“Эх дэлхийн цаг” арга хэмжээ маргааш болно

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

“Эх дэлхийн цаг” арга хэмжээ маргааш болно

“Эх дэлхийн цаг” арга хэмжээ маргааш болно

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэхээр “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Энэ нь дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг арга хэмжээ юм. Гол утга санаа нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо авран хамгаалахад хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олны, шийдвэр гаргагчдын  анхаарлыг хандуулахад оршдог.

Анх 2007 онд Австралийн Сидней хотоос гараагаа эхэлсэн “Эх Дэлхийн Цаг”-т нийт 2.2 сая айл өрх, албан байгууллага хамрагдан нэг цагийн турш гэрлээ унтрааж байсан бол 2008 оноос энэхүү уриалга нь дэлхийг хамарсан хөдөлгөөн болон өргөжиж, 2018 онд дэлхийн 188 орны 5251 хотын 3 тэрбум 600 сая хүнийг хамруулж чаджээ. Дэлхийн алдартай газрууд болох Сан-Франциско дахь Голден гэйт гүүр, Ромын Колоссейн театр, Нью-Йоркийн Тайм талбай, Торонто дахь CNN цамхаг энэхүү уриалгыг дэмжиж нэг цагийн турш гэрлээ унтрааж байв.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн ерөнхий захирал Марко Ламбертини “Иргэд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтлыг зогсоох амлалт үүргийг шийдвэр гаргагчдаас шаардаж байна. Тэдний оролцоо их байгаа болохоор бид амьдран суугаа энэ гаригийнхаа эрүүл мэндийг хамгаалж, хадгалах арга хэмжээг нэн даруй  авах хэрэгтэй болж байна. Үүнд хүрэхэд “Эх дэлхийн цаг” арга хэмжээ  чухал үүрэгтэй юм” гэж ярьсан байна.

Мэдээж эх дэлхийгээ хамгаалах ажилд хамтын ажиллагаа их чухал. Улс орон болгон, иргэд өөрсдийн боломжоороо байгаль хамгаалалд хувь нэмэр оруулах шаардлагатай юм. Амлалтуудаас жишээ дурдвал, Кени улс ойгоо нөхөн сэргээх зорилгоор 2030 он хүртэл нэг тэрбум мод тарихаар болжээ. Малайз улс бар хамгаалах үндэсний хөтөлбөртэй болох, Индонез улс 5 сая гаруй залуусыг амьдралын хэв маягаа болгох, Эквадорчууд нийслэл хотоо хуванцраас ангид байлгахын тулд олон ажил хийхээр төлөвлөжээ.

“Эх дэлхийн цаг” Монголд 10 дахь жилдээ

2010 онд манай улс анх удаагаа нэгдсэн бөгөөд энэ жил 10 дахь удаагаа албан ёсоор оролцоно. Энэ удаа зохион байгуулагчид хуванцрын хор холбогдлыг олон нийтэд сурталчлах, хуванцраас татгалзахад чиглэсэн үйл ажиллагаанд анхаарал хандуулах юм.

Уламжлал ёсоор “Эх дэлхийн цаг-2019” гуравдугаар сарын 30-ны өдрийн Бямба гаригт орон нутгийн цагаар үдшийн 20:30-т дэлхий даяар нэгэн зэрэг эхэлнэ. Д.Сүхбаатарын талбайд  болох арга хэмжээг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, “Байгаль орчны манлайлагчид” ТББ, Нийслэлийн Байгаль орчны газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Ариг банк, Цэнгэг ус, байгаль хамгаалах төв, Скаутын холбоо, хөл бөмбөгийн “Дэрэн” баг хамтран зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр 20:30 цагаас 21:30 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрэл унтарч, лаа гэрэлтэнэ. Мөн урлагийн тоглолт болж, монголчууд эх дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгдэнэ. Нийслэлийн иргэд маань арга хэмжээнд биечлэн оролцож чадахгүй байсан ч гэрийнхээ гэрлийг нэг цаг унтрааж  “Эх Дэлхийн Цаг”-т нэгдэж болох юм.

Орон нутгаас Ховд, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Хэнтий, Дорнод, Дорноговь зэрэг аймгууд нэгдэхээр болоод байна.

“Эх дэлхийн цаг”-ийн бэлгэдлийн тухай    

    

Лаа асаах нь “Эх дэлхийн цаг”-ийн үйл ажиллагааны үеийн чухал илэрхийлэл билээ. Энэ нь гэрлээ унтраасан үеийн орчны гэрэлтүүлэг болохоос гадна асаасан лаа нь итгэл найдвар, эерэг бүхнийг урин дуудах бэлгэдэлтэй.

60+ хэмээх бэлгэдэл нь зөвхөн нэг цаг гэрлээ унтраах төдийхөн бус, өдөр тутмын амьдралдаа эх дэлхийгээ хайрлан, байгалийн нөөцийг гамнасан алхам хийх болно гэсэн хүмүүсийн эв нэгдлийг илэрхийлдэг. 60 гэдэг тоо нь 60 минутыг илэрхийлж байгаа бол + тэмдэг нь 60 минутын үйлс цаашид нэмэн дэлгэрэх болно гэдэг утгыг агуулж байгаа юм.

Хуванцар хог хаягдал Монголд

Монгол Улсын хэмжээнд жилд 2,1 сая тонн /хоногт дунджаар 5750 тн/ хог хаягдал цуглуулан зайлуулдгаас дахин боловсруулах боломжтой 976 мянган тонн хог хаягдал үүсдэг. Үүний 9,5% буюу 92700 тонн нь хуванцар, нийлэг материалын хаягдал байна. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд жилд 1,2 сая тонн хог хаягдал үүсдэг. Үүнээс 13% буюу 156000 тонн нь хуванцар, нийлэг материалын хаягдал эзэлж байна.

Энэ удаагийн арга хэмжээнд “Хуванцраас татгалзъя” уриаг дэвшүүлж байгаа нь Засгийн газраас 0,035 мм ба түүнээс нимгэн гялгар /нийлэг/ уутыг худалдаа, үйлчилгээнд ашиглахаар импортоор оруулж ирэх, үйлдвэрлэх, хэрэглэхийг энэ оны гуравдугаар сарын 01-нээс эхэлж хориглосонтой уялдаж, хуванцрын хор хөнөөлийг олон нийтэд ойлгуулахад чиглэгдэж байгаа юм гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж