Ардчилсан намын онц их хурлаа цуцалжээ. Тодруулбал, тус нам ирэх дөрөвдүгээр сарын 4-нд онц их хурлаа хийхээр энэ долоо хоногт зарлаад байсан юм. Тус их хурлаар үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлыг хэлэлцэж, улс төрийн бүх аргаар тэмцлээ үргэлжлүүлэх болно гэж намын дарга С.Эрдэнэ мэдэгдэж байсан ч ийн цуцлагджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан АТГ болон шүүх прокурорын байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн албан тушаалаас нь чөлөөлөх хуулийн өөрчлөлтийг УИХ хүлээн авч баталсан үйлдлийг Ардчилсан нам эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ энэ үйлдлийг "МАН хоёр дахь удаагаа төрийн эрх мэдлийг хууль бусаар авах үйлдэл хийж байна. 2016 оны сонгуулиар 60 тэрбумын схем зохиож, 65 суудал авч, төрийн эрх мэдлийг авсан. Үүнийгээ Ерөнхий сайд нь ч хүлээн зөвшөөрсөн байгаа. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслөөр төрийн эрхийг авах гэж байна. Ардчилсан Нам Үндсэн хууль, ардчиллынхаа үнэт зүйлийн төлөө тууштай тэмцэх болно" хэмээн мэдэгдэж байсан билээ.