ОХУ Киргиз дэх цэргийн баазаа өргөжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

 ОХУ Киргиз дэх цэргийн баазаа өргөжүүлнэ

 ОХУ Киргиз дэх цэргийн баазаа өргөжүүлнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2019.03.28/ Киргизстан улсад хийсэн нэг өдрийн айлчлалынхаа хүрээнд тус улс дахь өөрийн цэргийн баазын эзэмшил газрыг 60 га талбайгаар нэмэгдүүлэхээр тохиролцсон байна. Үүний төлөөсөнд Киргизийн Кант хот дахь агаарын баазын газрын түрээсэнд жил бүр 4,5 сая ам.доллар төлдөг байсныг 4,79 сая болгон нэмэгдүүлэхээр болжээ.  Киргизийн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Раимберди Дуйшенбаевын мэдэгдсэнээр ОХУ-аас орж ирэх түрээсийн хөрөнгөөр Кант дахь цэргийн нисэх онгоцны буудлыг шинэчлэх ажил хийгдэнэ гэв. Кант дахь агаарын баазыг 2003 онд Армени, Киргизстан, Беларус, Казахстан, Тажикистан улсууд тай байгуулсан Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагын /CSTO/үйл ажиллагааны хүрээнд байгуулж байсан аж.

Гэхдээ энэхүү гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө хоёр тал соёрхон батлах шаардлагатай юм байна. Энэхүү айлчлалын үеэр нийт $12 тэрбумын дүнтэй хамтын ажиллагааны 65 гэрээ хэлэлцээрийг батлахаар тохиролцжээ. Киргизийн Ерөнхийлөгч Жээнбеков түүнд Орёл үүлдрийн морь, Тайган үүлдрийн нохой бэлэглэсэн байна. Путин өчигдөр /2019.03.28/ Бишкек хот дахь Зөвлөлтийн цэргийн хөшөөнд цэцэг өргөснөөр айлчлал өндөрлөжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн сард мөн Киргизэд айлчилсан бөгөөд энэ үеэрээ ОХУ хоёр дахь цэргийн баазаа нээх сонирхолтой байгаагаа Бишкекийн эрх баригчдад илэрхийлсэн байна. Киргиз улс ч энэ саналд нааштай хариу өгсөн аж.

ОХУ Киргизэд хоёр дахь цэргийн баазаа байгуулах яриа хэдэн сарын өмнөөс хоёр улсын иргэдийн дунд яригдах болсон байна. Үүнээс улбаалан ОХУ-ын Ерөнхийлөгчийг Киргизэд айлчлахын өмнөх өдөр Киргиз дэх ОХУ-ын Элчин сайдын яамны үүдэнд Нурлан Каримшаков гэх эр эхнэртэйгээ хамт суулт хийж, “Путин бол түрэмгийлэгч, алуурчин, эзлэн түрэмгийлэгч” гэх зэргээр хашхиран эсэргүүцлээ илэрхийлж байсныг Киргизийн цагдаа нар баривчилжээ.

Киргизистанд Иссык-Куль нуурын эрэгт тэнгисийн цэргийн бааз, өмнөд бүсийн Майлуу-Суу хотод газар хөдлөлт судлалын төв, Киргиз-Казахын хилийн Чалдыбар хотод харилцаа холбооны төв гэх мэт Оросын цэргийн хэд хэдэн байгууламж бий ба 2012 онд эдгээр бүх байгууламжуудыг “Оросын нэгдсэн цэргийн бааз” гэсэн нэрэн дор нэгтгэсэн юм.

Эх сурвалж: RADIO FREE EUROPE

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж