О.Баасанхүү “спикер”-ийн дүрд тоглов

Хуучирсан мэдээ: 2015.04.29-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү “спикер”-ийн дүрд тоглов

Өргөдлийн байнгын хорооны дарга,  УИХ-ын гишүүн  О.Баасанхүү  төрийн жинхэнэ албан хаагчдыг үндэслэлгүйгээр халсан  асуудлаар  Нээлттэй сонсголыг  удирдаж явуулсан. Түүнийг  унтаа  шахуу байсан Өргөдлийн байнгын хороог   амь орууллаа гэж магтах нэгэн байхад улстөр хийх хэрэгсэл болголоо гэж шүүмжлэх нэгэн ч  байсан юм.  Өргөдлийн байнгын  хорооноос  анх удаа зохион  байгуулсан Нээлттэй сонсгол  олны анхаарлын төвд болсон. О.Баасанхүү гишүүний дуудсан  сайдууд, гишүүд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газрын төлөөлөл танхим дүүрэн цуглаж,  яамдын ажилчдыг олноор нь халсан  үндэслэлээ тайлбарласан  юм. Харамсалтай нь,   Нээлттэй сонсголыг  удирдсан О.Баасанхүү дарга үүргээ  хангалтгүй биелүүллээ. Тэрбээр эхлээд УИХ-ын Дэгийн тухай хуулиар асуулт таван  минут, хариулт хоёр минут  гэх хатуу  лүндэн буулгасан ч сүүлдээ энэ нь жонхуу болж хувирав. Даргын заасан хоёр минут сайдуудын хариултад дэндүү хангалтгүй байсан учраас цагаа сунгах хүсэлт гаргасан ч хүлээж авалгүй хэсэг гүрийж байгаад  гэнэт “Сая манай  туслах байнгын хорооны даргын зөвшөөрлөөр 1-2 минут сунгаж болно  гэж хэллээ” гэх нь  тэр. Минутын зөрчилтэй холбоотой энэ маргаан үүгээр дууссангүй.  Байнгын хорооны дарга сандарсан уу, санаатай юу заримд нь нэг минут, заримд нь хоёр минут нэмж өгсөн нь  гишүүдийг эгдүүцэхэд хүргэсэн юм.

Иргэдийн өргөдлөөр асуудлыг төр засгийн түвшинд нээлттэй хэлэлцсэн энэ сайн жишгийг цааш нь зөв зарчмаар явуулахад  түүнээс ихээхэн  туршлага, авьяас  шаардах бололтой. Ийнхүү О.Баасанхүү гишүүн өнөөдрийн хувьд “спикер”-ийн дүрд тоглолоо.
 

О.СЭРГЭЛЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж