Хуулийн байгууллага "удирдлагагүй" болов

Хуучирсан мэдээ: 2019.03.31-нд нийтлэгдсэн

Хуулийн байгууллага "удирдлагагүй" болов

Хуулийн байгууллага "удирдлагагүй" болов

NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ӨНДӨРЛӨВ

УИХ-ын ээлжит бус чуулган Ерөнхийлөгчийн “хүслийг” гүйцээж, хуулийн байгууллагын удирдлагыг чөлөөлөх хуулийн төслүүдийг батлав. Ээлжит бус чуулганаар Татварын багц хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, тендерийн тухай хууль болон хуулийн байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу чөлөөлөх зэрэг хуулийн төслүүдийг баталснаар өндөрлөсөн юм.

ШУУГИАНД ДАРАГДСАН АЙЛЧЛАЛ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён айлчлав. Хоёр өдрийн айлчлалын хүрээнд талууд албан ёсны хэлэлцээ хийв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 1 дүгээр сард БНСУ-д айлчилсны хариуд ийнхүү Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойн өдөр Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, БНСУ-ын Ерөнхий сайдын энэхүү айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ онд гадаад айлчлалаа Монгол Улсаас эхлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна гээд Монгол, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайдтай хамтран эрчимтэй ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ “ЯАРАЛТАЙ” ЗАРЛИГ

Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, орлогч Д.Эрдэнэбат нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай зарлиг гаргалаа. Тодруулбал, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бөгөөд түүнийг ёсчилж, зарлиг гаргасан юм.

Мөн Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг огцруулах зарлиг гаргасан. Одоо прокурорын байгууллагын орлогч Г.Амгаланбаатар түр орлож байгаа юм. Тиймээс энэ баасан гаригт эхлэх ээлжит хаврын чуулганы эхэнд хуулийн байгууллагын зарим удирдлагыг томилох болов уу.

ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ГЭХ БИЧЛЭГИЙГ СЭТГҮҮЛЧДЭД ҮЗҮҮЛЭВ

С.Зориг агсны амь насаа алдсан хэргийг үйлдсэн хэмээн шүүхээс ял сонсч, хоригдож байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн тухай 27 минутын бичлэгийг УИХ-ын гишүүдэд өчигдөр /2019.03.28/ үзүүлсэн. Энэ бичлэгийг өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагын 190 орчим төлөөлөлд хаалттайгаар үзүүлэв. Бичлэгт 2015 оны есдүгээр сарын 6-ны өдрийг хүртэлх дүрс гарах бөгөөд Тагнуулын байгууллагын танилцуулснаар бичлэгийг дахин сэргээсэн учраас дуу, дүрсний хувьд “цэвэр” биш гэдгийг тодотгов. Бичлэгийн эхний хэсэгт Б.Содномдаржааг агааржуулагчгүй, цонхгүй, зориулалтын бус өрөөнд хорьж, тус өрөөнд хэргийн хамсаатан болох Ц.Амгаланбаатарыг өөр нэг хэрэгтний хамт байрлуулж буй.

Энэ бичлэгт гарч буй үйлдлүүд нэг хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүсийг нэг өрөөнд хорихгүй байх, зориулалтын хорих өрөөнд байлгах зэрэг хүний эрхийн асуудлуудыг зөрчсөн үйлдэл их байгааг Тагнуулын байгууллагын ажилтан онцолсон. Мөн энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа учраас зөвхөн зөвшөөрсөн хэмжээнд үзүүлж болохуйц бичлэгийг үзүүлж байгааг ч дурдсан юм. Бичлэг хийгдсэн он сар өдөр, тухайн хорих өрөө зэрэг нь хүний эрх зөрчигдсөн, хэд хэдэн хууль зөрчсөн үйлдлүүд байв. Гэхдээ энэ бүхнийг нэг удаагийн бичлэгээр дүгнэхээс илүү хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаж хуулийн байгууллага үнэн зөвөөр нь эцэслэх учиртай.

ЕРӨНХИЙ ЗАХИРЛААР Х.БАДАМСҮРЭНГ УЛИРААН ТОМИЛОВ

Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/ болгон өөрчилж, дүрмийг нь баталсантай холбогдуулан Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг улираан томилжээ. Х.Бадамсүрэн нь 2016 оны 12 дугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан юм.

Тэрбээр уул уурхайн инженер-маркшейдер мэргэжилтэй. "Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр"-т Захирлын нэгдүгээр орлогч, "Монголросцветмет нэгдэл"-д Ерөнхий захирлаар ажиллаж байсан. МөнУул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын албыг хашиж байсан билээ. “

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж