Балбын цэргүүд газар хөдлөлтийн үеэр нурсан барилгын нуранги дороос дөрвөн сартай хүүхдийг эсэн мэнд аварч чаджээ. Амьдрахын төлөө тэр бяцхан “зүрх” 22 цагийн турш барилгын нуранги дор үхэлтэй тэмцэлдсэн байна. Цэргүүд нурангин дороос хүмүүсийг хайж дуусаад явсныхаа дараа нялх хүүхдийн уйлах дууг сонсоод эргэн ирж түүнийг аварсан аж.
7.8 магтнитудын хүчтэй газар хөдлөлтөд Балбын нийслэл Катмандуд хэдэн зуун байшин барилга нурж сүйдэн, найман сая хүн хохирсон байна. Газар хөдлөлт болсон өнгөрсөн бямба гаригаас хойш Балбад амь үрэгдэгсдийн тоо өдөрт хэдэн зуугаар нэмэгдсээр 5000-д хүрсэн бөгөөд 10 мянга гаруй хүн гэмтэж бэртжээ. Газар хөдлөлтийн дараах аврах ажилд Балбын арми бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: CNN