Шилдэг зохион бичлэгийн эзнийг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхээр шагнав

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

Шилдэг зохион бичлэгийн эзнийг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхээр шагнав

Шилдэг зохион бичлэгийн эзнийг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхээр шагнав

“Халхын голын байлдааны ач холбогдол” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн Монгол гуравдугаар сургуулийн 12В ангийн сурагч н.Баасансүрэн ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцахаар болов. Орос хэл дээрх уг зохион бичлэгийн уралдааныг МОНЦАМЭ агентлагийн "Новости Монголии" сониноос ОХУ-ын Элчин сайдын яам болон Соёл шинжлэх ухааны төвтэй хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд өнөөдөр тэргүүн байр эзэлсэн сурагчдад шагналыг гардуулсан юм.

Уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн /11-12 дугаар/ сурагчдын дунд зохион байгуулсан бөгөөд нийт 50 гаруй зохион бичлэг иржээ. Энэ жилийн хувьд хөдөө орон нутгаас Эрдэнэт, Баян-Өлгий, Ховд, Хэнтий, Өмнөговь, Дорнод аймгийн сурагчид маш их оролцсон аж. Шүүгчдийн бүрэлдэхүүнийг таван хүнтэй зохион байгуулжээ. Тэд хүүхдүүдийн бүтээлтэй танилцахад интернетээс хуулсан үгүй нь андашгүй байсан ч ихэнх нь Халх голын дайнд оролцсон  өвөө, ах дүүсийнхээ маш сонин, ховор түүхийг бичсэн байсан нь  анхаарал татсан аж.

Уралдааныг зохион байгуулагчид энэ жил “Халх голын байлдааны ач холбогдол” сэдвийг хоёр улсын харилцааны чухал түүхэн үйл явдал учраас сонгох болжээ. Тиймээс хүүхдүүдийн бүтээлээс түүхэнд тэмдэглэгдсэн энэ үйл явдлыг хэрхэн хүлээж авдаг бас ямар  байдлаа илэрхийлж байгааг харах үүднээс агуулгыг нь илүүд онцлон харжээ.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Лиштованный Евгений Иванович: 

-Жил бүр зохион байгуулдаг энэхүү зохион бичлэгийн уралдаанд оролцож байгаа хүүхдүүд зөвхөн орос хэл сурах биш хоёр улсын харилцаанд суралцаж байдагт илүү ач холбогдолтой. Уралдаанд оролцсон хүүхдүүдийн хувьд түүхээ судалсан нь харагдаж байсан. Шилдэг зохион бичлэгийн эзэн ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийг авч байгаа нь цаашдын ирээдүйд маш том боломж олгож буй юм. Энэ жил тэргүүн байр авч чадаагүй ч ирэх жил шилдэгт багтах хүүхдүүдэд ч бас боломж байгаа гэдгийг хэлье” гэлээ.

Өнгөрсөн жилийн хувьд энэхүү зохион бичлэгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн сурагчдад өндөр хэмжээний мөнгөн шагнал олгож байсан бол энэ жил шилдэг бүтээлийн эзнийг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах эрхийг олгож байгааг шүүгчид онцолж байна.

"Монцамэ" агентлагийн Орлогч дарга Ш.Батболд “Бид 2018 оноос зохиолчид, уншигчдынхаа эргэх холбоог сайжруулах зорилгоор сонинуудын нэрэмжит зохион бичлэгийн уралдаан зарлаж эхэлсэн. Энэ нь тухайн хэлээр суралцаж байгаа сурагчдын дунд зохион байгуулдаг уралдаан юм. Өнөөдөр "Новости Монголии" сонины нэрэмжит шагнал гардуулах ёслол болж байна. Энэ жилийн зохион бичлэгийн уралдааны гол онцлог нь тэргүүн байрт шалгарсан ахлах ангийн сурагч ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгтэй суралцах эрхийг олгож байгаагаараа онцлогтой” гэлээ.

Зохион бичлэгийн уралдаанаас нэгдүгээр байр эзэлсэн Монгол гуравдугаар сургуулийн 12В ангийн сурагч Баасансүрэнгийн өвөө нь Халх голын дайнд оролцож байжээ. Түүнийг мэдээ орох цагаас нь эмээ өвөө нь энэхүү дайны тухай түүхийг ярьж өгдөг байсан нь эх түүхээрээ бахархах, судлахад хүргэжээ.

Тэрбээр “Өвөө маань Халх голын дайнд оролцож байсан ч ямар нэгэн гэмтэл аваагүй гэртээ эргэж ирсэн байдаг. Намайг бага байхаас минь л өвөө, ээж минь энэ дайны тухай түүх, баатарлаг хүмүүсийн тухай үлгэр домог тууль ярьж өгдөг байсан. Тиймээс дайны сэдэв, эх түүхээ судлах дуртай болохоор зохион бичлэгийн сэдэв надаас тийм ч хол санагдаагүй.

Бид өвөг дээдсийнхээ ачаар өнөөдөр дайн дажингүй амар тайван нийгэмд амьдарч байна. Мэдээж тэтгэлгийг авсандаа маш их баяртай байгаа. Би зургаан настайгаасаа Орос хэл сурч, багш нарынхаа ачаар ОХУ-ын соёлын тухай мэдэж авсан болохоор тус улсад суралцахад бэрхшээл гарахгүй байх” гэлээ.

МОНЦАМЭ агентлагийн  Мэдээллийн төвд болсон уг шагнал гардуулах ёслолд ОХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх, Оросын соёл, шинжлэх ухааны төвийн удирдлагууд оролцсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж