Ардчилсан нам Ерөнхийлөгчөөс авлагатай болохоос өглөггүй

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам Ерөнхийлөгчөөс авлагатай болохоос өглөггүй

Ардчилсан нам Ерөнхийлөгчөөс авлагатай болохоос өглөггүй

Өнгөрсөн нэг жил МАН-ыг хоёр хувааж, жаран тэрбумын гэх бичлэгээр дарамталж байгаад М.Энхболдыг унагааж авсан Ерөнхийлөгч Х.Баттулга санаачилсан хуулийг нь УИХ-аар хэлэлцэхийн өмнөхөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг гишүүдэд үзүүлж байгаад санасандаа хүрэв.

Хууль, зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын гишүүдэд үзүүлсэн “аймшгийн кино”-г МАН-ын ЖДҮчид ихэд айдастайгаар үзсэнийхээ дараа Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төслийг яаран баталсан юм. Ийнхүү хорин нэгэн жил яс нь амраагүй С.Зоригийн үхэл дахиад л хэн нэгний эрх мэдэлд хүрэх хэрэгсэл болж буй нь бас даанч харамсмаар.

Гэвч бичлэгээс илүү нийгэмд төрсөн айдас, хүйдэс нь нэг хүний дарангуйлал тогтох вий гэсэн болгоомжлол. Үнэндээ, өнгөрсөн өдрүүдийн улс төрийг харахад хэн хүнгүй л Монголоос зугтмаар, авторитари дэглэм тогтоож мэдэх айдас төрж эхэлснийг нуугаад яахав.

Эрүүдэн шүүсэн, гэмт хэрэгтнүүдтэй ёс бус харилцсан бол эрүүдэн шүүсэн, ёс бус харилцсан хуулийнхантай хатуу хариуцлага тооцох нь  зөв. Гэмт хэрэгтэнд ч гэсэн хүний эрх байдаг. Гэхдээ жоомоо алах гээд гэрээ шатааж болохгүй. Энэ нь хэн нэгэн эрх мэдлээ дархлах гээд Үндсэн хууль, Үндсэн хуулиар хамгаалагдсан хууль, шүүхийн эрх мэдэлд шууд халдаж болох гэсэн үг.

Алхам алхмаар авторитари дэглэм рүү ойртож, нэг хүний гарт хууль батлах, хууль хэрэгжүүлэх, бодлого боловсруулах хийгээд хүнийг мөрддөг, шалгадаг, ялладаг, шүүдэг бүхэн төвлөрч байна. Энэ бол Монголын ардчиллын аранга юм.

МАН-ын албан бус дарга болсон Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ыг "өмчлөх"-ийн тулд Н.Алтанхуягт С.Эрдэнийг унагаах албан томилолт өвөртлүүлээд явуулжээ. Үндсэндээ Ерөнхийлөгч Х.Баттулга албан ёсоор Монголын хаан болоход Ардчилсан нам саад болжээ дээ.

Эхлээд Ж.Эрдэнэбатын засаг, дараа нь М.Энхболд, удаах нь УДШ-ийн Ерөнхий шүүгч асан Ц.Зориг, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан. Ээлж дараагүй нумаа эвшээлгэж сум тавьж буй Ерөнхийлөгч энэ удаад С.Эрдэнэ болоод Ардчилсан намыг онилж. Одоо ардчиллыг хамгаалж, Ардчилсан намыг дэмжсэн болгоны бичлэгийг дэлгэх биз. Ард түмэн ч пий, паа болно. Тэгээд л Ардчилсан намыг “хувьдаа” авах нь гарцаагүй.  Энэ бол Монголын Ерөнхийлөгчийн мэргэжлийн, мэргэшсэн ажил нь. 2021 оны сонгууль, холын шуналыг нь тооцсон ч Х.Баттулга өөрийн мануухайгаа АН-д аваачиж тавихыг бодож суугаа.

Х.Баттулга, З.Энхболд хоёрын тооцсоноор Я.Санжмятавыг АН-ын дарга болгоход нь НY.Алтанхуяг тусална. УИХ-ын 2020 оны өмнө ЖДҮ-гийн хэрэгт нэр холбогдсон гишүүдийг Ерөнхийлөгчийн тавьсан хууль шүүхийнхэн намнана. Тэгээд Ардын нам улс төрийн тавцангаас У.Хүрэлсүхтэйгээ хамт арчигдана. Урьдаас төлөвлөсөн сценарийн дагуу З.Энхболд Ерөнхий сайд болж, УИХ-ын дарга гэх “утсан хүүхэлдэй” нь Я.Санжмятав болно. 2021 онд АН-аас Х.Баттулга дахин Ерөнхийлөгчид нэр дэвшинэ. Ингээд Үндсэн хуульд жинхнээс нь өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн засаглалд шилжинэ. Иймэрхүү л төлөвлөгөөтэйгөөр С.Эрдэнийг унагаах улс төр аль хэдийнэ эхэлснийг Н.Алтанхуяг өргөдлөө өгсөн өдрөөс тооцож болно.

С.Эрдэнийгээ Я.Санжмятаваараа солих, сонгох эсэх нь Ардчилсан намын гишүүдийн шийдэх асуудал. Ардчиллыг хамгаалахыг хүсвэл АН-ынхан даргаа хамгаалж үлдэх биз.

Гэхдээ "Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ" гэгчээр Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр АН-ыг болоод Монголын ардчиллыг нулимж болохгүй. Учир нь, түүнийг “Эрэл”-ийн намаас тосч, торниулж, өсгөж өндийлгөсөн нь Ардчилсан нам. Үнийг Х.Баттулга үгүйсгэх гээд ч чадахгүй.

Ардчилсан намыг 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдуулж "гай" болсон, Ардын намын ЖДҮчдыг гаргаж ирэхэд “гавъяа” тарьсан хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга. “Сайн ах”, “Мүүн”, “Оффшор” гэх драмаар массын тархийг угааж талбай дээр Ардчилсан намыг сонгож болохгүй гэж хамгаас чанга хашгирч байсан нь хэн билээ. Гэсэн ч АН түүнийг дэмжиж, Ерөнхийлөгч болгосон. Х.Баттулгыг биш ардчиллыг дэмжсэн хүмүүс түүнд саналаа өгсөн  600 мянганы хүний хэд нь байсан бол! Ардчиллын үр шимийг хамгийн их хүртэж, өнгөтэй өөдтэй болгоныг нь хувьчилж авсны хувьд Ерөнхийлөгч  Х.Баттулгаас Ардчилсан нам авлагатай болохоос өглөгтэй биш ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
32
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж