Монгол Улсын нутаг дэвсгэр шатаж, айлууд нь малтайгаа хуйхлагдаж байгааг дэлхий нийтээрээ харж байгаа байх. Гамшиг! Хэлж ирдэггүй хийсч ирдэг аюул. Энэ аюулаас урьдчилж сэргийлэхийн тулд Монголд төр, түүнийг залж чиглүүлэх үүрэгтэй, татварын мөнгө хүүдийлсэн хүмүүс сууж байдаг. Би, тэдний чихэнд “хонх уяж” байдаг хэдэн зүйлээ энд давтах гэсэн юм.Төр засаг солигдох болгонд анхааруулж бичдэг гурван зүйл бий.
Нэгдүгээрт: Гал түймрийн аюул. Монголын хавар, намар бол хуурайшилт ихтэй улирал. Жилийн жилд гал түймэр гарч байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд олон улсын сүүлийн үеийн хүчтэй техник технологи аваач гэдэг. Эрх баригчид дүлий юм шиг таг чиг! “Жамъян гуай зөнөглөж” гэж шоолоод л өнгөрдөг. Хар даа, өнөөдөр! Миний хэлсэн, бичсэн зүйл хавиргыг чинь хатгаад зүрх рүү чинь орж байгаа биз дээ. Бараг зуугаад газар ой хээрийн түймэр асч, газар нутгийг маань гэртэй, хүнтэй, малтай нь хуйхалчихлаа. Хүн нас барсан уу. Шатаж түлэгдсэн үү. Хачин их нууцалж байгаа. Азарга адуугаа зориудаар шатаалаа. Амьдаар нь 4000 гаруй мал хуйхалж гэнэ. Энэ чинь олон хоногийн өмнөх, хамгийн багасгаж дарсан тоо шүү дээ. Дөч гаруй айлын гэр нүүрс болсон гэнэ. Гэр нь шатаж байхад хүмүүс нь яагаа бол. Улсын нууц гэнэ.
Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрынхан газар дээр нь очлоо. “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх” гэгч энэ дээ. Хүмүүс нь улаан гараараа, чийгтэй таараар тэр их галыг балбаж байдаг улс орон Монголоос өөр бий гэж үү. Түүнийг нь харж эмгэнэх гэж эрхэм дээдэс очиж байгаа хэрэг үү. Би олон газар очиж үзээгүй. Телевизээр харахад АНУ, Австралид болсон их гал түймрийг нисдэг тэрэгнээс ус, галын хор цацаад л унтраачихдаг юм билээ. Бас гал усны ямар ч аюул дунд зүтгэж чадах хүчирхэг машинуудаар ус цацаад дор нь унтраачихдаг. Би аймаг, хот бүрийг ийм л хүчирхэг техниктэй, мэргэжлийн боловсон хүчин бэлтгээч гэж хэлээд ад үзэгдээд байгаа юм. Тэр Э.Бат-Үүлийн найзууддаа шахаж байгаа ногоон уутны олон тэрбум төгрөгийг ийм зүйлд зарцуул л даа. Н.Золжаргалын тушаал гаргаад банкныхаа ажилтнуудад тарааж байгаа “Буцалтгүй тусламж”-ийн олон тэрбум төгрөгийг энд өг л дөө. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тавиад явуулчихсан гурван луйварчны төлөх ёстой 35 тэрбум төгрөгийг энд төвлөрүүл л дээ. Тэр, С.Баярцогтын Америкийн хоёр иргэнд, “хуулийн зөвлөгөө авах” нэрээр зувчуулж байгаа 17 тэрбум төгрөгөөр хүчтэй техник хэрэгсэл ав л даа… Ингээд тоочвол Монголд асар их нөөц бололцоо бий. Даанч, улс нийгмийн эрх ашгаас хувийн эрх ашиг сонирхлыг гол болгосон энэ эрхмүүд чинь монголчуудыг гар хоосон болгочихоод газар нутгийг минь шатаагаад дуусах нь! Соёлт оронд бол иймэрхүү байдлаар хариуцлага алдсан Их хурал тарж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь, Засгийн газартайгаа огцордог юм билээ.
Олон улсаас ичихэд яана. Улсынхаа хамаг хөрөнгийг хувааж хүүдийлчихээд, түймрийн аюулд туслуулна хэмээн иргэдээсээ хандив цуглуулж байх юм гэнэ. Болиоч дээ, наад улсын санд чинь алт эрдэнэс, газар газрын валют овоолоотой байгаа. Хэнд хадгалаад байгаа юм. Ирэх сонгуульд уу.
Хоёрдугаарт: Үе үеийн хотын дарга нарт, тэр дундаа Э.Бат-Үүл, Д.Баттулга нарт мөн ч олон удаа сонордуулсан даа. Үерийн аюул гэж айхавтар юм байдаг гэж. Би, сүрхий сайн хүн болох гээд ч юм уу, мэдэмхийрсэндээ биш л дээ. Энэ гал, усны аюулыг нүдээр үзэж, дотор нь явж байсны хувьд сэрэмжлүүлэх гээд байгаа царай.
Улаанбаатар хот чинь хэдэн том голын сав газар оршдог. Миний мэдэхийн, хоёр том үер болж олон зуун хүний амь авч одсон. Өглөө нь зүгээр л наадам үзэж явсан хүмүүсийг өдөр нь урсгаж аваад одсон шүү дээ. Зөвхөн нэг үерт нь хоёр зуун хүн нас барсан гэдэг юм. Энэ бол хамгийн бага тоо. Миний бодлоор мянга хүрсэн байхыг ч байг гэх газаргүй. Нисдэг тэргээр явж аварсан хүмүүсээ Сүхбаатарын талбайд байрлуулан 25 дугаар гуанзнаас хооллож ундалж байсан. Бидний хэдэн сэтгүүлч тэр дунд л явж байсан даа. Нисдэг тэрэгнээс харахад Улаанбаатар хот, зүгээр л нуур шиг харагдаж байсан. Байгалийн аймшигт үзэгдэл газар сайгүй болж байгаа өнөөгийн нөхцөлд, ямар ч хүчтэй үер болохыг байг гэх газаргүй шүү дээ. Хоёр их үерийн дараа хотын удирдлагууд санаа авч, Туул, Сэлбэ голуудын үерийн далан, уулын арын 17 км урт бэлтгэл замуудыг иргэдийнхээ хүчээр барьж билээ. Бид улсын төсвөөс улаан мөнгө авалгүйгээр уулын арын шороон зам, олон км урт далан, суваг шуудуу барьсан. Бариулсан дарга нар нь одоо амьд сэрүүн байгаа. Тэгтэл өнөөдөр өнөөх үерийн далан, суваг шуудуу нь нураад тарчихсан, хог новшинд дараатай байх юм. Үерийн далан, суваг шуудуугаа шинээр барьж чаддаггүй юм бол хуучныг нь сайхан засч сэлбээд, хог шорооноос нь салгаад өгөөч гэхээр л намайг элдэв хоёроор хэлж, “эсэргүүд” минь хүрч дуудаад байгаа юм.
Э.Бат-Үүл, Д.Баттулга хоёр минь, хотод үер бололгүйгээр та нар явбал аз чинь тэр. Үер болж гамшгийн хэмжээнд хүрвэл би ам асууна шүү.
“Алив! Та нар энэ үерийг хогийн ногоон уутаараа хаана уу” гэж.
Гуравдугаарт: Нийслэл хотоо газар хөдлөлтийн аюулаас хамгаалъя гэж! Улаанбаатар хот газар хөдлөлтийн аюултай бүсэд ордог. Чичирхийлэл нь жил бүр нэмэгдэж байгаа. Нийслэл хотыг барьж байгуулахдаа, өргөтгөж тэлэхдээ анхаарах гол зүйл энэ. Тэгтэл сүүлийн гурван жилд, хотын барилгыг бараг л дээр дээрээс нь овоолчихлоо. Ашиглалтанд ороогүй байхдаа зарим нь нурж байна. Арван хэдэн давхар орон сууц нь хазайчихаад, айлуудыг нь “түргэн” авахууллаа. Найз нар нь барилга барьж байгаа нь энэ гэж зүгээр л гурилдаад орхидог болсон. Газар хөдлөлтийн ялихгүй түлхэлтэнд хот нурахад бэлэн болчихлоо. Та нар хотын төв хэсэгт машины зам талбайгүй болтол газрын зөвшөөрөл олгосон. 2014 онд л гэхэд 500 барилга барьж байгаа гэсэн мэдээ бий. Би арга ядахдаа “Нисэх Сонгины чиглэлд битгий орон сууц бариач” гэж гуйдаг юм. Энд чинь газар хөдлөлтийн хамгийн аймшигтай ул мөр бий. Хойноосоо урагш хагарч тогтсон олон км газрын ан цавыг та нар лав хардаг байх. Орон сууцны том хорооллуудыг ядаж л ийм газраасаа алслуулж болмоор санагддаг. Ер нь өнөөдөр бариад байгаа барилга байгууламжуудад газар хөдлөлтийн судалгаа, чиг баримжаанд тулгуурласан зөвшөөрөл өгдөг юм уу, үгүй юу. Хуучин тогтолцооны үед бол нэгдүгээр зэргийн асуудал энэ байсан.
Улс орон, нийслэл хотыг удирдахад учир их бий. Хар таамгаар яваад байж болохгүй. Олон сорилт, шалгалтыг давах хэрэг гарна. Эхлээд галаар шалгалаа. Муу дүн авлаа.
Би ямаа боохыг харж чаддаггүй хүн. Тэр, телевизээр гарч байгаа хуйхалчихсан малыг хараад дотор харанхуйлж суулаа. Энэ эрхэм дээдэс тэгэхэд юу бодож суугаа бол. Гал түймрийн аюулаас сэргийлэх олон арга бий. Эрх мэдэл бүхий энэ хүмүүст юу ч хэлээд нэмэр байх биш дээ. Хэдэн жилийн өмнө Шаагаа (Шагдарсүрэн) бид хоёр нэг асуудал дэвшүүлээд нэлээн явж билээ. Дандаа хад мөргөдөг юм. Хавар намрын хуурайшилт эхлээд, ой хээрийн түймэр гарах үед нэг ноцтой баримтын нээлттэй шүүх хурал хийж түүнийгээ телевизийн бүх сувгаар цацъя гэсэн санаа юм. Гал тавьсан хүмүүст хуулийн зүйл ангийнх нь дагуу хатуу шийтгэл оноон, нийтэд дохио санамж болгоё гэсэн юм. Монгол хүний нэг онцлог чинь нүдээр харж байж л сургамж авдаг онцлогтой л доо. Тэгээд, хөдөө зугаалж яваад гал алдчихсан хэдэн даргыг эхнэр хүүхэдтэй нь зургийг нь авч, шүүх хурал хийн ял оноодгийн даваан дээр таг чиг болсон. Тэр шүүх хурлыг нэвтрүүлж болохгүй гэж дээрээс үүрэг өгсөн гээд л нам дарсан. Ер нь хавар намарт гал түймэр тавигчдын гол нь хурдан унаатай, дарга сайд нар байдаг л даа. Уул нь хуурайшилт эхлэх үеэр ийм нэг дохио санамж өгөөд байвал гал түймрийн аюул, ядахдаа 50 хувь буурахсан гэж би мунхагладаг хүн. Дөчин хэдэн онд орос эмэгтэйг дайрч алсан жолоочийг нийтийн өмнө цаазалж билээ. Бүх жолооч нарыг тэнд аваачсан. Түүнээс хойш автын ноцтой хэрэг арван жил гараагүй гэдэг юм. Монгол хүн чинь нүдээрээ нэг үзчихвэл, их санамж дохио авдаг онцлогтой. Уул нь олон нийтийн телевизээр л хүчтэй санамж дохио өгч байх хэрэгтэй юм. Одоо ч, олон нийтийн телевиз маань Ц.Оюундарь гэж хүний бараг л хувийн телевиз болчихоод Ардчилсан намын хэдэн даргыг л “хариулж” байх болоо шив дээ. Олонд хэрэгтэй зүйлийг санаж сэдэхээ больсон байна. Хаягаа өөрчилж “Ардчилсан намын телевиз” гэж хадмаар байгаа юм даа.
Байгалийн эрс тэс уур амьсгалтай Монголд гал усны аюул дуусаагүй ээ. Эрхэм дээдэс минь, өвөр халаасаа бодохоос илүү, өргөн түмнээ бодвол ямар байна.
Г.ЖАМЪЯН
(Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн)
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин