Авснаа мартдаг Монголтолгой

Хуучирсан мэдээ: 2015.04.29-нд нийтлэгдсэн

Монголхүү бухимдалтай байна. 8 хувийн зээлээр авсан орон сууцны төлбөр нэхэгдээд, эхнэр нь уртаар санаа алдаад… түүнд хэцүүхэн байна. Тэр жил гаруй ажилгүй суужээ. Гадаадын хөрөнгө оруулалт дайжиж, уул уурхайн төслүүд хумигдснаас ажилгүй болсон 10 мянга орчим хүний нэг нь Монголхүү.

Уурхайд ажиллаж байхдаа цааш хийсэн хэдэн цаас нь хоёр сарын өмнө дуусаад, орон сууцны зээлийн хүү төлөлгүй 2 дахь сардаа орсон тул банкнаас өдөр бүр шахуу утасдаж байгаа. Одоо тэр юунд  найдахаа ч мэдэхгүй бухимдан сууж байна. Тэгээд хуучны сайхан цагийг дурсав.

Монголхүү 2011 онд их сургууль төгсөөд Оюутолгой төслийн ханган нийлүүлэлтийг хийдэг нэгэн компанид ажиллах болжээ. Цалин боломжийн сардаа 1 сая 200 мянган төгрөг авчихна. 14 хоног уурхай дээр ажиллаад, 5 хоног Улаанбаатарт гэртээ амрах гэсэн хэмнэлээр ажиллана. Уурхай руу ирэх, очих замын зардал, тэндэх байр, хоол ундыг компани хариуцдаг байсан тул цалин нь хүн амын орлогын татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөд бараг бүтнээрээ дансанд нь орох тул эхнэртэйгээ ярилцаад орон сууц авах хуримтлал үүсгэж эхлэжээ. Эхнэр дунд сургуульд багшилж, түүний цалингаар урсгал зардлаа болгоод, Монголхүүгийн цалин орон сууцны урьдчилгаа болох тэдний мөрөөдөл биелж, 2012 онд шинэ байр моргейжийн 8 хувийн зээлээр авав. Байранд орсноос хойш амьдрал нь улам тэнүүн болж сарын цалингийн талыг хүүнд төлөхийн хажуугаар ирээдүйд зориулсан бага сага хуримтлал үүсгэх боломж ч гараад ирж. Монголхүү эхнэртэйгээ хуримтлалаараа машин авах, хүүгээ сайн сургуульд сургах төлөвлөгөө зохион "ажлаа л сайн хийгээд байхад болно доо" хэмээн зорьж явлаа.

Гэтэл үүлгүй тэнгэрт аянга цахилах адил гамшиг тохиож гадаадын хөрөнгө оруулагчдыг үзэн ядах давалгаа өрнөв. Эх орон, ард түмнийхээ төлөө амь биеэн зориулах гишүүд, улс төрчид, зүсэн зүйлийн ТББ, хөдөлгөөнүүдийн дайралтыг тэсэлгүй гадаадынхан гарч эхэлжээ. Монголхүүгийн ажиллаж байсан компани ч гэсэн захиалга багассанаас 2013 оны эхнээс үйл ажиллагаагаа хумисаар хумисаар ажилчдаа тавин хувиар цомхотгоход хүрэв. Олон жил ажилласан туршлагатай ажилчдаа үлдээж, залуусыг явуулах болсон тул Монголхүү ажилгүй болсон юм. Компанийн захирал залуусын нүдийг эгцэлж харж чадахгүй гэм хийсэн юм шиг газар ширтэн "Ажил гарвал та нарыгаа хамгийн түрүүнд дууднаа" гэж хоолой нь зангирч байсан болохоор хэдий хүнд байсан ч залуус бухимдаж чадаагүй ажээ.

Оюутолгой төсөл эхлэхийн өмнөхөн 2009 онд монгол улсад ажилгүйдлийн түвшин 10.5 хувьтай байжээ. Төслийн бүтээн байгуулалт ид өрнөж байх үед ажилгүйдлийн төвшин 5,8 хувь хүртэл буурч, одоо эргээд өссөн ч 7.7 хувь буюу төслийн өмнөх үеэс ч бага байна. Энэ бол Оюутолгой төслийн иргэдийн амьдралд үзүүлж байгаа хамгийн чухал нөлөөлөл байх. Монголхүүд ажилтай, орлоготой байхаас өөр илүү хүсэл, шунал үгүй. Гар нь хөдлөж л байхад тэр амьдралаа болгоод аваад явна гэж бүрэн итгэдэг.

Монголхүү шиг Оюутолгой төслийн хүрээд ажиллаж байсан хүмүүсийн хүн амын орлогын татвар, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн мөнгөний дүнг харахад 2010 оноос өнөөг хүртэл 1 тэрбум 193 сая доллар болжээ. Монгол хүн ажилтай байхад ийм хэмжээний мөнгөөр төсвөө дэмждэг байх нь.

Ийм хэмжээний мөнгөөр 37 ам дөрвөлжин талбай бүхий 1 өрөө, дундаж үнэтэй орон сууцнаас 32 500-г худалдан авч хүрэх юм. Өөрөөр хэлбэл монгол ажилчдын бий болгосон баялаг бусад салбартаа чамлахааргүй хөрөнгө оруулалт болж байж дээ. Өөр бусад тоог санагалзая.

Оюу толгой төслийн баяжуулах үйлдвэрийг барьж байх үед худалдан авсан бараа, ажил үйлчилгээний дүн 1.1 тэрбум ам.долларт хүрч, өдөрт  7 – 8 сая ам.долларыг ханган нийлүүлэгчдэд өгч байв.

"Оюутолгой” компанийн ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд 1446 монгол компани бүртгэлтэй байна. Худалдан авалт эрс буурсан 2014 онд гэхэд л ОТ төсөл 949 дотоодын ханган нийлүүлэгчдээс 538.1 сая ам.долларын бараа үйлчилгээ авчээ. Энэ нь нийт худалдан авалтынх 76 хувьтай тэнцэх юм.

Төслийн үйл ажиллагаа хумигдсан ч ОТ төслийн ханган нийлүүлэгч компаниудад одоо 35 мянган монгол хүн ажиллаж байгаа. Монголхүү тэдний нэг байж чадаагүй болохоор гэртээ сул сууж, бухимдаж байна. Ажилгүй суух хоногууд нь хэзээ дуусахыг тэр хэлж мэдэхгүй. Өдөр ирэх тусам дуу нь чангарах эх оронч гишүүдийн байдлаар бол Монголхүү ахиад хэдэн ижл ажилгүй суух ч магад болчихоод байгаад л тэр бухимдана. Уг нь тэр зүгээр л ажил хийж, амьдралаа залгуулахыг хүсдэг.

Гэтэл иргэд уул уурхайгаас юу олж авсныг үргэлж мартдаг хирнээ өөрийнхөө нэр хүндийг өсгөж ахин сонгогдохоо хэзээ ч мартдаггүй улс төрч Монголтолгойнууд түүнийн амьдралд бул хар чулуу болон хөндөлдсөөр байна.

Г.МӨНГӨН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж