БНХАУ-ын хилээс 160 км зайд Япон болон Филиппиний арлуудын тэхий дунд орших Номхон далайн усаар хүрээлэгдэн орших навчин хэлбэртэй арлыг Тайванийн арал гэдэг. Арлын талбайн хэмжээ 36 мянга хавтгай дөрвөлжин км, арлын урт хойноосоо урагш хүртэл 394 км, өргөөшөө 114 км. Байгаль цаг уурын хувьд хойд хэсэгтээ субтропик, өмнөд хэсэгтээ трипик буюу халуун орны уур амьсгалтай. Арлын зүүн хэсэг хойноосоо урагш нэлэнхүйдээ уулархаг бүс зонхилох бөгөөд уулын өндөр хэсэгт мөнх цаст оройтой.
2017 оны байдлаар арлын хүн ам 23.57 сая, үүний гурван сая нь Тайпэйд оршин суудаг. Арлын уугуул хүн ам буюу абориген нь одоо нийт хүн амын хоёр хувийг эзэлдэг. XII зууны үеэс эх газраас хятад үндэстэн аралд ирж суурьшсан нь өнөөгийн Тайван арлын үндсэн хүн ам юм.
АЛДАРТ "ТАЙПЭЙ-101”
Тайванийн арлын өнөө цагийн гол бэлгэдэл нь Тайпэй хотын төвд сүндэрлэх 101 давхар цамхаг юм. Дэлхийн хамгийн өндөр байшинд тооцогддог “Тайпэй-101” цамхгийн өндөр нь 508 метр. Дэлхийд нэртэй архитекторч Ли-гийн уран бүтээл болох “Тайпэй-101” гаднах байдал хулс модны бүтцийг санагдуулам. Азийн орнуудын хувьд наймын тоо нь өсөн дэвжихийг бэлгэддэг учраас “Тайпей-101” нь найман үе бүхий хулс мэт харагддаг. Цамхгийн 26 дахь давхарт эртний зоосны дүрсийг дөрвөн талд нь суулгаж өгсөн нь мөн л эд хөрөнгө арвижин дэвжихийг бэлгэдсэн аж.
Энэ цамхгийн нэг гайхамшиг нь өндөр байшингийн хүндийн тэнцвэрийг барих зорилго бүхий 800 тонн жинтэй 5.5 метр бүхий диаметртэй бөмбөлөг юм. 4 сая ам.долларын өртгөөр бүтээгдсэн энэ бөмбөлгийг дэлхийн архитектурын түүхэнд анх удаа хүний нүдэнд харагдахаар ил өлгөсөн тохиолдол аж. Газар хөдлөлт, хүчтэй далайн шуурга зэрэг байгалийн гамшгийн үед цамхгийг тэнцвэртэй барьж байх зорилготой бөмбөлгийг цамхгийн гол хэсэгт өлгөсөн байдаг бөгөөд цамхгийн 88, 89-ийн давхраас харж болно.
Цамхгийн 89 давхраас Тайпэй хотын дүр зургийг харах гэсэн гадна дотнын хүмүүсийн хөл тасардаггүй. 89 давхар луу цахилгаан шатаар гарахад ердөө 35 секунд зарцуулсан. Зүрх муутай хүмүүст ингэж азаа туршихгүй байхыг сануулахаа мартахгүй байна лээ, тэндхийн хамгаалагчид.
Дэлхийд өндөрт тооцогддог АНУ-ын Чикагогийн цамхаг 462 метр, Малайзын Куала Лумпурын хос цамхаг 451 метр гэдгийг энэ дашрамд хэлье.
ҮНДЭСНИЙ ТҮХИЙН МУЗЕЙ
Тайванийн аралд жуулчлан ирэгсдийн зайлшгүй очдог өөр нэг газар нь Үндэсний түүхийн музей юм. Францын Лувртай эн дүйцэхүйц хэмжээнд яригдах үзмэр бүхий энэ музейгээс та дэлхийн хятад хүмүүсийн түүхийг, тэдний оюун ухаанаар бүтсэн хосгүй үнэт эдлэлүүдийг харна. Ялангуяа Хятадын эртний хаадын эдэлж хэрэглэж байсан чамин тансаг хаш, шүрээр урласан эдлэлүүд, уран зургууд, шаазан эдлэлийг харна. Үүнээс гадна эртний Хятадын ханз үсгүүдээр өгүүлсэн олон үзмэр бий.
Музейн үзмэрийн тоог 700 мянга гэдэг бөгөөд үүнээс 15000 орчим нь хүмүүсийн нүдийг хужирлаж байдаг нь музейн зай талбайн багтаамжаас шалтгаалдаг аж. Тиймээс музейн ховор нандин үзмэрийг аль болох олон хүнд хүргэх үүднээс гурван сар тутам үзмэрээ сольдог бөгөөд жилдээ 60000 орчим үзмэр ил тавигддаг. Музейн бүх үзмэрийг үзье гэсэн хүн 12 жил улирал тутам музейд зочлох шаардлагатай болно гэсэн үг. Музейн хамгийн урт настай үзмэр нь 500 жилийн настай.
Д.НАРАНТУЯА
Холбоотой мэдээ