“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногт хийсэн ярилцлагуудаа багцлан хүргэж байна.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
УИХ-ын ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр /2019.03.27/ баталлаа. Ингэснээр прокурор, АТГ-ын удирдлага мөн шүүгчдийг хугацаанаас нь өмнө огцруулах санал гаргах эрх зүйн орчин бий болж байна. Дээрх хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр ямар нөхцөл байдал бий болно гэж та харж байна вэ?
-ҮАБЗ-ийн гишүүн гэх гурван улстөрч шүүгч, прокуроруудад “Дургүй хүргэвэл та нараар оролдох эрхтэй боллоо” гэдгээ зарлачихлаа. Үндсэндээ хуулийн салбар дотор ҮАБЗ гэх гурван хүнд хэн сайн үйлчлэх, тал засах тухай уралдаанаа зарлачихлаа. Уралдааны шагнал ажлын байранд чинь нь хэвээр үлдээнэ, эс дагавал чөлөөлнө шүү гэдэг айдсын хачиртай. Ер нь ҮАБЗ ямар байгууллага, юу хийдэг байсныг судлаад үзэхэд гэмгүй. Миний мэдэхийн 2012-2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед нэр бүхий нэг, хоёр сайд Засгийн газрын эрх мэдэл, чиг үүргийн ажил, шийдвэр гаргах эрх хэмжээний асуудлыг гадагш чирч, Засгийн газрын кабинетаас гадуур Ерөнхий сайдыг давуулж ҮАБЗ дээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёроор шийдүүлэх гэж оролддог байв. Тэр шийдвэрүүд нь том мөнгөн дүнтэй, Монгол Улсын эдийн засагт их жин дарах төсөл хөтөлбөрүүд байдаг байв. Нөгөө ҮАБЗ нь үндэсний аюулгүй байдлын чиглэлд ажиллахаас илүүтэй том мөнгөний араас хөөцөлддөг, шийдвэр гаргадаг механизм болж хувирсан. Тэгээд болоогүй ҮАБЗ-өөс шийдвэр гаргасан учраас “Та нар шийдвэрийг нь баталгаажуулах ёстой, үг дуугүй дагах ёстой” гэх ухааны юм яриад кабинетын нэг сайд Засгийн газраа шахдаг, дарамталдаг, Ерөнхий сайддаа тулгалт хийдэг болж хувирсан. Тийм туршлагатай нөхөд өнөөдөр тэнд үүрлэчихсэн томоохон хэрэг маргаануудыг ҮАБЗ-өөр хянан шийдвэрлэдэг эрхтэй болгохоор зүтгэж байна. Анхандаа ҮАБЗ дээр мөнгөтэй холбоотой шийдвэрүүдийг гаргах гэж оролдож байсан бол одоо том хэргүүдийг шийдвэрлэдэг болчих шиг боллоо.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2107702 линкээр орж унших боломжтой.
С.ЭРДЭНЭ: ТОМ МОДНООС ТАСАРСАН НАВЧ ГАНДДАГ БОЛОХООС УРГАДАГГҮЙ ЮМ
Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй намынх нь дотоод асуудлаар ярилцлаа.
АН-ын удирдлагад “цус сэлбэх” гэж тодотгож болох дотоод ротацийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа 14 хоног үргэлжилж өчигдөр дууслаа. Өнөөдрөөс нэгдсэн дүнгээ танилцуулах байх. Энэ жилийн эргэлтийн сонгуулийн онцлог нь юу байв?
-Ардчилсан нам ҮБХ-ны гишүүдийн эргэлт (ротаци)-ийн сонгуулийг сэргээснээс хойш гурав дахь жилдээ болж байна. Ротацийн сонгуулийн гол ач холбогдол болох аль ч шатны намын гишүүдэд улс төрийн карьераа өсгөх, намын тодорхой шатанд дэвшиж ажиллах, намын бодлогод оролцох зэрэг нөхцөлийг нээж өгдгөөрөө онцлогтой. Сүүлийн 8-9 жил үндсэндээ АН-ын ротацийн сонгуулийг зогсоож үүнээс улбаалж Үндэсний зөвлөлдөх хорооны 228 хүн дархлагдаж ямар ч халгаа сэлгээгүй явж ирсэн. Энэ нь эргээд намын шинэчлэл, намд шинэ хүн орж ирэх зэргийг хаасан гэж хэлж болно. Энэ жилийн ротацийн сонгууль 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөх жил болж байгаа гэдгээрээ онцлог, гишүүдийн оролцоо өндөр болж байна. Энэ утгаараа нэлээд өрсөлдөөнтэй болж байна. Мөн дотоод сонгуулийн үйл явц ямар ч маргаангүй явагдлаа.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2105517 линкээр үзэх боломжтой.
“ТАЛИЙГААЧИД ХУУЛИАР ОЛГОГДСОН ЭРХИЙГ НЬ ЭДЛҮҮЛЭЭГҮЙ”
-ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид амиа алдсан гавьяат хуульч Л.Бямбаа агсны хэргийг өмгөөлж буй “Өмгөөллийн төв” консалтингийн өмгөөлөгч Д.Баттулгатай дээрх хэргийн үйл явцын талаар ярилцлаа.
-Талийгаач шүүгч Л.Бямбаа агсны хэргийн шалгалтын явц ямар шатанд яваа вэ?
-Энэ хэрэгт гурван өмгөөлөгч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар талийгаач Л.Бямбаагийн хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан талаар мэдээлж байгаа. Дүгнэлт гарсан уу?
-Одоогоор ямар нэг байдлаар өмгөөлөгч нарт талийгаачийн задлан шинжилгээний дүгнэлтийг танилцуулсан зүйл байхгүй байна. Хэрэв дүгнэлт гарсан бол бидэнд мэдэгдэх ёстой. Гэвч одоогийн байдлаар мэдэгдээгүй байна. Мөн хохирогчийн ар гэрт мэдэгдээгүй байгаа. Хэнээс, хаанаас шүүхийн шинжээчийн дүгнэлт гарч тэр дүгнэлт нь гаднын нөлөөгүй гэж тайлбарлаад байгааг мэдэхгүй. Ер нь хуульч хүн өөрийнхөө харсан нотлох баримтад үндэслэж тайлбарладаг. Тэгэхээр одоогоор талийгаачийн задлан шинжилгээний хариу гарсан гэж хэлэхэд эрт байна. Бид энэ хэрэгтэй холбоотой хүсэлтүүдээ хуулийн байгууллагад тавьсан.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2106386 линкээр үзнэ үү.
Б.ДАШДОНДОГ: “THE HU” ХАМТЛАГИЙГ МОНГОЛД ТАНИУЛАХ ГЭЖ ЯАРААГҮЙ
Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондогтой ярилцлаа. Тэрбээр монголын рок поп урлагийн ертөнцөд цоо шинэ “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг “The HU” хамтлагийг 2018 онд үүсгэн байгуулаад буй. Дэлхийд Монгол өв соёл, үндэсний урлагаа сурталчилж байгаа тус хамтлагийн хоёр дуу цацагдсан даруйдаа гадаадын хөгжмийн ертөнцийг шуугиулж байна. Ингээд “The HU” хамтлагийн продюсерын яриаг хүргэе.
Та сайхан хаваржиж байна уу?
-Сайхан хаваржиж байна. Мэдээллийн News.mn сайтын уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе.
-Таныг тун завгүй явна гэж дууллаа. Энэ их ажлын хажуугаар ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа?
-Зүгээр дээ. Ойрд “The HU” хамтлагийн цомгийн ажил гээд завгүй ажиллалаа. Ер нь би хамтлагийнхаа уран бүтээл дээр төвлөрч ажиллаж байна даа.
-“The HU” хамтлагийг байгуулахад зургаа, долоон жилийн хугацаа зарцуулсан гэж сонссон. Энэ үнэн үү?
-Монголын урлагийн ертөнцөд “Хүннү рок” хэмээх цоо шинэ урсгалаар тоглодог анхны хамтлаг бол “The HU”. Миний хувьд хүннү рок урсгалын гол утга учир, тоглох арга барилыг олохын тулд судалгааны ажлыг бараг долоон жилийн өмнөөс эхэлсэн. Яагаад “Хүннү рок” урсгал гэж нэрлэх болсон бэ гэхээр манай өвөг дээдэс Хүннүгийн үеэс товшуур хөгжим тоглож байсан. Товшуур хөгжим нь хөгжиж явсаар морин хуур болсон байдаг. Энэ түүхэн хөгжлийнхөө явцад хөгжмийн дугаралт, хөглөж байсан байдлыг судлахаар кварт, квинт гэдэг хөгөн дээр үндэслэж, хөглөгддөг байсан түүхтэй. Энэ хоёр хөг нь одоо энэ дэлхийд тоглож буй рок урсгалын үндсэн хөг болж байгаа юм. Өвөг дээдэс маань эрт үеэс үндэсний хөгжмөөрөө рок хөг дуугаралттай тоглодог байжээ. Дээр нь хархираа хөөмий нь рок дуулалтын суурь элемент. Миний үзэж байгаагаар манай өвөг дээдэс рок урсгалыг үндэслэсэн байх магадлал маш өндөр байна. Тийм учраас “Хүннү рок” урсгалыг шинээр гаргаж ирэхээр шийдсэн юм.
Цаашдаа ч энэ судалгааны ажлаа илүү хөгжүүлж, үндсэн хэв шинжийг нь алдагдуулахгүй байхыг хичээх болно. Мэдээж ирээдүйд “Хүннү рок” урсгал улам хөгжинө. Хөгжлийн явцад нэлээдгүй цаг хугацааг шаардах байх. Гадна, дотногүй энэ урсгалаар тоглодог хамтлагийн тоо ч нэмэгдэнэ гэж харж байгаа. Гадны рок хөгжим сонирхогчид энэ урсгалаар тоглохыг хүсвэл монголын үндэсний хөгжим болон хархираа хөөмийг сурах хэрэгтэй болно шүү дээ.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2107073 линкээр үзнэ үү.
Б.САРАНТУЯА: АГИЙМАА НЭР МААНЬ ӨӨРИЙН НЭР ШИГ Л ДОТНО САНАГДДАГ
"Загийн алим" киноны Агиймаагийн дүрийг vзэгчид андахгvй. Монголын кино урлагт залуу насаа мөнхөлж, үзэгчдийн сэтгэлд хоногшсон дүр бүтээсэн эл бүсгүйг бид энэ удаагийн “Мартагдашгүй танил” буландаа урилаа. 1984 онд Улсын дээд шүүхэд ажиллаж байсан бүсгүй хэрхэн кино урлагт хөл тавьсан тухай сонирхолтой ярилцлагыг хүргэе.
Анхны “Загийн алим” уран сайхны кино маань 1984 оны долдугаар сард зураг авалт нь эхэлж, 1985 онд дэлгэцэнд гарсан юм. Тэр үед би 21 настай. Том охиноо төрүүлээд, ээж болчихсон байсан. Тэгээд мэргэжлээрээ Улсын дээд шүүхэд ажиллаж, оройгоор сурдаг байв. Манай гэр 19 дүгээр хороололд байсан.
Миний санахын 1984 оны гуравдугаар сард ажилдаа явахаар автобусны буудал дээр зогсож байтал сахалтай, майгадуу хөлтэй ах намайг сүрхүү хараад болдоггүй. Намайг Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн автобусны буудал дээр буутал дагаад л буучихлаа. Залуу байсан болохоор “Энэ ямар сонин хүн бэ” гэх ухааны юм бодоод л байлаа.
Тэгсэн намайг “Хүүе миний дүү” гээд дуудахаар нь би уурлаад “Та яагаад хүн дагаад байгаа юм бэ” гэхэд “Ах нь Монгол кино үйлдвэрт ажилладаг, найруулагч хүн байгаа юм. Туслах дүрийн жүжигчид хэрэгтэй байна. Чамайг автобусанд их сайн харлаа. Жүжигчин хэрэг болбол чамтай холбогдож болох уу” гээд ажлын үнэмлэхээ үзүүллээ. Тэр хүн маань кино найруулагч Аюуш ах байж билээ. Тэгэхэд нь би “Тэгж болно оо. Намайг Б.Сарантуяа гэдэг. Би Улсын дээд шүүхэд ажилладаг” гэж өөрийгөө танилцуулж байлаа.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2108140 линкээр орж үзнэ үү.
Холбоотой мэдээ