Муу нь муудаа жанжин, муна гадсандаа жанжин гэгч үгийг эрх баригч намынханд хаяглахад буруудахааргүй болоод байна.
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүд өчигдөр (2019.03.29)УИХ-ын дарга Г.Занданшатарт Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлээ өргөн барив.
Илтгэлд эрх баригч намынхныг гаслуулаад байгаа эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал ч туссан байгаа бөгөөд 15 дахь удаадаа хөндөн тавьж буй гэж хэлж болно. Энэ тухайгаа ч Хүний эрхийн үндэсний комиссын дарга онцолж, хуулиар олгогдсон эрх хэмжээ нь эрүү шүүлтийн эсрэг зарим гомдол дээр ажиллахад хүчин мөхөстсөн гэдгээ ч уламжилжээ. Жишээ татвал С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа хүмүүс 2015 онд хоригдсон цагаасаа гомдол ирүүлж байсан хэдийч ХЭҮК хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шатанд байгаа хэргийн гомдлыг хүлээн авах боломжгүйг хуульд заасан байдаг аж. Иймээс энэ асуудлаар тус комисс УЕП, ЦЕГ, ТЕГ, ШШГЕГ-ын даргад бичиг хүргүүлсэн ч ганхцан Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатар хариу ирүүлж байжээ. Мөн нууцын зэрэглэлтэй хэрэг учраас энэхүү асуудлыг ХЭҮК нийтэд зарлах боломжгүй байсан аж.
Харин УИХ-ын гишүүнээр сонгогдоод гурав дахь жил рүүгээ орж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар жил гаруй ажилласан УИХ-ын дарга Г.Занданшатар ХЭҮК-ынхныг тайлан, илтгэл, бичиг өгсөн гэдэг ажлын хуучин арга барил, сэтгэлгээнээс салж ажиллах шаардлагатай гэж томорсон байгаа юм.
Хуулиараа тус байгууллага жил бүр УИХ-д тайлан өгдөг, түүндээ эрүү шүүлттэй холбоотой асуудлыг хангалттай тусгаж ирсэн. Тэр байтугай ХЭҮК-ын дарга нь зарим УИХ-ын гишүүнд эрүү шүүлт л ярилаа, үүнээс өөр ярих сэдэв алга уу гэж загнуулж суухад Г.Занданшатар дарга юу хийж явсан юм бол… Түүндээ тулбал ХЭҮК-оос өргөн барьсан Хүний эрхийн илтгэлийг УИХ-аар хэлэлцэгдэн батлагдахад нь Засгийн газар гарсан зөвлөмжийнх нь дагуу ажиллах ёстой юм. Нэг ёсны хэрэгжүүлэгч байгууллага Засгийн газар гэж хэлж болно. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар жил гаруйн хугацаанд ажиллахдаа хуруугаа ч хөдөлгөөгүй сайд одоо л нэг гэнэт ухаан орж, бусдад заах болсон нь энэ.
Ингэж бусдад томорч, дүрэмдэж суухаар өмнөх ажлаа хийсэн шиг хийчихсэн бол өнөөдөр биш жил гаруйн өмнө энэ асуудлыг анхааралдаа авч болох байсан нь өнөөдрийн үйл явдлаас харагдана.
С.Зоригийн хэрэгтэй холбоотой кейс бол ердөө нэг л эрүүл шүүлт. Сум, аймгийн цагдаагийн байгууллагад хүний эрх хэрхэн зөрчигдөж, заримынх нь амьдрал орвонгоороо эргэсэн өдий төдий эмгэнэлтэй жишээнүүд олон бий. Энэ бүхнийг ХЭҮК жил бүрийн илтгэлдээ дурдаж, түүний эсрэг арга хэмжээ авахыг анхааруулж ирсэн. Даанч харамсалтай нь нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргачихсан. Тэгсэн атал С.Зоригийн хэрэгт ял авсан хүмүүс дээр л зөвхөн эрүүдэн шүүлт гарсан юм шиг ярих нь эрх баригч намынхны хувьд ард түмнээ алагчилсан үйл явдал болж бууж байна.
Хариуцсан ажлаа хийсэн шиг хийцгээ эрх баригчид аа. Ажил хариуцна, албан тушаал хашина гэдэг бусдад томорч, дүрэмдэхээс илүүтэй болж бүтэхгүй байгаа асуудлын голыг олж, үр дүн гаргах л байдаг. Ярьсаар суутал цаг хугацаа явсаар Монгол дэлхийгээс хоцрогдож гүйцлээ. Эцэс сүүлдээ ард түмэн энэ аймшигт нийгмээс залхахдаа дүрвэе, явъя гэж ярьцгаадаг боллоо. Ийм нийгмийг бүтээхийн чинь төлөө сонгогчид та бүхнийг сонгоогүй юм шүү.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ