу нэг сараас нэг жил хүртэлх тусгай зөвшөөрөлтэй авч явдаг. Ихэнх олдвор, соёлын өвийн биет зүйлсийг ШУА-ын Түүх Археологийн хүрээлэнгийн дэргэдэх олдвор сэргээн засварлах лаборатори болон БСШУСЯ-ны дэргэдэх Соёлын өвийг сэргээн засварлах лабораторид сэргээн засварласны дараа нь судалж дууссан хойно музейд хадгалдаг.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу музейн сан хөмрөгийн улсын тооллогыг дөрвөн жил тутамд явуулдаг. Энэ жил орон даяар музейн тооллогыг зохион байгуулж дууслаа. Тооллогын дүнгээр зарим эд өлгийн зүйлс дутах тохиолдол гардаг. Энэ жилийн тооллогоор  ийм асуудал гарсан уу?

-Манай хүрээлэнгийн хувьд харьцангуй ийм асуудал гараагүй. Бүх олдвор, эд өлгийн зүйлс малтлагаас гарч, тайланд тэмдэглэгддэг. Музейн сан хөмрөгийн тооллогоор жин зөрөх, тодорхойлолт зөрөх асуудал гардаг. Музейн үзмэрээс ялгаатай нь археологийн зарим  хээрийн нөхцөлд цэвэрлэх боломжгүй олдворыг сэргээн засварлах руу шилжүүлдэг. Тэд үүнийг бүртгэлд оруулахдаа жинг нь тодорхойлно.  Сэргээн засварлалтын явцын дараа жин зөрөх тохиолдол бий. Энэ жилийн тооллогын үеэр ийм тохиолдол гарсан. Хагархай ваар савыг сэргээн засварлахад хэмжээ, жин зөрдөг. Тиймээс биш дутаж, алга болох боломжгүй. Одоогоор монголд дэлхийн түвшний стандарт шаардлагыг хангасан  эд өлгийн зүйлс, түүх соёлын олдворыг хамгаалах нөхцөл байхгүй. Одоогоор археологийн ихэнх олдворуудыг орон сууцны хонгил, подвалд хадгалж байна. Зарим нь контейнерт бий. Яах аргагүй тусгай байргүй учраас л подвал, контейнерт хадгалах арга хэмжээг авч байгаа.  Бид саяхнаас  олдвор хадгалах байрт засвар хийж, нөхцөл байдлыг нь сайжруулсан ч орон сууцны подвалд хадгалах нь өндөр эрсдэлтэй төдийгүй байж болшгүй юм. Археологийн хүрээлэнгийн зүгээс хадгалалтын байрны асуудлыг нөөц боломжийнхоо хэрээр анхаарч ажиллаж байгаа нь энэ. Үүнийг төрөөс анхаарч ажиллах шаардлагатайг үе үеийн Засгийн газарт хандаж, хадгалах байр барьж өгөх хүсэлтийг хүргүүлж байсан. Одоогоор шийдэгдсэн зүйл алга. Гэсэн ч бид гараа хумхиад суулгүй нүдэн дээр өөрчлөлт орсон эд өлгийн зүйлс олдворт засвар хийдэг. Мэдээж подвал нь зориулалтын хадгалах байр биш учраас агаар тохирдоггүй. Халаалт ирсэн үед нь халууныг сааруулах зэрэг гарын доор хийж болох боломжтой арга хэмжээг авдаг.

-Соёлын өв, эд өлгийн зүйлсийг подвалд хадгалахад эвдэрч гэмтэх эрсдэл өндөр. Зуны улиралд ус алдахаас эхлээд л олон асуудал урган гарч ирнэ байхдаа?

-Мэдээж өндөр эрсдэлтэй. Ус алдахад л соёлын өв олноороо гэмтэж сүйдэх магадлалтай. Тусгай хадгалалтын байр одоог хүртэл шийдэгдэхгүй байсаар 20 жил өнгөрч байна. Хамгийн том асуудал зориулалтын байр алга. Гэхдээ Төв аймагт газрын асуудлыг шийдэхээр яригдаж байгаа. Мөн зарим музей ч бас зориулалтын байр биш шүү дээ. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей гэхэд музейн зориулалттай биш. Энэ мэт яривал асуудал их. Гаднын өндөр хөгжилтэй орнуудад түүх соёлын хосгүй үнэт олдвор, эд өлгийн зүйлсийг стандартын шаардлага хангасан зориулалтын байрт хадгалж, үзэгчдэд  эх хувийг нь биш яг адилхан хуулбарыг нь музейд байрлуулж танилцуулдаг. Энэ нь олдворт өөрчлөлт орохоос сэргийлж бас аюулгүй байдлыг нь хангаж ажиллаж байна. Үүнийг Монголд нэвтрүүлэх боломжтой. Бид Өмнөд Солонгост ажлын шугамаар орон нутгийн музейтэй танилцахад улсад өв болж бүртгэгдсэн үзмэрийн  хуулбарыг нь байршуулсан байх жишээтэй. Эх хувь нь Сөүл хотод үндэсний хэмжээнд хадгалагдсан байгаа юм гэж тайлбарласан байдаг.

-Үнэт олдвор, үзмэрүүдийн эх хувийг музейд хадгалах нь найдваргүйд тооцогддог. Монголд үүнийг хэрхэн анхаардаг вэ?

-Музейд аюулгүй байдал, эд өлгийн зүйлсийг хадгалах орчин чухал. Энэ нь монголд  бас л  тулгамдаж байгаа том асуудал болсон. Археологийн малтлага судалгаагаар шинэ  олдвор илрүүлдэг ч өнөөхөө хадгалах байргүй. Гаднын орнуудын туршлагыг харахад үзмэрийн танхим, сан хөмрөг цикл байдлаар сар бүр эргэж байдаг. Сан хөмрөгт буй олдвор үзмэрийн танхимд шилжиж байдаг.

-ШУА-ны Түүх Археологийн хүрээлэнгээс булш хиргисүүрээс гадна соёлын биет өвийг хадгалж хамгаалах тал дээр анхаарч ажилласан, гаднын орнуудаас туршлага судалж хэрэгжүүлсэн ажил бий юу?

-Манай хүрээлэн зөвхөн малтлага судалгаа явуулахаас гадна түүхэн, үнэт олдворуудыг хадгалж хамгаалах  ажлыг зохион байгуулсан. ШУА-ны Түүх, Археологийн хүрээлэнгийн дэргэдэх судалгааны төвүүдийг орон нутаг ажиллуулж байна. Хэнтий аймгийн нутаг Хөдөө арал болон миний ажиллаж буй хойд тамирын голын хөндийд тус тус үйл ажиллагаа явуулж байна. Орон нутагт судалгааны төвийг байгуулах нь энэ чиглэлээр судалгаа явуулахаас гадна аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой. Монакогийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар хойд Тамирын голын хөндийд 2015 онд байгуулсан судалгааны төвд үнэт олдворуудын хуулбарыг нь байршуулж, үзэгчдэд сонирхуулдаг.Буган чулууны хөшөө гэхэд хуванцраар яг адилхан дуурайлгаж хийсэн байх жишээтэй.  Нэг үетэй харьцуулахад, жуулчид их ирж үздэг болсон. Архангай аймгийн нутагт Хүннүгийн судалгааны төвийг байгуулсан. Мөн л Монакогийн Засгийн газрын тусламжтайгаар үүдээ нээсэн. Одоогоор зөвхөн зуны  улиралд үйл ажиллагаа явуулдаг. Судалгааны төвийн эргэн тойронд буган чулуун хөшөө, хадны зураг, булш хиргисүүр бий. Анх буган хөшөөнүүд бүгд газарт унасан байсныг сэргээн босгосон нь жуулчдын анхаарлыг их татдаг болсон. Мөн  холгүйхэн 20 км-ийн зайд  “Гол мод-2” газар бий.

-Таны хувьд салбартаа шүүмжлэлтэй ханддаг ямар асуудал байдаг вэ?

-Судлаачид эрдэм шинжилгээний, малтлага судалгааны ажлаа олон нийтэд түгээх тал дээр учир дутагдалтай ханддаг. Тиймээс хүмүүст сурталчлан таниулах нь чухал. Сурталчилгааны тал дээр анхаарах хэрэгтэй.

-Чингис хааны булш өнөөг хэр олдоогүй нь дэлхийн анхаарлын төвд байдаг. Археологич хүний хувьд эзэн хааныг онголсон газар нутгийг олох асуудлыг хэр зүйтэй гэж үздэг вэ. Зарим хүмүүс өвөг дээдсээ хүндэлсэн ч тэр үндэсний аюулгүй байдал, угсаа гарлаа бодсон ч нууц хэвээр үлдсэн дээр гэж үздэг?

– Археологич хүний хувьд Чингис хааны булш олдох цаг нь болоогүй гэж бодож байна. Тэгээд ч монголчуудын угсаа гарал, ариун дагшин газар,өвөг дээдсээ хүндлэх нь зүй ёсных. Иймд Гурван голын сав газарт археологийн судалгааг идэвхтэй хийдэггүй. Хойч үед хадгалдагдах ёстой. Хүннүгийн үеийн язгууртны булшийг ч бас бүгдийг нь малтана гэж байхгүй шүү дээ. Бидний хойч үед судлах дурсгалууд үлдээх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж