Монгол Улсад өнгөрсөн 15 жилийн хугацаанд жилд дунджаар 3520 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, 200 гаруй хүн амь насаа алдаж, 80 гаруй тэрбум төгрөгийн эдийн засгийн хохирол учирчээ. Дээрх тохиолдлын 90 гаруй хувийг объектын гал түймэр 84 хувийг ой хээрийн түймэр эзэлж байна. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, хотжилтын нөлөөгөөр гал түймрийн давтамж, хамрах хүрээ улам бүр нэмэгдэх болсныг мэргэжлийн байгууллагууд сануулах болжээ.
Тэгвэл ОХУ-ын Гал эсэргүүцэх албанаас 2012-2016 онд хийсэн гал түймрийн судалгаагаар Монгол Улс 1000 хүнд ногдох гал түймрийн тоогоор 57 орноос 40-д, 100 мянган хүн тутамд нас барсан хүний тоогоор есдүгээрт, түлэгдэж бэртсэн хүний тоогоор 42 орноос 34-д жагсаж байна.
Нийт хүн амын талаас илүү хувь нь оршин суух Улаанбаатар хотод гал түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Үүнийг батлах мэт сүүлийн үед орон сууц, үйлдвэр үйлчилгээний газруудад гал түймэр цөөнгүй гарч байна. Томоохон жишээ гэвэл 2017 онд “Говь” ХК-ийн үйлдвэрийн байранд, 2016 онд “Нарантуул” худалдааны төвд, 2014 онд “Шангри Ла" зочид буудалд гал гарч байсан.
ГАЛ ГАРАХААС ӨМНӨ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ ХАМГИЙН ОНОВЧТОЙ АРГА
Тэгвэл өчигдөр /2019.03.29/ буюу нэгхэн өдрийн дотор нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 20х15 хэмжээтэй нийтийн байрны дээвэр, Өмнөговь аймагт таван ханатай гэр, Дорнод аймагт зоорины модон хийц, Сэлэнгэ аймагт 11х6 хэмжээтэй байшингийн дээвэр гэхчлэн дөрвөн объект шатжээ. Азаар хүний амь нас эрсдээгүй байна.
Гал гарахаас сэргийлэх арга нь урьдчилан сэргийлэлт. Гадны орнуудад галын аюулгүй байдлын стандартыг нийтээр дагаж мөрддөг, энэ стандартыг биелүүлээгүй тохиолдолд оногдох шийтгэл нь өндөр байдаг аж. Тухайлбал, Их Британид галын аюулгүй байдлын стандартыг зөрчсөн тохиолдолд мөнгөн торгуулиас эхлээд хоёр жил хүртэл хорих ял ногдуулдаг. Гэтэл манай улсад галын аюулгүй байдлын стандартыг мэддэггүй, мэдсэн ч түүнийг дагаж мөрдөхгүй байгаа нь гал түймэрт өртөх шалтгаан болоод байгаа юм. Тиймээс иргэн хүний санаатай, санамсаргүй буруутай үйлдлээс гарч буй гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо хэрэгтэй байна гэдгийг холбогдох албаны хүмүүс тодотгож байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ