Б.Түвшинбат: Би алт авсан бол манайх багаараа түрүүлэх байлаа

Хуучирсан мэдээ: 2015.04.29-нд нийтлэгдсэн

Б.Түвшинбат: Би алт авсан бол манайх багаараа түрүүлэх байлаа

Монголын боксчид Индонезийн Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээнд оролцож багаараа хоёрдугаар байр эзлээд эх орондоо ирэв. Нийт хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн манай баг тамирчид үүнээс ч өндөр амжилт үзүүлэх боломжтой байсана гэнэ.

Энэ тухай тодруулахаар үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Түвшинбатыг түр хүлээлгэлээ. Тэрээр уг тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм.

-Индонезийн тэмцээнд амжилттай оролцлоо. Тэмцээний сонин сайхнаас хуваалцана уу?

-Тэмцээн маш сайхан боллоо. Зохион байгуулалт сайн байсан. Энэ тэмцээнд олон шилдэг боксчин оролцдог юм. Нэр хүндээрээ нэлээд дээгүүрт ордог. Гэхдээ энэ жил өмнөхөө бодвол харьцангуй цөөн тамирчин өрсөлдсөн юм шиг санагдсан. Индонезид нэлээд халуун байсан шүү.

– Манай тамирчид боломжоо бүрэн ашиглаж чадсан уу?

-Гайгүй гэж бодож байгаа. Шүүлтийн булхай орсон зүйл бий. Гэхдээ энэ талаар яриад дэмий биз. Манайханд дахин нэг сургамж боллоо.

-Таны хувьд?

-Би хүрэл медаль авсан. Хөмсөг задарснаас болоод мөнгөн медалийн төлөө тулалдаж чадаагүй. Тус тэмцээнд түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан шүү. Бага зэрэг харамсалтай л юм. Хэрвээ би түрүүлсэн бол манайх багаараа нэгдүгээр байр эзлэх байлаа. Би тэмцээн дууссанаас хойш л үүнийг ярьж явна. /инээв/

-Одоо ямар тэмцээн байгаа вэ?

-ОХУ-ын Хабаровск хотод болох тэмцээн манай тамирчдыг хүлээж байгаа. Ямар бүрэлдэхүүнтэй хойд хөршийг зорих нь удахгүй тодорхой болно. Дасгалжуулагч нар шийдэх байх.

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж