Олон улсын жүдо бөхийн холбооноос Гүржийн Тбилис хотод уламжлалт томоохон тэмцэний нэг болох “Тбилисийн Гран-при” тэмцээнийг зохион байгуулж байна. Нийт 52 орны 371 жүдоч оролцож буй тэмцээнд Монгол Улсаас дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг, Г.Болдбаатар нарын тэргүүтэй 15 тамирчин оролцож байна.
Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорсон.
Манай долоон жүдоч барилдсанаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, гурван тамирчин шагналт байранд шалгарлаа.
М.Уранцэцэг жингээ тэргүүлж эхийн тойрогт гоц мөргөн Сербийн А.Стожадинов, Бразилын Б.Наталиаг ялсан ч хагас шигшээд Францын М.Клементэд торгуулиар ялагдсан. Манай бөх хүрэл медалын төлөөх барилдаанд Францын Бландине Понттыг ялснаар медалын тавцанд зогслоо. Энэ жинд 27 жүдоч барилджээ.
Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар, эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Хорлоодой нар шагналт тавдугаар байр, эрэгтэйчүүдийн 66 кг-д Б.Алтансүх шагналт долдугаар байр эзлэв.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Манай бөхчүүдээс Г.Одбаяр, Г.Чойжилсүрэн /хоёул 73/, Ц.Сүнжидмаа /63/ нар барилдана.
“Тбилисийн Гран при” тэмцээн маргааш өндөрлөнө.
Холбоотой мэдээ