УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Батцогт, Л.Энх-Амгалан, Д.Сумъяабазар, Г.Баярсайхан нар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад гардууллаа. Уг төсөлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын одоогийн бүтцийг шинэчилж, төрийн өмчит эмнэлгүүдийг хувьчлахгүйгээр одоогийн эрх зүйн статус, засаглалыг өөрчилж, үйлчлүүлэгч төвтэй мэргэжлийн үйлчилгээний байгууллага болгохын сацуу эмнэлгийн санхүү нөөцийг үр ашигтай ашиглах, менежмэнт удирдлагын арга барилыг хөхүүлэн дэмжихээр заасан юм байна.
Хуулийн төслийг санаачилсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа “УИХ-д нэгэн шинэ жишиг тогтож байна, гишүүд хууль санаачлаад Засгийн газартай хамтарч боловсруулж, нэг цогц хууль болгох жишиг С.Дэмбэрэл гишүүн эхлүүлсэн. Эрүүл мэндийн салбарт зохион байгуулалтын хоёр гол хууль байдаг. УИХ-ын намрын чуулганаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг баталсан, одоо энэхүү хуулийн төслийг УИХ баталбал шинэчлэлийн гол концепци болж чадна. Гишүүд энэхүү хуулийн төсөл дээр сүүлийн хоёр жил ажилласан байгаа. Азийн хөгжлийн банк 2008 оноос хойш 80-аад сая ам.долларын төслийг эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг шийдэх, гарц гаргахаар судалгаа мөн хийсэн байдаг. Тийм учраас бид олон улсын байгууллагын хийсэн судалгааг суурь реформ болгосон. Ингэхдээ төрийн өмчит эмнэлгүүдээ хувьчлахгүйгээр яаж үйлчлүүлэгч төвтэй мэргэжлийн үйлчилгээний байгууллага болгох боломжтой, эмнэлгийн нөөцийг хэрхэн үр ашигтай ашиглах, мөн менежмэнт удирдлагын арга барилыг нарийн зааж өгсөн.
Хоёр дахь чухал асуудал нь, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын нийгмийн асуудал юм. УИХ-д Нийтийн албаны тухай хууль өргөн баригдсан, яаж батлагдах бол гэсэн эргэлзээтэй төрийн албан хаагч олон бий. Засгийн газарт нэг зүйлийг онцлон хэлж байгаа, төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуультай уг хуулийг уялдуулж, одоогийн төвшинг нь бууруулахгүйгээр тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг шийдэх ёстой гэдгийг салбарын сайдад нь анхааруулан хэлж байгаа” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Бидний өргөн барьсан хуулийн төсөл эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгая, хэн нэг ялсан намын бялууны хэсэг биш, хэн нэг томилогдсон сайдын хань хамсаатан биш, эмнэлгээ яаж цаашид хөгжүүлэх вэ, эмнэлэг ард иргэдэд хэрэгцээтэй тусламж үйлчилгээг хүртээмжтэй чанартай хүргэдэг болох вэ, эмнэлэг хаанаас чанартай бүтээгдэхүүн хэрэгсэл худалдан авдаг болох вэ, хөдөлмөрийн үнэлэмжийг нь яаж зах зээлийнх нь үнэлгээнд ойртуулах вэ гээд энэ бүх асуудлыг бүрэн шийдвэрлэх заалт туссан. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 40 мянга орчим иргэн ажлын хүндийг үүрдэг хэрнээ хамгийн бага цалин авдаг, нийгмийн баталгаа нь хангагдаагүй, хууль батлагдсанаар энэ асуудал шийдвэрлэгдэнэ.
Өөрөөр хэлбэл, эмнэлгийн хамт олон удирдлагаа сонгодог, төсвөө баталдаг, стратегиа баталдаг, хэн олны сэтгэлд хүрч үйлчилсэн нь өндөр цалин аваг болох тогтолцоонд шилжинэ” гэлээ.
Тэгвэл хуулийн төслийг гардаж авсан Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “Сайдаар томилогдож байхдаа дэвшүүлж тавьсан гол зорилтын нэг нь хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох тухай байлаа. Гол бодлого зорилт болгон дэвшүүлсэн асуудлыг хэрэгжүүлэхэд хөшүүрэг болсон хуулийн төслийг нэр бүхий гишүүд санаачилсанд баяртай байна. Аль нэг сайд томилогдонгуут эмнэлгийн даргыг өөрчилдөг байдлаас татгалзаж, энэ жишиг намайг сайд байх үед тогтож, хэрэгжээсэй гэсэн бодолтой байна. Хуулийн төслийг цаг алдалгүй Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барина, УИХ-ын төвшинд хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдахад төслийг санаачилсан гишүүд, мөн мэргэжлийн хүмүүстэй хамтарч үргэлжлүүлэн ажиллаж, илүү чамбай бодлого батлуулахын төлөө хичээж ажиллах болно” гэсэн юм.
Онцлоход, УИХ намрын чуулганаараа Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг баталсан. Уг хууль ирэх долдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжинэ. Хууль хэрэгжиж эхэлснээр даатгуулагч эмнэлгээ, эмчээ сонгож үйлчлүүлэх боломжтойгоос гадна өртөг зардал өндөртэй зарим үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулах боломжтой болж буй. Ингэхдээ эмнэлэг нь хувь, хувьсгал байхаасаа үл хамаарч гагцхүү хамгийн сайн үйлчилгээ үзүүлж чадаж байвал санхүүжилт авах боломжтой болсон. Тэгвэл өнөөдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү боловсронгуй болгох эрх зүйн орчинг баталгаажуулахад чиглэжээ.
Г.ДАРЬ