Цалингаа нэмүүлсэн багш нар илүү цагийн мөнгөө нэхэж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

Цалингаа нэмүүлсэн багш нар илүү цагийн мөнгөө нэхэж байна

Цалингаа нэмүүлсэн багш нар илүү цагийн мөнгөө нэхэж байна

 “Цэцэрлэгийн багш нар долоо хоногт 40 цаг ажиллах ёстой байсан бол амьдрал дээр 50 цаг буюу 10 цагаар илүү ажиллаж байна. Миний хувьд 2019 оны өмнө 550 мянган төгрөгийн цалин авдаг байсан. Оны дараа 820 орчим мянган төгрөгийн цалин авдаг болж, шатлалыг нь нэг шатаар ахиулсан. Гэтэл өнөөдөр сард цалин нэмсэн гээд илүү цаг ажилласан мөнгө олгохгүй байна. Миний хувьд сард илүү цагаар ажилласан 225 мянган төгрөгийг авч чадахгүй хохирч байна” гэж Баянгол дүүргийн 95 дугаар цэцэрлэгийн багш Б.Батхуяг ярилаа.

Энэ мэт хийсэн ажлынхаа хөлсийг бүрэн авч чадахгүй байгаа багш нар өнөөдөр /2019.03.29/ Монголын үйлдвэрчний эвлэлийн байранд хэвлэлийн бага хурал хийлээ.


Ж.БАТЗОРИГ: ЦАЛИНГААС НЬ ИЛҮҮ ЦАГИЙН 300 ОРЧИМ МЯНГАН ТӨГРӨГ ХАССАН

Энэ үеэр Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг ярихдаа “Боловсролын салбарт ажиллаж буй мэргэжилтэнүүд ажлын онцлогоосоо шалтгаалан илүү цагаар ажилладаг. Энэ хөлсийг нь Засгийн газрын 382 дугаар тогтоолоор хязгаарлаад байна. Жишээлбэл, ердийн цэцэрлэгийн багш нар өдөрт 10 цаг ажиллах ёстой байдаг. Цэцэрлэгийн багш нар илүү цагаар ажиллах зайлшгүй шаардлага гардаг.

Өнөөдөр багш нарын илүү цагийн 300 орчим мянган төгрөг цалингаас нь хасагдаж байна. Засгийн газар яаралтай үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай зөвшилцөж, өөрчлөлт оруулах шаардлага байна. Багш нарын хувьд Засгийн газраас цалин нэмсэн болдог ч буцаад нэмэгдэл урамшуулал, илүү цагийн мөнгийг нь хасчихдаг. Ингэхээр эргээд гар дээрээ бага цалингаа авч байна” гэв.

Н.ОЮУНДЭЛГЭР:ЦАЛИН НЭМСНЭЭСЭЭ ИЛҮҮ МӨНГӨ ХАСААД БАЙНА

Нийслэлийн 97 дугаар сургуулийн багш Н.Оюундэлгэр өөрийн авдаг цалингийн талаар хэлэхдээ “Багш нарын цалин 2019 он гараад тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Тэрийг бид үгүйсгэхгүй. Би гэхэд сард 608 мянган төгрөг авдаг байсан бол 787107 төгрөгийн цалин авдаг болсон. Ерөнхий боловсролын сургуулийн багш нар бүгдээрээ илүү цагаар ажиллаад, хөлс авдаг уу гэвэл тийм биш. Яагаад илүү цаг гардаг вэ гэвэл тусгайлсан мэргэжлийн багшийн орон тоо дутагдсан үед, эсвэл багш өвдөх, амралт авснаас болж илүү цаг ажиллах шаардлагатай болдог.

Өнгөрөгч нэг, хоёрдугаар сард сурагчдын амралт таарсан учраас энэ асуудал харьцангуй маргаан багатай байсан. Харин гуравдугаар сард багш нар бүтэн багшилсан учраас ийм асуудал гарч байна. Мөн багш нараас гадна сургууль, цэцэрлэгийн ажилтнуудын илүү цагаар ажиллах тохиолдол их гардаг. Өнөөдөр бидний цалин нэмснээсээ илүү мөнгө хасаад байна” гэж хэллээ.

Д.САРАНЦЭЦЭГ: ӨНГӨРСӨН САРД ОЛГОСОН ИЛҮҮ ЦАГИЙН МӨНГИЙГ БУЦААН ТАТСАН

Харин Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Саранцэцэг мэдээлэл өгөхдөө “Засгийн газрын 382 дугаар тогтоолтой холбоотойгоор бид сар гаруй хугацаанд хөөцөлдсөн. Энэ хугацаанд өөрчлөлт хийхээр явж байхад төрийн байгууллагуудын уялдаа холбоо маш муу байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард Баянгол дүүргийн дөрвөн цэцэрлэг л илүү цагийн мөнгийг хасч олгож эхэлсэн. Гэтэл хоёрдугаар сараас эхлэн Баянгол дүүрэг бүхэлдээ бас Чингэлтэй дүүрэг нэмэгдсэн. Энэ сараас Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргээс бусад сургууль, цэцэрлэг илүү цагийн мөнгийг хассан. Илүү цагийн мөнгийг хасахдаа бүр өмнөх сард олгосон илүү цагийн мөнгийг буцаан татаж эхэлсэн.

Өнөөдөр Төрийн сангийнхан ажлаа хийж мэдэхгүй байна. Учир нь хүн хийсэн ажлынхаа цалинг хаана ч очоод авах ёстой. Буцаан таталт хийж байгаа нь хүний эрхэнд шууд халдаж байна. Засгийн газрын 382 дугаар тогтоолын нэгдүгээрт “Илүү цагаар ажилласан тохиолдолд нөхөн амруулаагүй бол илүү цагийн хөлс өгнө” гэж заасан байгаа. Гэтэл хийсэн ажлын хөлсийг нь буцаан татна гэдэг хууль зөрчиж байгаа” тухай ярив.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж