Польшийн Торун хотод болж буй хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх дөхөж байна. Энэ сарын 24-ний өдөр эхэлсэн тэмцээнд дэлхийн олон орны тамирчид хурд хүчээ сорьж, шинэ амжилтууд ээлжлэн гарсаар. Мөн дэлхийн олон орны тамирчид амжилтаараа ялгарч аваргын алтан медалыг хүртэн эх орныхоо Төрийн дууллыг эгшиглүүлсээр байна.
Монгол Улсын тамирчин 85 настай Ц.Раднаа эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд аваргын алтан медалыг хүртээд байсан билээ. Тэрбээр өчигдөр болсон 60 метрийн саадтай уралдаанд Итали, АНУ-ын тамирчдыг ардаа орхин аваргын алтан медалыг хүртлээ. Энэ зайд 85-аас дээш насны гурван тамирчин оролцсон юм.
Ц.Раднаа хэдхэн хоногийн өмнө 400 метрт Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин түрүүлж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон бол дахин алтан медалын тоогоо нэгээр нэмлээ. Тэрбээр энэ жилийн мастеруудын ДАШТ-д хоёр алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга болж байна.
Монголын багаас 81 настай Т.Цэрэндолгор бөөрөнцөг түлхэлтийн төрлөөс мөнгөн медаль хүртсэн юм.
Польшийн Торун хотод энэ сарын 24-д эхэлсэн хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө.
Тэмцээний дүнг ЭНД дарж үзнэ үү.