Жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр бол Олон Улсын уран бүтээлчдийн өдөр. Дэлхий дахинаа тэмдэглэдэг энэ баярын өдрийг манай улс хоёр дахь жилдээ тэмдэглэх гэж байна.
Монголд анх удаа уран бүтээлчдэд зориулсан “НОГООН ХИВСНИЙ ЁСЛОЛ”
Энэ удаагийн Олон улсын уран бүтээлчдийн өдрийн хүндэтгэлийн арга хэмжээг “Корпрэйт конвэйшн центр”-т зохион байгуулах бөгөөд Монголын соёл урлаг, утга зохиол гээд бүхий л салбарын шилдэг 500 уран бүтээлч болон ОХУ, Япон, Швед, БНХАУ зэрэг олон орны уран бүтээлчид урилгаар оролцох аж.
Энэ жил хүндэтгэлтйн арга хэмжээг зохион байгуулахдаа ногоон дэлхийн төлөө уран бүтээлчид нэгдэж, Ногоон хивсний ёслолыг зохион байгуулахаар болжээ. Мөн хүндэтгэлийн хүлээн авалтын зоог нь зөвхөн Веган буюу ногоон хоолноос бүрдсэн гэдгээрээ онцлог.
Хүндэтгэлийн тоглолт болно
“Эх тэнгэрийн ивээл” хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт С.Сүхбаатар ажиллаж байна. Мөн тус тоглолтод манай орны урлаг соёлын сор болсон уран бүтээлчдийн бүтээлийн дээжээс толилуулах юм. Хүндэтгэлийн тоглолтод Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Монгол Улсын Морин хуурын чуулгын 250 гаруй мэргэжлийн уран бүтээлчид оролцоно.
А.СҮРЭН