"Хүүхэд харах үйлчилгээг зогсоож байгаад харамссан" | News.MN

"Хүүхэд харах үйлчилгээг зогсоож байгаад харамссан"

"Хүүхэд харах үйлчилгээг зогсоож байгаад харамссан"

"Энэрэл" хүүхэд хөгжлийн төвийг үүсгэн байгуулагч Т.Туяажаргал

Энэ бүсгүйг Т.Туяажаргал гэдэг. Тэрбээр гурван хүүхэдтэй, өрх толгойлсон ээж. Түүний дунд хүү Т.Түвшинтөр 2007 онд хоёр настайдаа өвчний улмаас гэнэт ярих, алхах чадвараа алдаж, байнгын асаргаанд оржээ. Т.Түвшинтөр тархины саажилттай гэсэн оноштойгоор 10 гаруй жил шаналж байгаа бөгөөд одоо 13 настай.

Т.Туяажаргал гэх энэ бүсгүйтээ анх 2017 онд ярилцаж байхад  “Дунд хүү минь хөгжлийн бэрхшээлтэй болсон тэр өдөр амьдрал, ертөнцийг үзэх үзэл тэр чигээрээ өөрчлөгдсөн. Эрүүл сайхан өсөж байсан хүү минь хоёр настайдаа гэнэт өвчний улмаас өөрт байсан бүх чадвараа алдаж, байнгын асаргаанд орсон. Тухайн үед хүү маань шөнө ч унтаж чадахгүй шаналдаг байлаа. Эхний хоёр жил үнэхээр аймшигтай үе байсан. Өдөр хоногийг яаж өнгөрөөхөө ч мэдэхгүй, зөвхөн хүүхдээ л яаж өвтгөхгүй байх вэ гэж шаналдаг байлаа” хэмээн хүүгийн ээж нүдэндээ нулимстай өгүүлж байсан юм. Харин энэ удаа биднийг зорин очиход /2019.03.29/  ээж, хүү хоёрын нүднээс аз жаргал, нүүрэнд нь инээмсэглэл тодорч байлаа.

Бүсгүйг зарим хүмүүс “Ээлтэй ертөнц”-ийн Т.Туяажаргал гэдгээр нь илүү мэднэ. Учир нь тэр 2009 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харангаа гэртээ чихмэл тоглоом хийж эхэлсэн. Тэгвэл хөдөлмөрч бүсгүй маань 2018 оны есдүгээр сараас өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлээд зогсохгүй “Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийг үүсгэн байгуулаад буй. Ингээд “Энэрэл” төвөөс бэлтгэсэн сурвалжлагаа хүргэе.

ХҮҮХДҮҮД “ТОГООЧ ЭЭЖ”-ИЙНХЭЭ БҮХ ХООЛОНД ДУРТАЙ

Өнгө өнгийн цэцэгс алаглаж, зөөлөн тоглоомоор чимсэн “Энэрэл” төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хөгжиж,  эцэг, эхчүүдэд нь ажил эрхлэх боломж олгодгоороо онцлог. Монгол улсад анх удаа асран хамгаалагчтай ажлын байр бий болсон нь энэ юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжүүлэх төвд тархины саажилттай 12 хүүхэд хамрагджээ. Тэдний хамгийн бага нь хоёр настай бол хамгийн том нь буюу 13 настай Түвшээ бол Т.Туяажаргал бүсгүйн дунд хүү ажээ.

Ангийн хаалгаар ороход үүдний самбар дээр хүүхдүүдийн бүтээлийг дэлгэжээ. "Энэ ямар амьтан бэ?" гэж асуухад хүүхдүүд "Пороро" хэмээн амандаа бувтанана. “Энэрэл” төвийн хүүхдүүд цэцэрлэгтээ ирэх их дуртай гэдгийг багш нар нь хэлж байв. Багш нар нь өглөө хүүхдүүдээ хүлээн авч, өглөөний ундаа уусны дараагаар хөгжүүлэх үйл ажиллагаандаа ордог. Хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүд маань жирийн хүүхдүүд шиг юмыг хурдан ойлгохгүй ч ойлгохоороо инээмсэглэж, алгаа ташиж илэрхийлдэг тухай багш нь ярьж байлаа. Тус төв долоон мэргэжилтэн, хоёр зөвлөх багштай. Тэдний нэг Д.Солонго багш “Би 2014 онд цэцэрлэгийн багш мэргэжлээр их сургуулиа төгссөн. Энэ төвд багшлаад гурван сар болж байна. Анх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллахад хэцүү байна гэж бодож байсан. Тэгсэн би туршилтын тав хоногийн хугацаанд хүүхдүүддээ хурдан дассан. Шавь нар маань хөдөлгөөний бэрхшээлтэй ч хүний ярьж, хэлж байгааг маш сайн ойлгоно. Дуу заахаар шууд дагаад дуулахгүй ч сэтгэл хөдлөлөөрөө илэрхийлдэг” тухай ярилаа.

Тогооч ээж Д.Батсайхан

“Энэрэл” төвийн хүүхдүүд энэ эмэгтэйг “Тогооч ээжээ” гэж дууддаг. Түүнийг Д.Батсайхан гэдэг. Тэрбээр анх энэ төвийг нээгдэхэд Т.Туяажаргал бүсгүйтэй танилцаж, хамтран ажиллахаар эргэлт буцалтгүй шийдсэн хүмүүсийн нэг. Тогооч Д.Батсайхан эгчийн ганц хүү нь тархины саажилтай бөгөөд энэ өвчнөөр олон жил шаналж буй нэгэн. Тиймээс ч “Энэрэл” төвд хүүгээ хамруулах бодолтойгоор анх хандаж ирсэн ч хүү нь 20 нас хүрсэн  учраас хамрагдах боломжгүй болжээ. Тогооч ээж хүүхдүүдийнхээ хоол хүнсэнд их анхаарна. Өдөр өдрийн хоол хүнсээ жижиглэж бэлтгээд, тусгай уутанд хийгээд хөлдөөчихсөн харагдав. Тэрбээр “Хүүхдүүд маань одоо унтаад сэрцгээж байгаа. Би одоо хүүхдүүддээ хүнсний хивгээр баяжуулсан тараг өгөх гэж байна. Хүнсний хивгээ болгож, хуураад усгай саванд хийгээд бэлдчихдэг. Хивэг маань гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлдэг шүү дээ. Манай хүүхдүүд хөдөлгөөний бэрхшээлтэй учраас хоол хүнсээ жижиглэж хэрэглэдэг” гэлээ.

Т.ТУЯАЖАРГАЛ: ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САНХҮҮЖИЛТИЙГ ЗОГСООНО ГЭДГИЙГ ДУУЛААД, ХАРАМССАН

"Ханни" зөөлөн тоглоомын үйлдвэр

Одоогийн байдлаар “Энэрэл” хүүхэд хөгжүүлэх төвд тархины саа, булчингийн чангарал гэсэн оноштой 12 хүүхдээс гадна тэдний эцэг эх, багш нар гээд 13 хүн ажиллаж байна. Төвийг үүсгэн байгуулагч Т.Туяажаргалын хувьд байнгын асаргаатай хүүхэд хөгжүүлэх төвөө санхүүжүүлэхэд тийм ч амаргүй байгаа тухайгаа нуулгүй хэлсэн юм.

Тэрбээр “Ажилчдаа цалинжуулж, хүүхдүүдээ тусгай хэрэгцээт бүх зүйлээр нь хангах, хоол хүнс гэх мэтчилэн маш өндөр зардлыг “Ханни” зөөлөн тоглоомын үйлдвэрийнхээ орлогоос оруулаад явж байгаа. Энэ үйлчилгээ маань Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах бүрэн боломжтой. Үүний дагуу бид сургалтад хамрагдаж байж энэ үйлчилгээг авах ёстой. Тиймээс бид өнөөдрийг болтол сургалт нь хэзээ болох бол гэж хүлээгээд байж байна. Өдөр болгон очиж уулзаад явдаг. Гэтэл Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсээс ирэх зургадугаар сарын 1-нээс Хүүхэд харах үйлчилгээний бүх санхүүжилтийг зогсоож байгаа гэсэн мэдээг дуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхдэд 200 гаруй мянган төгрөгөөр тооцдог хууль журам байгаа болохоор хүүхдийнхээ тоогоор сард 2.5 сая орчим төгрөг улсаас орж ирэхэд манай зардлын талд нь ч хүрэхгүй л дээ. Гэхдээ чанга атгаж болохоор гэж тооцож байлаа. Бид энэ төвдөө тархины саатай хүүхдүүдээс гадна оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг нэмж аваад нийт 25 орчим хүүхдийг хамруулах зорилготой байсан бол одоо маш хүнд байдалд эргээд орж байна. Гэхдээ бид төвийнхөө үйл ажиллагаагаа зогсоохгүй л дээ. Өөр арга замыг эрэлхийлж бодож сууна. Бидэн шиг хажуудаа жижигхэн ч гэсэн үйлдвэрлэл эрхлээд төвийнхөө үйл ажиллагааг санхүүжүүлээд явах боломжтой газар тун ховор шүү дээ” хэмээн учирлана.

Түүний хувьд өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн тулд олон ч жил уйгагүй хөөцөлдөсний эцэст “MCD estates” компани “Энэрэл” төвийн байрыг үнэ төлбөргүй ашиглуулж, “Митсүбиши” корпораци хүүхэд хөгжүүлэх төвийг санхүүжүүлж,  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих төслөөс 25 сая төгрөг санхүүжилт авч чадсанаар “Энэрэл” төвөө үүсгэн байгуулж чаджээ.

“ХИЙХЭЭР ЗОРЬЖ БУЙ АЖИЛД НЬ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ТУСЛАХЫГ ХҮССЭН”

Үүдээ нээгээд хагас жил болж байгаа “Энэрэл” төвийнхөнд чин сэтгэлээсээ туслахаар зориод ирэх хүн цөөнгүй. Биднийг очиход “Лантуун дохио” төрийн бус байгууллагын гишүүн залуус сайн дураараа туслахаар ирсэн байв. Мөн иргэн Т.Мөнхдэлгэр “Энэрэл” төвийн талаар телевизийн нэвтрүүлэг үзээд, багахан ч гэсэн дэм болохоор хүүхдүүдэд үлгэрийн ном, жимс жимсгэнэ бэлэглэхээр зорин ирэхтэй тааралдлаа.

“Анх энэ төвийн үүсгэн байгуулагч Т.Туяажаргалын оролцсон “Болзоо” нэвтрүүлгийг үзээд сэтгэл их хөдөлсөн. Энэ бүсгүйн хэлсэн нэг үг нь надад их таалагдсан. Хүмүүс 5, 10 мянган төгрөг хандивлан гэхээр “Ярьшиг, хэдэн төгрөг нэмэр болох уу” гэж цааргалдаг шүү дээ. Гэтэл энэ эмэгтэй “Нэг хүн 1000 төгрөг ч гэсэн хандивласан бол” гэж ярихаар нь их сэтгэл хөдөлсөн. Тэгээд л энэ бүсгүйн хийхээр зорьж буй ажилд нь чин сэтгэлээсээ туслахыг хүссэн юм. Миний зүгээс олон сая төгрөг өгч чадахгүй ч чадлынхаа хэрээр туслахыг хүссэн” хэмээн ярив.

Х.ЭРДЭНЭБААТАР: ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН ХУВЬД ХҮҮХДЭЭ ХАРААД НАСААРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ БОЛОМЖГҮЙ БАЙДАГ

“Энэрэл” төвийн дэргэдэх “Ханни” зөөлөн тоглоомын үйлдвэрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй долоон эцэг, эх ажилладаг.  Тэдний нэг нь Х.Эрдэнэбаатарын гэр бүл юм. Эхнэр нь хүүхдээ эхний гурван жил гэртээ харжээ. Тэрнээс хойш аав нь долоон жил хүүгээ гэртээ харсан байна. Учир нь хүүхэд өсөхийн хэрээр өргөж даах, хувцаслаж, хооллоход хүндрэл үүсдэг. Тиймээс аавынх нь хувьд асрах хэрэгтэй болсон гэдгийг хэлж байв.

Тархины саажилттай хүү нь зургаан нас хүртлээ Монгол Улсад ганц байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн  10 дугаар яслид хамрагдсан. Хүү зургаан наснаас хойш цэцэрлэг, сургуульгүй болж, эцэг, эхийнх нь хувьд хаана хүүхдээ хөгжүүлэх вэ гэдэг асуудалтай нүүр тулж эхэлжээ.

Тэрбээр “Миний хүү тархины саажилттай. Одоо 10 настай. Энэ төвд одоо явж байна. Манай гэр бүл “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагад нэгдээд хоёр жил гаруй болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхчүүдийн нэг том бэрхшээл нь хүүхдээ хараад насаараа хөдөлмөр эрхлэх боломжгүй байдаг. Хоёрдугаарт, Монгол Улсын хуулинд зургаан нас хүрээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ямар ч цэцэрлэг, сургуульгүй болчихдог. Энэ хоёр асуудлыг шийдэж чадсан газар бол “Энэрэл” төв юм. Бид хүүхдээ асруулаад, өөрсдөө ажил хөдөлмөр хийх боломжтой анхны төв манай улсад нээгдээд байна. Төвөө нээгээд удаагүй байгаа ч үйл ажиллагаа нь жигд явж чадаж байна. Хүндрэлтэй асуудал гарсан ч эхнээсээ бид даван туулаад л явж байна” гэлээ.

Тус төвд нэг хүүхэд сард 250 мянган төгрөгийн төлбөр төлдөг бөгөөд үйлдвэрийн ажилчдын хүүхдүүд 200 мянган төгрөгөөр хүүхдээ хамруулдаг байна. Х.Эрдэнэбаатар үргэлжлүүлэн ярихдаа “Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхчүүд мэргэжилтэй, мэргэжилгүй олон янз байдаг. Тэд хамтраад ажиллах гэхээр оёдлоос өөр нэгдэх санаа одоогоор байхгүй байна. Зөөлөн тоглоомын үйлдвэрлэлийн хувьд таван хошуу мал хийдэг. Хажуугаар нь өөрсдийн хийж чадах хэмжээндээ албан байгууллагаас хувцасны захилга авдаг. Үйлдвэр маань нээгдсэнээс хойш олон захиалга авч байна. Одоогоор зургадугаар сар хүртэл ямар ч захиалга нэмж авахааргүй болсон” гэв.

Гэрэл зургийг Ж.Ууганбаатар

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zol 2019-04-01 64.119.24.57

mundag shuu

Avatar

туул 2019-04-01 122.201.19.99

Ийм сайхан мэдээ баймаардаа хаягаа тодорхой бичээрэй хандив бага гэхгүй өргөе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж