АНУ-ын Нью-Йорк хотноо зохиогдож буй олон улсын холын зайн 6 ба 10 өдрийн гүйлтийн тэмцээний талаарх мэдээллийг хүргэе.
Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Self-transcendence” USA open тэмцээн АНУ-ын Нью-Иорк хотноо 4-р сарын 19-нд эхлээд, тамирчид бариандаа ороход хэдхэн цаг үлджээ.
Тус тэмцээнд дэлхийн 28 орны 84 гүйгчид оролцож байгаа бөгөөд Монголоос анх удаа уулын болон марафон гүйлтийн мастер Б.Буджаргал 10 өдөрт, Баянгол дүүргийн тамирчин эмч, спортын дэд мастер С.Оюунгэрэл болон Баянзүрх дүүргийн тамирчин Д. Баярсайхан нар тус тус 6 өдрийн гүйлтэд амжилттай гүйж байна.
Энэхүү гүйлтийг нэрт тамирчин Шри Чинмой 1995 онд анх санаачилсан бөгөөд өдгөө 10 өдрийн гүйлт нь 20 дахь жилдээ, 6 өдрийн гүйлт нь 18 дахь жилдээ Нью-Йорк хотноо "Флашинг Медов" цэцэрлэгт хүрээлэнд Дэлхийн болон Америкийн гүйлтийн холбооны албан ёсны зам дээр 1 миль буюу 1,6 км-ийн тойргоор явагдаж байна.
Гүйлтийн тэмцээний ялагчийг 10 ба 6 өдрийн туршид хамгийн хол зай туулсан 50 аас доош насны ангилалд эхний 7, 50-59 насанд эхний 3, 60-69 насанд эхний 2, 70-аас дээш насны ангилалд эхний 1 гүйгчийг шалгаруулж байр эзлүүлнэ. Тэмцээний 9 өдрийн байдлаар 10 өдрийн гүйлтийн тэмцээнд Сарах эмэгтэй /Австрали/ 576 мил буюу 921,6 км, Аидас эрэгтэй /Литуаниа ЕU/591 мил буюу 945,6 км гүйж тэргүүн байрт яваа бол 6 өдрийн тэмцээнд эхний 5 өдрийн байдлаар Дипали эмэгтэй /Америк/ 383 мил буюу 612,8 км, Жон эрэгтэй /Америк/ 374 мил буюу 598,4 км-ээр тэргүүн байрт явж байна. Харин 10 өдөрт гүйж байгаа монголын тамирчин Б. Буджаргал 429 мил буюу 686,4 км ээр 17-рт, 6 өдөрт гүйж байгаа С. Оюунгэрэл 286 мил – 457,6 км ээр 5-р байрт, Д. Баярсайхан 409,6 км ээр эхний 10-т явж байна.
Тэмцээн Улаанбаатарын цагаар 4-р сарын 30-ны үүрийн 01.00 цагт өндөрлөж, ялагчаа шалгаруулах юм байна.
Б.ДОРЖБАТ