"Токиогийн 2020 оны паралимпд эх орноо төлөөлөн оролцох том зорилгын дор бэлтгэлээ хийж байна даа" хэмээн хүсэл тэмүүлэл дүүрэн ярих бүсгүйг Ч.Тунгалагтуяа гэдэг. Тэрбээр зураач мэргэжилтэй бөгөөд уг спортоор хичээллэхийн зэрэгцээ зурах сонирхолтой хүүхдүүдэд хичээл заадаг гэнэ.
"Монголын туялзуур сэлэмний холбоон"-оос тэргэнцэртэй туялзуур сэлэмний спортыг Монголд хөгжүүлэхээр “Флеш фенсинг” клубийг өнгөрсөн оны гуравдугаар сард нээжээ.Тус клуб тэргэнцэртэй тамирчдаар дагнасан дасгалжуулагч, шүүгчтэй.
Ч.Тунгалагтуяагийн хувьд тус клубийг анх нээгдсэн цагаас нь өдийг хүртэл хичээллэж байна. Тэд долоо хоногийн хоёр өдөр, хоёр цагаар бэлтгэлээ хийдэг бөгөөд бэлтгэлийн байр нь хоёрдугаар давхарт байрладаг учир тамирчид гэр бүлийнхэн нь эсхүл дасгалжуулагч багш нь тэвэрч оруулдаг гэдгийг хэлж байлаа.
“JCI прогресс” төрийн бус байгууллагын /ТББ/ санаачлан хэрэгжүүлж буй "Тэргэнцэртэй баатрууд" төслийн хүрээнд зохион байгуулсан Монголын анхны бие даасан тэргэнцэртэй сэлэмний "Progress Cup" 2019 тэмцээн өнгөрсөн ням гаригт буюу гуравдугаар сарын 30-ны өдөр яармагийн “Porsche show¬room”-д амжилттай зохион байгуулагдсан юм. Энэхүү тэмцээнд оролцохоор ирсэн байхад нь Ч.Тунгалагтуяатай таарлаа. Тэмцээнд найман эрэгтэй, зургаан эмэгтэй тамирчин оролцсон ч цаана нь 16 тамирчин бэлтгэгдэж байна.
Тэргэнцэртэй туялзуур сэлэмний холбооноос тамирчдаа бэлдэн дасгалжуулагч, тамирчдынхаа тоог нэмэгдүүлэн ажиллах бол “JCI прогресс” ТББ тамирчдад шаардлагатай тоног төхөөрөмж, хувцас хэрэглэгдэхүүн зэрэгт дэмжлэг үзүүлэн 2020 оны Токиогийн паралимпийн эрх авах томоохон зорилго тавьжээ.
Тэдний Токиогийн паралимпийн эрх авах хэмжээний тамирчныг эртнээс бэлтгэх, сонгон шалгаруулах, туршлагажуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, спортод дурлуулах, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх зорилготой аж.
Энэ үеэр Монголын туялзуур сэлэмний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын тэргэнцэртэй туялзуур сэлэмний холбооны тэргүүн, “Флеш фенсинг” клубийн эзэн Ө.Үнэнбүрэнээс тэмцээний талаар тодрууллаа.
–Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан арга хэмжээ, тэмцээн Монголд харьцангүй цөөн болдог. Эл орон зайг нөхсөн, зөвхөн пара тамирчдад зориулсан тэмцээн өнөөдөр болж байна. Тэмцээний талаар сонирхуулна уу?
–Тэргэнцэртэй туялзуур сэлэмний спортыг Монголд хөгжүүлэхийг олон жилийн өмнөөс зорьж, түүндээ хүрэхийн тулд “Флеш фенсинг” клубийг өнгөрсөн гуравдугаар сард нээсэн. Бид өмнө нь тэмцээнээ Монголын туялзуур сэлэмний холбооны үндсэн тэмцээнтэй хамтатган хийдэг байлаа. Хоёр ч тэмцээнийг тэгж хийсэн. Энэ удаагийнх зөвхөн тэргэнцэртэй тамирчдад зориулсан, дагнасан гэдгээрээ онцлог юм.
–Ямар болзол хангаж, шалгуурыг нь давсан туялзуур сэлэмний тамирчин паралимпийн эрх авах вэ?
–Тэмцээнд тогтмол оролцон, чансааны оноо цуглуулах шаардлагатай. Токиогийн паралимпийн эрх олгох гурван тэмцээн зургаа, ес, арванхоёрдугаар сард болно. Хэрвээ манай тамирчид паралимпийн эрх авч чадахгүй бол цагаан хуудсаар оролцох боломжтой. Ямартай ч цөөндөө нэг тамирчнаа “Токио-2020”-д өрсөлдүүлэхээр зорьж байна.Нэг жилийн хугацаанд 30 гаруй тамирчидтай болно гэдэг чамлахааргүй амжилт.
– Туялзуур сэлэмний спортын онцлогоос дурдвал ?
-Туялзуур сэлэм нь хүнээс маш олон зүйлийн чадвар шаарддаг, хүний олон чадварыг хөгжүүлдэг. Түүнээс гадна туялзуур сэлмийг хөдөлгөөнт шатар гэдэг. Тулалдаж байхад хүний бүх булчин ажилладаг болохоор эрүүл мэндэд асар их тустай. Гар нь саажилттай, булчингийн зангиралтай байсан нэг хүн эл спортоор хичээллээд эрүүл болсон тохиолдол бий. Тийм болохоор энэ спортоор дамжуулж нийгэмд олон төрлийн эерэг өөрчлөлт бий болгож чадна гэж боддог.
JCI БАЙГУУЛЛАГА НЬ ӨӨРӨӨ НИЙГЭМД БАЙГАА ИДЭВХТЭЙ ЗАЛУУЧУУДЫН НЭГДЭЛ. ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД НИЙГЭМД ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ БҮТЭЭХ ЗОРИЛГОТОЙ
“Тэргэнцэртэй баатрууд” төслийг санаачлан хэрэгжүүлж буй буй “JCI прогресс” ТББ-ын 2019 оны ерөнхийлөгч Г.Оргилоос зарим зүйлийг тодрууллаа.
-Төслийн хүрээнд тамирчдаа 2020 оны паралимпд оролцуулах том зорилго тавьжээ.
– Тэргэнцэртэй сэлэмний холбоо хөгжлийн төлөвлөгөөгөө 2027 он хүртэл гаргачихсан байгаа. Бид “Тэргэнцэртэй баатрууд” төслийн хүрээнд, спортоор дамжуулан энэ жил дахин 200-гаад хүнийг хөгжүүлэх, тэднээр дамжуулан бусдад үлгэрлэх, нийгэмд гэрэл гэгээ түгээхийг хичээж байна. Паралимпд оролцохын тулд эхлээд олон улсын тэмцээнүүдэд урьдчилсан шатны олимпийн эрх авах тэмцээнүүд болдог. Эхний ээлжид эдгээр тэмцээнүүдэд монгол тамирчдаа оролцуулж туршлага суулгах зорилготой байна. Монголдоо тэргэнцэртэй туялзуур сэлэмний тэмцээн зохион байгуулж тамирчдын зэргийг тодорхойлон тэмцээнээс гарсан ранк зэргээс элит тамирчдаа шалгаруулан тусгайлан бэлтгэсний дараа олон улсын тэмцээнд оролцуулна. Монголд туялзуур сэлэмний холбоо нь үүсгэн байгуулагдаад удаагүй байна. Хэдий тийм боловч бид богино хугацаанд идэвхтэй сайн ажиллан олон улсад үнэлэгдэж чадах юм бол тамирчдыг урилгаар буюу цагаан хуудсаар оруулахыг үгүйсгэхгүй.
-Ер нь олон улсын тэмцээн уралдаанд оролцох зардал мөнгөний асуудлыг хэрхэн шийдэж байна вэ? Хүндрэл гарч байна уу?
–“JCI прогресс” ТББ дэмжин ажиллаж байгаагийн хувьд тодорхой бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлж байна. Эхнээсээ нааштай хариу өгөөд явж байна. Эхний жишээ бол “Porsche Mongolia”-гийнхан өнөөдрийн тэмцээнийг ивээн тэтгэгчээр ажилласан. Мэдээж тухайн тамирчныг олон улсын тэмцээнд оролцуулахад зардлыг даах, эсхүл шаардлагатай хувцас хэрэглэлээр, тоног төхөөрөмжөөр хангахад ивээн тэтгэгч байгууллага зайлшгүй хэрэгтэй."Тэргэнцэртэй баатрууд" төсөл тэргэнцэртэй тамирчдын нийгмийг оролцоог сайжруулан урт хугацаанд цалин орлоготой болгох зорилготой. Эдгээр зорилгоо спортоор дамжуулан биелүүлнэ гэсэн үг.
-Таны хэлснээр тамирчдыг тогтмол цалин орлоготой болгоно гэдэг их анхаарал татаж байна. Учир нь Хөдөлмөрийн хуульд 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулна гэсэн заалт байдаг ч дээрх албан байгууллагууд тэр бүр мөрддөггүй.Тэгэхээр ямар арга замаар тэдгээр хүмүүсийг орлогын эх үүсвэртэй болгох вэ?
–Нийгмийн хариуцлагын хүрээнд компаниуд тамирчдыг ивээн тэтгэж болно. Тухайн нэг компани тамирчдыг хувцас хэрэглэлээр, олон улсын тэмцээнд оролцуулах байдлаар дэмжин ивээн тэтгэж болно. Эсхүл тамирчдыг өөрийн байгууллагад ажиллуулаад цалинжуулах бүрэн боломжтой.
-Тэгвэл таныхаар JCI Монгол байгууллага байгуулагдсанаар Монголын нийгэм болон залууст хамгийн том үнэ цэнэ нь юу байсан бэ?
–JСI байгууллага 100 гаруй жилийн өмнө АНУ-д байгуулагдсан. Монгол Улсад 27 жилийн өмнө анх байгуулагдаж байсан. JСI байгууллага Монголд 15 салбартай 1000 гаруй гишүүнтэй. Дотроо олон салбар байгууллагатай. Тэдгээр салбаруудынх нэг нь прогресс ТББ. "JCI прогресс " ТББ нь зургаан жилийн өмнө байгуулагдаж байлаа.
JCI байгууллага нь өөрөө нийгэмд байгаа идэвхтэй залуучуудын нэгдэл. Залуучууд нэгдээд нийгэмд эерэг өөрчлөлт бүтээх зорилготой. Тэрхүү эерэг өөрчлөлт маш олон төрлөөр илэрч болно. JCI байгууллагын сургалт, манлайлах, хамтрах үйл ажиллагаанууд бидэнд бодит байдлыг олон талаас нь харах боломжийг өгсөн. Манлайлагч байх, нийгмийг дүгнэх, цэгнэх, цэгцтэй харах боломжийг олгосон.
JCI байгууллагын нэг онцлог бол залуу хүмүүс эндээс өөрийгөө хөгжүүлэх тэр боломжийг олж авдаг юм. Ингэснээр тэд өөрийн амьдарч буй газар, орчин, байгууллага, улс орноо хөгжүүлэх боломжтой болдог. Дэлхийн мундаг удирдагч, манлайлагч нар ч JCI байгууллагаас суралцсан байдаг. Залуус өөрсдөө санаачил, өөрсдөө үнэ цэнийг нь бий болгодог тийм л байгууллага. JСI байгууллага Монголд 15 салбартай 1000 гаруй гишүүнтэй. Дотроо олон салбар байгууллагатай. Тэдгээр салбаруудынх нэг нь прогресс байгууллага. JCI байгууллага Нэгдсэн үндэстний байгууллагатай хамтран ажилладаг. Бидний хэрэгжүүлж байгаа нийгмийн, бизнесийн бүх төслүүд тодорхой хэмжээнд НҮБ-ын тогтвортой хөгжлийн нийт 17 зорилтод чиглэсэн байдаг. Тухайлбал Тэргэнцэртэй баатрууд төсөл тогтвортой хөгжлийн 17 зорилтын арав дахь зорилт буюу ижил тэгш боломжийг хүн бүрт олгох зорилтын хүрээнд ажиллаж байна.
БУСДЫН ТУЛАЛЦАА АВАХГҮЙГЭЭР ГАНЦААРАА ЯВАХЫГ ХҮСДЭГ Ч ДЭД БҮТЦЭЭ САЙЖРУУЛСАН БАЙХ ХЭРЭГТЭЙ
Сурвалжлагын эхэнд нэр дурдагдсан Ч.Тунгалагтуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаад байгаа нэн чухал асуудал бол бусадтай тэгш эрхтэйгээр нийгмийн амьдралд оролцох асуудлыг онцолж байсан юм. Тэрбээр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зөвхөн нийгмийн халамжийн үйлчилгээг хүртэхээр хязгаарлагдах бус харин өөрсдөө бусдын оролцоогүйгээр бие даан үзвэр үйлчилгээ үзэх, олон нийтийн газар, худалдааны төвөөр зорчиход хүндрэлтэй байдаг.Хүний туслалцаагүйгээр зам хөндлөн гарч, босго, шатаар явж чадахгүй.
Бусдын тулалцаа авахгүйгээр ганцаараа явахыг хүсдэг ч дэд бүтцээ сайжруулсан байх хэрэгтэй. Ядаж л аль ч газар хаалга хийлээ гэхэд босгогүй хийж байж бид бусдын тулалцаагүй өөрсдөө дотогш нэвтэрч чадна. Тухайлбал, нэг байгууллага сонгоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмжтэй орчин хийгээч гэх юм бол надад зориулж хийж байгаа юм шиг ярьдаг. Яг үнэндээ Монгол Улсын хөгжилд зориулж хийж байгаа шүү дээ” гэж байлаа.
Түүний хэлж байгаагаас гадна бидний хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ханддаг хандлага маань эрүүл бус гэхэд хилсдэхгүй. Үнэндээ тэд яг л бидэнтэй адил нийгмийн амьдралд орох эрхтэй бас хүсэлтэй. Харин түүнийг нь бид дандаа үгүйсгэж ханддаг хандлагаараа тэднийг жинхэнээс нь хөгжлийн бэрхшээлтэй болгож байдаг. Тэдний бэрхшээл бие махбодийн дутууд байдаггүй. Бидний, тэдний гэр бүлийнхний, манай нийгмийн сэтгэлийн бэрхшээл тэднийг хөгжлийн бэрхшээлтэй болгож байдаг юм шүү.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ