2019 оны 3 дугаар сарын 27-29-нд Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн 6 дугаар чуулга уулзалт Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо “Иргэдийг чадавхжуулах, тэдгээрийн оролцоо болон тэгш байдлыг хангах” сэдвээр болж өнгөрөв. Жил бүр зохион байгуулагддаг тус чуулга уулзалтаар бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчид “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн хүрээнд чанартай боловсролыг дэмжих (зорилт 4), зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих (зорилт 8), тэгш бус байдлыг бууруулах (зорилт 10), уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах (зорилт 13), энх тайван, шударга ёсыг цогцлоох (зорилт 16), хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх (зорилт 17) зэрэг зорилтоор хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, санал бодлоо солилцов. Чуулга уулзалтын үр дүнг 2019 оны 7 дугаар сард Нью-Йорк хотноо болох Тогтвортой хөгжлийн асуудлаарх өндөр түвшний улс төрийн чуулга уулзалтын үеэр танилцуулах юм.
Тус чуулга уулзалтад Монгол Улсын Сангийн дэд сайд Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Чуулга уулзалтын үеэр Монголын төлөөлөгчдийн тэргүүн “Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөрийн хэрэгжилтийн бүс нутгийн хэтийн төлөв” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнүүдийг танилцуулав. Манай улс 2019 оны 7 дугаар сард Нью-Йорк хотноо болох Тогтвортой хөгжлийн асуудлаарх өндөр түвшний улс төрийн чуулга уулзалтын үеэр Тогтвортой хөгжлийн зорилтуудын үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулахаар бэлтгэж байгаатай холбогдуулан дэд сайд Х.Булгантуяа Монголын туршлагаас чуулга уулзалтын төлөөлөгчидтэй хуваалцав. Түүнчлэн тэрээр Тогтвортой хөгжлийн 10 дугаар зорилтын хэрэгжилтийг хангах асуудлаар болсон дугуй ширээний уулзалтын илтгэгчээр ажиллав.
Чуулга уулзалтын явцад Сангийн дэд сайд Х.Бултантуяа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Салсиа Алижабанатай уулзаж, Монгол-АНДЭЗНК-ын хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ