Ц.Нямдорж сайдын үзүүлсэн бичлэгт юу байв

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж сайдын үзүүлсэн бичлэгт юу байв

Ц.Нямдорж сайдын үзүүлсэн бичлэгт юу байв

С.Зориг агсны амь насаа алдсан хэргийг үйлдсэн хэмээн шүүхээс ял сонсч, хоригдож байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн тухай 27 минутын бичлэгийг УИХ-ын гишүүдэд өчигдөр /2019.03.28/ үзүүлсэн. Энэ бичлэгийг өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагын 190 орчим төлөөлөлд хаалттайгаар үзүүлэв.

Бичлэгт 2015 оны есдүгээр сарын 6-ны өдрийг хүртэлх дүрс гарах бөгөөд Тагнуулын байгууллагын танилцуулснаар бичлэгийг дахин сэргээсэн учраас дуу, дүрсний хувьд “цэвэр” биш гэдгийг тодотгов. Бичлэгийн эхний хэсэгт Б.Содномдаржааг агааржуулагчгүй, цонхгүй, зориулалтын бус өрөөнд хорьж, тус өрөөнд хэргийн хамсаатан болох Ц.Амгаланбаатарыг өөр нэг хэрэгтний хамт байрлуулж буй.

Бичлэгт Б.Содномдаржааг элдвээр хэлж, зүй бусаар зодож, толгой руу нь шээс асгаж, шөнө унтуулахгүй суниалган, галуун цуваагаар алхуулж, шалан дээр байнга суулгаж, хувцсыг нь тайлуулан дэглэж байгаа талаар гаргав. Энэ үеэр Б.Содномдаржааг “Хэргээ хүлээ, чи С.Зориг, “паар” хоёрыг алсан хэргээ хурдан хүлээ” гэх мэтээр дарамталж, зодож буй дүр зураг ажиглагдана. Ингэхдээ хоригдлуудын унтах цагт бус шөнийн цагаар, мөн Б.Содномдаржааг унтуулахгүйгээр “дэглэх” зэрэг үйлдлүүд гарч байв. Харин сүүлийн хэсэгт хоригдогч Т.Чимгээг унтаж байхад Ц.Амгаланбаатар орж ирээд “Хэргээ хүлээ, хурдан байцаагчдаа үнэнээ хэл, ял чинь хөнгөрнө” гэх мэтээр мөн л хоригдлуудын унтаж байх цагаар орж ирж буйг үзүүлэв.

Энэ бичлэгт гарч буй үйлдүүд нэг хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүсийг нэг өрөөнд хорихгүй байх, зориулалтын хорих өрөөнд байлгах зэрэг хүний эрхийн асуудлуудыг зөрчсөн үйлдэл их байгааг Тагнуулын байгууллагын ажилтан онцолсон. Мөн энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа учраас зөвхөн зөвшөөрсөн хэмжээнд үзүүлж болохуйц бичлэгийг үзүүлж байгааг ч дурдсан юм. Бичлэг хийгдсэн он сар өдөр, тухайн хорих өрөө зэрэг нь хүний эрх зөрчигдсөн, хэд хэдэн хууль зөрчсөн үйлдлүүд байв. Гэхдээ энэ бүхнийг нэг удаагийн бичлэгээр дүгнэхээс илүү хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаж хуулийн байгууллага үнэн зөвөөр нь эцэслэх учиртай.

Эцэст нь, 20 гаруй жилийн хугацаанд үргэлжилсэн хуулийн байгууллагын шалгалт, хийсэн ажлыг 27 минутын бичлэгээр дүгнэж,  дээрх холбогдогчид хилс хэргээр хоригдсон гэж дүгнэлт хийхэд учир дутагдалтай. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, мөрдөн байцаалтын явц, гэрчийн мэдүүлэг зэрэг маш олон зүйлд үндэслэж, үнэнийг тогтоох ёстой. Ингэхдээ хэн нэгний ашиг сонирхол, улс төрийн зорилго нөлөөллөөс ангид шийдвэр гаргах нь хамгаас чухал гэдгийг энд тодотгоё.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж