Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх нартай холбоотой хэргийг энэ сарын 15-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн прокурорын байгууллага руу хоёр дахь удаагаа шилжүүлээд байсан. Гэвч дээрх хэргийг Нийслэлийн прокурор хянан хэлэлцээд дахин мөрдөн байцаалтад буцаалаа. Иймээс АТГ дахин Л.Гансүхтэй холбоотой хэргийг дахин шалгах юм.
Өмнө нь энэ хэргийг АТГ-аас тусгаарлан шалгаж байгаад прокурорт шилжүүлсэн ч мөрдөн байцаалт дутуу байна гэх шалтгаанаар буцаагаад байсан. Өөрөөр хэлбэл, Л.Гансүхийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 24-ны өдрөөс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж энэ хэрэгт 10 хүнийг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байгаад зургаан хүнд цагдан хорих арга хэмжээ авч гурван хүнийх нь таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж байсан юм. Товчхондоо дээрх зургаан хүний гурвыг нь цагдан хорьсон.
Хэргийг дахин сануулвал өнгөрсөн оны долдугаар сарын эхээр АТГ, “Үндэсний аудитын газрын урьдчилсан дүгнэлтээр Л.Гансүх 3.6 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй” гэх мэдэгдлийг хийсэн. Улмаар АТГ-аас Л.Гансүхийг эрх, мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж нүүрс хөтөлбөрийн хөрөнгөөс 3.6 тэрбум төгрөг хувьдаа завшсан гэх хэрэгт буруутган Цагдан хорих 461 дүгээр ангид гурван сар саатуулаад байсан. Тэрээр хорих ангид сар гаруйн хугацаанд өлсгөлөн зарлаж, өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдөр батлан даалтад гарсан юм.
Д.УЛАМБАЯР