Цөмийн зэвсгээ АНУ-д шилжүүлэхийг Ким Жон Унаас шаарджээ

Хуучирсан мэдээ: 2019.03.31-нд нийтлэгдсэн

Цөмийн зэвсгээ АНУ-д шилжүүлэхийг Ким Жон Унаас шаарджээ

Цөмийн зэвсгээ АНУ-д шилжүүлэхийг Ким Жон Унаас шаарджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард Вьетнамын нийслэл Ханой хотноо Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр цөмийн зэвсэг болон түүний түүхий эдийг АНУ-д шилжүүлэн өгөхийг шаардсан баримт бичгийг Ким Жон Унд өгсөн тухай Ройтерс агентлаг мэдээллээ.

Тодруулбал, Англи болон Солонгос хэл дээр бичигдсэн уг баримт бичигт Хойд Солонгосыг цөмийн зэвсэг болон түүний түүхий эд болох түлшийг АНУ-д шилжүүлэн өгөх, биологийн болон химийн зэвсэг бүтээх хөтөлбөр болон бүх баллистик пуужин, хөөргөлтийн төхөөрөмжүүд түүнтэй холбоотой объектуудыг устгах, үүнтэй холбогдуулан АНУ олон улсын шинжээч, мэргэжилтнүүдийг эх орондоо нэвтрүүлэн хянуулах, цөмийн хөтөлбөрийн талаар хамтарсан тунхаг гаргах зэрэг шаардлагыг тавьсан байжээ. Уг бичгийг Дональд Трамп Ханойн “Метрополь” зочид буудалд байрлаж байсан Ким Жон Унд хүргүүлсэн байна.

Хоёр улсын удирдагчдын хоёр дахь түүхэн дээд хэмжээний уулзалт өнгөрсөн сарын 27-28-ны өдөр Вьетнамын нийслэлд болж өнгөрсөн. Харамсалтай нь хоёр тал тохиролцоонд хүрч чадалгүй уулзалт бодит үр дүнгүй өндөрлөсөн. Уулзалтын дараагаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын талаас бүх хоригоо цуцлаад оронд нь цөмийн зэвсгээ устгах санал тавьсан, харин түүнийг АНУ хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан гэж тайлбарласан. Гэтэл Хойд Солонгосын талаас гол таван хоригийг хэсэгчлэн цуцлах санал тавьсан, АНУ бидэнд “дээрэмчин шиг хандсан”, “алтан боломжийг алдлаа” гэх зэргээр АНУ-ыг буруутгаад байсан юм.

Ингээд Дональд Трамптай зөвшилцөж чадаагүй Ким Жон Ун эх орондоо эргэн ирсэн даруйд Хойд Солонгос цөмийн реакторуудаа идэвхжүүлж эхэллээ гэсэн мэдээ цацагдаж эхэлсэн. Үүний дараа АНУ Хойд Солонгосыг их хэмжээний нүүрс, газрын тос импортолж, НҮБ-ын хоригийг зөрчсөн хэмээн буруутгаж, Хойд Солонгосын газрын тосыг зөөвөрлөсөн гэх Хятадын хоёр компанид хориг тавьж байгаагаа зарласан.

Гэтэл үүнд нь хариу барив уу гэлтэй АНУ-ын мэдэгдлийн дараа Хойд Солонгос Өмнөд Солонгостой хамтарсан төлөөлөгчийн газраас ажилтнуудаа гэнэт татах шийдвэр гаргав. Өмнөдүүд ч сандарч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулж, Хойд Солонгосыг ийм алхам хийсэнд харамсаж байгаагаа илэрхийлсэн ба Дональд Трамп шинэ хоригоо цуцлана хэмээн твиттертээ жиргэсэн юм. Удалгүй Хойд Солонгосын төлөөлөгчид эргэн ирж, байдлыг хэсэг намжааж байтал АНУ-ын талаас дахин мэдэгдэл хийж Ерөнхийлөгч Трампын мэдэгдлийг үгүйсгэн гаргасан шийдвэрээсээ буцахгүй гэж мэдэгдээд байгаа билээ. Ямартаа ч Ханойн уулзалтаар Дональд Трамп Ким Жон Уныг хилэгнүүлсэн үү ихэд нааштай байсан Солонгосын хойгийн асуудал уулзалтаас хойш хурцдаж эхэлсэн юм.

Эх сурвалж:REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж