“Киви” хамтлагийн дуучин Ц.Намуунаа анхныхаа бие даасан “One Moment” нэртэй цомгоо гаргажээ.
Энэхүү цомог нь нийт таван дуунаас бүрдсэн бөгөөд “Ocean Grey” продакшнтай хамтран ажилласан байна.
Тус цомгийн дизайныг дуучин Намуунаа өөрөө санаачлан хийсэн бөгөөд бүх дууныхаа нэрийг мөн өөрөө өгчээ.
Дуучин Намуунаа “One Moment” нэртэй анхныхаа цомгоор жижиг хэмжээний тоглолт хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Түүний дараагийн уран бүтээлийн цомог нь төгөлдөр хуурийн цомог байх ажээ.
“Киви" хамтлаг өнгөрсөн 2014 оны хамгийн шилдэг хамтлагаар шалгарсан байна. Түүнчлэн “Киви” хамтлаг 10 жилийн хугацаанд нийт 28 оронд айлчлан, нийт 1125 удаагийн тоглолт хийж байсныг түүний өвөө Д.Ухнаа сонирхуулан ярилаа. “One Moment” цомгийн өдөрлөг маргааш буюу /IV.30/ өдөр 13.00 цагаас "Hi-Fi рекордс"-д болно.
Анхныхаа бие даасан цомгоо гаргасан дуучин Ц.Намуунтай ярилцлаа.
-Та анхны бие даасан цомгоо гаргалаа. Цомгоо гар дээрээ авсан сэтгэгдэл ямар байна вэ?
-Цомгоо гар дээрээ авсан эхний өдрөө шууд сонсоогүй . Харин хоёрдахь өдөр нь гаргаж сонссон. Сэтгэл маш их хөдөлж цаанаасаа огшоод ирсэн. Өмнө нь бичүүлж байхдаа дуунуудаа сонсч байсан ч цомог болоод гарч ирсний дараа сонсоход маш гоё санагдсан. Өөрөөрөө бахархах сэтгэгдэл бас төрсөн.
-Өөрийг чинь дуучин болоход өвөө чинь нөлөөлсөн үү? Ер нь багадаа ямар мэргэжилтэй хүн болохыг мөрөөддөг байсан бэ?
-Би багадаа дөрвөн мэргэжилтэй болно гэж бодож байсан. Энэ дөрөв нь дуучин, хөгжимчин, загвар өмсөгч, бүжигчин юм. Одоог эргээд харахад би мэргэжлийн төгөлдөр хуурч болсон, дуучин болсон зэрэг таван настайдаа бодож явсан бүх мөрөөдлөө биелүүлсэн байна. Хүн мөрөөдөл, зорилгоо санаж бодож явбал биелдэг гэдэг . Урлагийн хүн болсны хувьд өвөө маань намайг анх энэ зам руу хөтөлсөн. Манай ээж, эгч хоёрыг төгөлдөр хуурч болгож чадаагүй тул намайг төгөлдөр хуурч болгосон юм. Би өвөөгийнхөө хөтөлж оруулсан энэ замаар явж байгаадаа бахархдаг.
-Киви хамтлагийн дуунаас харахад Намуунаа халуухан өнгө төрхийг илүүд гаргадаг. Энэ цомгийн хувьд ямархуу өнгө төрхийг гаргахыг зорьсон бэ?
-Киви хамтлагт бүрдүүлсэн байсан өнгө төрхөөсөө өөр дүр төрх гаргасан. Цомгийнхоо өнгө төрх зураг авалтыг яг өөрийнхөө буюу Намуунаа гэж хэн бэ? ямар хүн бэ? гэдгийг илүү хүмүүст харуулахыг зорьсон. Зохихгүй стилийг өөртөө наагаагүй гэж хэлэхэд болно.
-Сүүлийн үед дуучдын цомог өмнөх үеийнхийг бодвол борлуулалт нь буурсан. Энэ тал дээр ямар менежмент барих вэ?
-Энэхүү цомгоо тун цөөхөн хувь хэвлүүлсэн. Таван дуунаас бүрдсэн цомхон цомог учир дизайны хувьд авч явахад амар, хялбар шийдэж өгсөн байгаа . Кивигийн Намуунаа биш дуучин Намуунаагийн уран бүтээлийг сонсохыг хүссэн хүмүүс авч сонсох боломжтой.
-Намуунаагийн хувийн амьдралд хэр өөрчлөлт гарсан бэ? Гэр бүлтэй болох төлөвлөгөө байгаа юу?
-Хамтлагийн ахлагч Ука маань ээж болсон. Гэхдээ Ука надаас хэд эгч учраас надад бас гэр бүл зохиоход нэлээдгүй хугацаа шаардагдах байх. Тэр болтол урлагтаа өөрийгөө зориулан ажиллах болно.
-Анхны цомгийг чинь хамтлагийн найзууд чинь хэр хүлээн авч тусалсан бэ?
-Би цомогтоо бусад гишүүдээ оролцуулалгүй цэвэр дангаараа ажилласан байгаа. Миний дуунуудыг сонсоогүй байж байгаад цомог гарахад л сонссон. Цомгийн анхны сэтгэгдэл тэдэнд маш их таалагдсан. Мөн найз нөхөд маань дуунуудыг сонсон “чи ийм хоолойтой байсан юм уу” гэж их асуусан. Хамтлагаараа дуулах биш ганцаараа дуулахад миний дуу хоолой илүү өөрөөр сонсогддог мэт санагдсан.
Б.БИЛГЭЭ