Архангай, Сүхбаатар аймгийн нутагт хийсэн судалгааны явцад маш жижиг, цөөн тооны алмааз олдсон талаар ШУА-иас мэдээлэв. Мөн Хэнтий, Төв, Увс, Завхан аймгийн нутгаас техникийн алмаазын илэрц олдоод байгаа ажээ.
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Монголд алмааз бий талаар дэлхий нийтэд зарлахын тулд дахин нарийн судлах хэрэгтэйг онцолсон байна. Тэрээр “Өмнө нь алмааз олдсон газруудаас дээж авч гадаадад явуулж судлуулж байсан. Маш жижиг ширхэгтэй, гэхдээ энэ бол газрын өнгөн хөрснөөс авсан дээж юм. Гүн рүү авсан зураг арай өөр, алмаазын илэрц томоор гарч ирэх магадал өндөр байна. Хэрэв их хэмжээгээр олдвол энэ нь дэлхийн хэмжээний нээлт болж, эдийн засгийн ач холбогдолтой үйл явдал болно” хэмээн хэлжээ.
Одоогоос зургаан жилийн өмнө Монголын анхны геологичдын нэг, доктор, профессор Ж.Лхамсүрэн манай “Ньюс.мн” сайтад ярилцлага өгөхдөө “Ханхөхийн нуруу, Хангайн нуруу, Хэнтийн Цэнхэрмандалын нутагт алмааз бий. Нүдэнд үзэгдэх төдий урт урт судлууд байдаг. Нарийн судлууд нь газрын гадарга дээр гараад ирсэн.
Алмааз гэдэг чинь их гүнээс гаралтай эрдэнэ. Гэхдээ ямар ч айл авдартаа байгаа хамаг хатуу эдээ хүнд тоочоод байдаггүй биз дээ. Тиймээс тэр байж л байг. Цагаа болохоор хойч үеийнхэн ашиглана биз дээ. Бор авдарт өөр юу ч байгаа юм билээ, бид мэдэхгүй шүү дээ. Мэдээд ч хэрэггүй байх. Гол ашигт малтмалууд бүгд байна. Нөөц ч ихтэй" хэмээн ярьжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ