Ерөнхийлөгчийн дараагийн "бай" АТГ-ын удирдлага

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн дараагийн "бай" АТГ-ын удирдлага

Ерөнхийлөгчийн дараагийн "бай" АТГ-ын удирдлага

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр хоёр ч зарлиг гаргаж, прокурорын байгууллагын зарим удирдлага болон Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Ингэхдээ Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн бол Улсын ерөнхий прокурор, прокурорын орлогч нарыг албан тушаалаас нь огцруулахаар зарлигдав. Харин Улсын ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар түр орлогчоор үлдэв.

УИХ-аас хууль батлаад ердөө нэг л хоногийн дараа Ерөнхийлөгч зарлигаа гаргав. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч өмнө нь прокурорын орлогч, АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлээд байсан нэр дэвшигчийнхээ нэрийг эргүүлэн татах шийдвэр гаргасан юм. Тодруулбал, Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь  АТГ-ын даргад Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар Жанжаагийн Батсайхан нарыг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлээд байсан юм. Мөн Ерөнхий прокурорын нэг орлогчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан түүний оронд  А.Цэрэнсодномыг томилуулах саналаа УИХ-д хүргүүлээд байв.

Эдгээрийг ээлжит бус чуулганы хугацаанд хэлэлцэх саналаа хүргүүлсэн боловч улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн дагуу дээрх албан тушаалтнуудыг чөлөөлдөг байх хуулийн төсөл УИХ-д өргөн барьсныг өчигдөр баталсан билээ. Гэвч Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч А.Цэрэнсодном нь бусдыг шантаажилсан, авлига нэхсэн гэх утга бүхий бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан учраас түүнийг томилуулах саналаа эгүүлэн татсан.

Харин АТГ-ын дарга, дэд дарга нарыг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэж үзэж, чөлөөлөх саналыг хүргүүлсэн бөгөөд тэдний оронд томилох хүмүүсийг санал асуулгаар тодруулж, хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчийг АТГ-ын дарга, дэд даргад томилуулах саналаа УИХ-д хүргүүлээд байсан юм. Гэвч УИХ-ын баталсан ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу дээрх байгууллагын удирдлагыг чөлөөлөх боломжтой болсон учраас ийнхүү УИХ-д хүргүүлсэн саналуудаа эргүүлэн татсан байна.

 АТГ-ЫН ДАРААГИЙН ДАРГЫН НЭРИЙГ УИХ-Д ДЭВШҮҮЛНЭ

Ерөнхийлөгч өнөөдөр АТГ-ын удирдлагын талаар ямар нэг шийдвэр гаргаагүй, гаргах ч боломжгүй. АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацааг дуусгавар болсон гэдгийг Ерөнхийлөгч удаа дараа хэлж, хүнээ томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн. Гэвч өмнө нь яригдаж байсанчлан нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас нэр дэвшүүлсэн хоёр хүнээ эргүүлэн татах шийдвэр гаргасан, дараагийн даргын нэрийг шууд УИХ-д хүргүүлэх болов уу.

Улс төрийн хөшигний ард АТГ-ын даргад хурандаа Б.Ууганбаяр, тэргүүн дэд комиссар Ж.Ганбаатар, ЦЕГ-ын дэд дарга З.Дашдаваа нарын нэрс хамгийн хүчтэй яригдаж буй юм.

Улсын ерөнхий прокурорын орлогчид Ш.Эрдэнэбилэг яригдаж байсан. Гэвч одоо Ерөнхий прокурорыг томилох асуудал орж ирж байгаа учраас дээрх нэр өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр хуулийн байгууллагын чухал зургаан томилгоо энэ өдрүүдэд улс төрийн хүрээнд яригдах, өрнөх халуун сэдэв байх болов уу.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж